Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/586

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01628 0181 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Ч.С, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Олимпын 4-56 тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 7 сарын хорих ялаар,  

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.С нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын *** тоотод оршин суух хохирогч Д.Н-ийн монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт болон сувгийн төхөөрөмжийг хулгайлан 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б овгийн Ч.С нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын ** тоотод оршин суух хохирогч Д.Н-ийн монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт болон сувгийн төхөөрөмжийг хулгайлан 330,000 төгрөгийн хохирол учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-13 дахь тал), хохирогч Д.Н-ийн: “..2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөө гэр бүлийн хамт гэрээсээ гараад Хандгайт орж хоноод 25-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд манай монгол гэрийн цоожийг эвдэн 32 инчийн зурагт, 16 сувгийн төхөөрөмж алдагдсан байсан...Манай найзын нөхөр С зурагт аваад явсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-13 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 24-26 дах тал), 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 27 дахь тал), 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний “32 инчийн зурагт-290,000 төгрөг, 16 сувгийн төхөөрөмж 40,000 төгрөг, нийт 330,000 төгрөг” гэсэн тайлан (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эхнэр бид хоёр Н-ийн гэрт очиж хамт архи ууж хоносон. Маргааш нь үргэлжлүүлэн архи уух гэхэд мөнгөгүй байсан болохоор өдөр 11 цагийн үед ганцаараа Н-ийн гэрт очиход хүнгүй, цоожтой байсан. Тэгэхээр нь цоожийг нь эвдэж ороод 32 инчийн зурагт, хүлээн авагчийн хамт аваад ломбардад тавих гэж яваад цагдаад баригдсан...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй. Эд зүйлийг буцааж өгсөн, зурагтыг ломбардад тавих гэж яваад баригдсан. Энэ хэргийг хэрэг бүртгэлтийн шатанд байхад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн...” гэсэн болно.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.С-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлс болох 32 инчийн зурагтыг 290,000 төгрөг, 16 сувгийн төхөөрөмжийг 40,000 төгрөг, нийт 330,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 330,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Ч.С нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Д.Н-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэлж орсон байгаа нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Ч.С-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.С-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Н нь эд зүйлсээ эргүүлэн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэх үед шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.С-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн шүүхээр шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулах хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоох, шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулах тооцуулах саналтай байна. Хохирол төлбөр төлөгдсөн тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй,...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийн хувьд үйлдэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа, бусдад төлөх төлбөргүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд орно. Иймд шүүхээс энэ үйлдэлд нь 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

 

Шүүгдэгч Ч.Ст эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд, ялтныг шилжүүлэн авч ирж, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 64-72, 86 дахь тал), ялын тооцоо (хавтаст хэргийн 93 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), 2012-2013 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн урьд 3 удаагийн ял шийтгэлтэй (одоо Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа), үл хөдлөх хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй талаарх хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.С-т 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн одоо ял эдэлж байгаа хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Ч.С-т энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил, 5 (тав) сар, 27 (хорин долоо) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 (гурав) жил 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.С нь энэ хэрэгт нийт 52 (тавин хоёр) хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцлоо.

2.3.      Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Ч.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.С-т 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-т энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил, 5 (тав) сар, 27 (хорин долоо) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 (гурав) жил 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-т оногдуулсан 3 (гурав) жил 5 (тав) сар 27 (хорин долоо) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-ын цагдан хоригдсон 52 (тавин хоёр) хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА