Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2018/00107

 

    2018 оны 03 сарын 06 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00107

                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт оршин суух, ПЗ60031015 дугаарын регистртэй, Зуутраг овогт Цэдэн-Ишийн Баттулгын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Баттулга нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1976 оноос 1978 оны хооронд малчнаар ажиллаж байгаад 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Үнээт компанид малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр дутуу бичсний улмаас хохироход хүрээд байна. Иймд Ц.Баттулга намайг 1976 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Үнээт компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Баттулга нь 1976 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Баттулга нь 1976 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

-Хүсэлт гаргагч Ц.Баттулгын 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Хүсэлт гаргагчийн 1982 оны сар шинийн баяраар авахуулсан гэх тайлбартай гэрэл зураг,

-Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/11 дугаар албан бичиг,

Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Хүсэлт гаргагчид 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдөр аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон баярын бичиг,

-Хүсэлт гаргагчийн цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Гэрч Г.Цэдэнбалын ....Би 1952 онд төрсөн. 1960 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1964 онд 4 дүгээр ангиа төгсөөд эцэг эхийн хамт малчин болсон. Тэр цагаас хойш Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байна. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Ц.Баттулга нь 1959 онд төрсөн. 1976 онд илгээлтээр малчин болж байсан. 1976 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1978 оноос 1981 оны хооронд цэргийн алба хаасан. 1981 онд цэргээс халагдаж ирсэн цагаасаа эхлээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Б.Түмэнжаргалын ...1959 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1969 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр мал дээр гарсан. Ингээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл тус сумандаа малчнаар ажиллаж байна. Ц.Баттулга нь 1959 онд төрсөн. 1976 онд эвлэлийн илгээлтээр малчин болж байсан. Улмаар 1976 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1978 оноос 1981 оны хооронд цэргийн алба хаасан. 1981 онд цэргээс халагдаж ирсэн цагаасаа эхлээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар үргэлжлүүлэн ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Баттулгын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Баттулга нь 1991 оноос 1995 оныг хүртэл ажиллаж байсан байдлын талаарх нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0701278 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. /хх-ийн 31 дүгээр хуудас/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Цэдэн-Ишийн Баттулгыг 1976 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ