Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0444 |
Огноо | 2014-11-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2014/0444
Б.Г-ийн НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ардчилсан намын бүлэг хурлыг үргэлжлүүлэн хурлын даргыг огцруулан шинэ хурлын даргыг сонгосон шийдвэр гаргаж хууль бус хуралдаан болсон. Иймд, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс Хурлын дарга хуралдаанаа удирдаж чадахгүй, тогтоолоо батлуулалгүй хуралдаанаа хаадаг, анхдугаар хуралдаанаар бүтэн нэг намын төлөөллийг оруулалгүй олонхоороо хүч түрэн хуралдаж байсан зэрэг зөрчлүүдийг дурдаад хурлын даргад итгэл үзүүлэх эсэх тал дээр төлөөлөгчдийн саналыг авсан. 13 төлөөлөгч дэмжин баталсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг баримтлан Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-ийг Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн томилж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо: Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09\03 тогтоолоор Б.Г-ийг иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу тухайн хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах хэрэгжилтийг зохион байгуулах ёстой. Гэтэл хурлын дарга байсан Б.Г нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдэж, энэ талаар хурлаас тогтоол гарган шийдвэрийг баталгаажуулах ёстой байсныг гаргаж батлаагүй. Иймд Хурлын Төлөөлөгч нар 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хурал дээр өмнөх 8 дугаар хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн Засаг даргыг огцруулах тухай хурлын тогтоолыг /уг тогтоолыг нөхөж гаргаж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй/ гаргах талаар санал оруулсан байдаг.
Б.Г хурлын дарга нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдааныг орхиж гарсан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын Төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй буюу түүнийг орхиж гарах гэсэн заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэгт зааснаар хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэсэн заалт мөн хуралдааныг цаашид үргэлжлүүлэх ирц бүрэн байсан тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хурлыг цааш нь үргэлжлүүлсэн.
Тухайн хурлаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасны дагуу Хурлын Төлөөлөгчид хуралд оролцох, асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй. Мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.6-д сумын Иргэдийн Хурал нь хурлын дарга тэргүүлэгчдийг сонгох өөрчлөх бүрэн эрхтэй гэсэн заалт, 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу Хурлын төлөөлөгч нь хурлын даргыг сонгох бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай санал дүгнэлт гаргах бүрэн эрхтэй гэсэн дээрх хуулийн заалтуудын дагуу Дэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 09/03 дугаар тогтоолоор хурлын дарга байсан Б.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, тус тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Б.Г нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 9 дүгээр хурал 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан ба уг хурлаар Засаг даргад нэр дэвшүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн тодотгол, зарим газрыг тусгай хамгаалалтад авах гэсэн асуудлыг хэлэлцэхээр товлосон байжээ.
Гэтэл Иргэдийн Хурал нь хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй “Хурлын даргыг огцруулах” асуудлыг шийдвэрлэж, дээрх захиргааны актыг гаргасан нь дараах байдлаар хууль бус байна.
Монгол Улсын Засаг захиргаа түүний нэгж, удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар Иргэдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төслийг нэг хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах ёстой байна. Энэхүү хуулийн зорилго бол Иргэдийн Төлөөлөгч нарт хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, тэдэнд судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгох агуулгатай байна.
Түүнчлэн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгийн 2.2-д хурлаар хэлэлцэх асуудлын төслийг гурваас доошгүй хоногийн өмнө Иргэдийн Төлөөлөгчдөд өргөн барьж хэлэлцэх асуудлыг судлуулсан байхаар зохицуулжээ. Гэтэл Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй, Хурлын Даргыг огцруулах асуудлыг шийдсэн нь дээрх заалтад нийцэхгүй.
Хариуцагчийн “хугацаа шаардсан, судлан нягталж үзэх шаардлагагүй асуудлыг, хэлэлцэх асуудалд урьдчилан оруулалгүйгээр Хурлаар авч хэлэлцэж болно” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хуульд хурлаар хэлэлцэх асуудлыг нягтлан шалгах шаардлагатай, эсхүл шаардлагагүй гэж ялгаж зааглаагүй болно.
Мөн хариуцагчийн “олонхын саналаар шийдэх эрх хуралд байгаа” гэх гомдлыг тухайд: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгж удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэр гаргах эрх Иргэдийн Хуралд байгаа боловч ийнхүү шийдвэр гаргахдаа хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах ёстой. Гэтэл энэ тохиолдолд урьдчилан товлоогүй, мэдэгдээгүй асуудлыг гэнэт шийдвэрлэж хууль зөрчжээ.
Монгол улсын Засаг захиргаа түүний нэгж, удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Хуралдаанаас гарсан тогтоол, бусад шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол тухайн хурал өөрөө хүчингүй болгохоор заасан. Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн ахлах мэргэжилтэн нар уг сумын Хуралд биечлэн байлцаж, хуралдаанд үг хэлж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Хурлын Төлөөлөгчид Хуралд хэлэлцэх асуудлын талаар санал өгөх эрхтэй. Энэ нь зөвхөн тухайн Хуралдааны Төлөөлөгч нарт л хамаарах заалт болохоос өөр шатны хурлын Төлөөлөгч нарт хамаарахгүй.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан аймгийн Хурлын дарга, сумын хурлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зохицуулалт нь тухайн Хурлын дотоод хэрэгт оролцохгүй байх зарчмыг хөндөхгүй.
Хариуцагч Д.О-ын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн тухайд: “аймаг, сумын Иргэдийн Хурлын хуралдаанд оролцох, мал тооллогын ажилтай” гэсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулах эрхтэй болохоос хариуцагчийн хүссэнээр 2014 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл хойшлуулах боломжгүй байна.
Захиргааны хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-д заасны дагуу шүүх хуралдааны товыг хэргийг оролцогчдод мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй явдал нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
Мөн “өмгөөлөгчөө солих” хүсэлтэй гэх боловч хэнийг оролцуулахыг тодорхой тайлбарлаагүй, урьд нь хариуцагчийг өвчтэй гэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулж байсан, хариуцагчид өмгөөлөгчөө сольж оролцуулах хангалттай хугацаа ^ байсан тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧИД Н.ХОНИНХҮҮ
Д.БААТАРХҮҮ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
|