Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/587

 

                          

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн Г.Г, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сандэй худалдааны төвийн гар утасны лангуунд худалдагч ажилтай, ам бүл тав, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын * дугаар байрны *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: *** урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 199 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 790 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 801 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Д.Б-гийн эзэмшлийн “iPhone XS max” маркийн rap утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,646,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Х овгийн Г.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал дээр хохирогч Д.Б-гийн эзэмшлийн “iPhone XS max” маркийн rap утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,646,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 25-26 дах тал), хохирогч Д.Б-гийн: “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр би Сансараас автобусанд суугаад Саппоро хүртэл явах замдаа халааснаасаа iPhone X маркийн гар утсаа хулгайд алдсан. Алдсан утсаа 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танилаасаа 1,750,000 төгрөгөөр авч байсан ...Тухайн үед автобусанд хүн сийрэг байсан. Миний ард 19 орчим насны, улаан куртиктэй, хар масктай, буржгар үстэй, духаараа их батгатай 175 см орчим өндөртэй, туранхай эрэгтэй байсан. Тэр хүнийг сэжиглэж байна, харвал танина. Нүдний хар нь хоёр өөр юм шиг харагдаж байсан, давхраатай нүдтэй байсан  мөн байна. Энэ хүнийг өтгөн хөмсөг, араб юм шиг царайны төрх, бор арьстай байсныг нь санаж байна. Энэ хүн намайг автобусанд явж байхад миний суусан буудлын дараагийн буудлаас автобусанд орж ирсэн ба миний арын суудалд суусан. Намайг буух гэж байхад хамт босож ирээд хаалганы хажууд зэрэг зогсож байсан. Буух үед намайг мөрлөөд буусан. Тэгээд л миний утас алга болсон. Би алдсан гар утсаа олж авсан учир гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-32 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн: “...зүс үл таних 25-28 орчим насны залуу ирээд надад gold өнгийн iPhone X маркийн гар утас үзүүлээд сэлбэгт авах уу гэсэн. 470,000 төгрөгөөр авчих, мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Би утсыг үзэхэд дэлгэцийн түгжээг нь гаргаад Hallo болчихсон байхаар нь 400,000 төгрөг бэлнээр өгөөд худалдаж авсан. Гар утсыг хулгайн аргаар олж авсан талаар огт мэдээгүй. Цагдааг ирэхээр нь би өөрийн сайн дураар утсыг хүлээлгэн өгсөн...Би өөрийн гаргасан мөнгийг бүрэн бүрэн хүлээн авсан учир надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний: “алдсан гэх iPhone XS max маркийн rap утсыг 1,646,000 төгрөгөөр үнэлсэн” гэх тайлан (хавтаст хэргийн 39-40 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед: “...Саппорогийн автобусны буудлаас 30 орчим насны, хар өнгийн хувцастай эмэгтэйн халааснаас iPhone XS max маркийн гap утас хулгайлан авсан. Тэгээд шууд өөр автобусанд суугаад Хархорин зах ороод гар утсыг үл таних хүнд 400,000 төгрөгөөр зарчхаад найз Г-той уулзахаар гэр рүүгээ харьсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Гар утасны бодит хохирол болох 400,000 төгрөгийг өгсөн, гомдол саналгүй болгосон байгаа” гэж (хавтаст хэргийн157-158 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, хохирогчид гар утсыг буцааж өгсөн, гар утас зарсан хүндээ мөн мөнгийг нь өгч хохиролгүй болгосон..” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох   iPhone XS max маркийн rap утсыг 1,646,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,646,000  төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Г-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Б нь гар утсаа эргүүлэн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэж, иргэний нэхэмжлэгч Б.Б нь “өөрт учирсан 400,000 төгрөгийн хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй” гэж тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Г-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Г нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 66-69 дэх тал),  гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), “Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг болон Нийслэлийн цагдаагийн газарт Г.Гт холбогдуулан шалгаж байгаа гэмт хэрэг байхгүй” гэсэн албан тоотууд (хавтаст хэргийн 115-119 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулбар (хавтаст хэргийн 129-138 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 79-93 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Г-т тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Тус гэмт хэрэг нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд цаг хугацаа болон зүйлчлэлийн хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйл /Хууль хэрэглэх журам/-ийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэсэн заалт нь энэ хууль үйлчилж эхлэх /2021.07.06/ үед хорих ял тэнсэгдчихсэн байсан, эсхүл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан байсан буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад хэдий нь очсон байгаа ялтны хувьд шүүхээр дахин оруулалгүйгээр өршөөлд хамрагдах боломж олгох зорилготой юм.

Харин 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш шүүхээр хянан хэлэлцэж, тухайн шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг нэг мөр хэрэглэж, тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь энэ хуулийн зорилтод дурдсан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчимд бүрэн нийцнэ.  

           2.2.       Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Г-т тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА