Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 19

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч И.Ганбат, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

иргэдийн төлөөлөгч Т.Ганболд,                    

улсын яллагч Р.Очирсүрэн,  

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Хишигбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б.Хишигбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010706 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 08-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 8 дугаар гудамж, 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэсүүд овогт Баярсайханы Хишигбаяр /РД:РФ95110811/.

Шүүгдэгч Б.Хишигбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, “Жи Эм Жи” нэртэй баарны замын эсрэг талд гудамжинд иргэн Н.Оюун-Эрдэнийг “гар утсаараа яриулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Хишигбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө бааранд пиво уугаад гарч явсан. Ариун цэврийн өрөө рүү ороод Оюун-Эрдэнэ гэж ахтай тааралдсан чинь энэ пивыг барьж бай гэсэн. Гаднаас найз нь орж ирэхээр нь пивыг нь өгөөд би гарсан. Тэгтэл араас гарч ирээд маргасан. Улмаар намайг цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Надад пивоны шил байгаагүй, гараараа 2 удаа цохьсон. Гэм буруугүйг нотлоосой гэж бодож байна” гэв.

 

201626010706 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Н.Оюун-Эрдэнийн: “...Баарнаас 02 цагийн үед гарах гэж байсан чинь Хишигбаяр гэх залуу хажууд ирээд ахаа гар утсаараа ганц яриулчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ахад нь нэгж алга байна, одоо миний дүү гэртээ харь гэж хэлсэн. Би тухайн үед гар утсаа халаасандаа хийсэн байсан. Тэгсэн миний халаас руу гараа хийгээд байхаар нь би чи яах гээд байгаан одоо боль гэж хэлсэн чинь миний хөмсөг рүү шилээр 1 удаа цохисон, цус гарсан. Би Хишигбаяр гэж залууг зугтах гээд байхаар нь гараас нь бариад байж байсан чинь хамт явж байсан таксины жолооч цагдаа нар дагуулаад хүрээд ирсэн.

...Намайг ямар ч байсан гараараа цохиогүй ээ шилээр нэг удаа цохьсон. Миний нүүрний хөмсөг хэсэг рүү шилээр цохисон. Надад одоо гомдол санал байхгүй. ...Би хамт явсан залуугаа танихгүй” гэх мэдүүлэг /хх-12, 13/,

Гэрч Т.Хишигбатын: “...Хишигбаяр бааранд үлдсэн. Би тэрнээс цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Хишигбаяр надад хэлэхдээ Хишигбаярыг баарны ариун цэврийн өрөөнд байж байсан чинь нэг танихгүй залуутай маргалдаад баарны замын эсрэг талд гараад нөгөө залуу намайг цохиод авахаар нь зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисон гэж надад хэлсэн. ...Хишигбаяр согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан” гэх мэдүүлэг /хх-14/

Гэрч Г.Ууганбаярын: “...Дуудлагын дагуу очиход Н.Оюун-Эрдэнэ, Б.Хишигбаяр нар хоорондоо маргалдаад байж байсан. Н.Оюун-Эрдэнийн зүүн хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан. Тэрээр Б.Хишигбаяр миний хөмсөг хэсэг рүү шилээр цохичих шиг боллоо гээд байсан. ...Хэргийн газар пивоны шил байсан эсэхийг би сайн анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-18/,   

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 3279 дугаар актын дүгнэлтэд: “...1.Оюун-Эрдэнийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-20/,

Б.Хишигбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би найз Хишигбаттай 18 цагийн үед уулзаад нэрийг мэдэхгүй 8 нэрийн хүнсний дэлгүүрээс “Боргио” нэртэй 2,5 литрийн пиво хоёр ширхгийг худалдаж аваад Баянхошууны 112 дугаар автобусны буудлаас баруун хойшоо яваад байдаг нэрийг нь мэдэхгүй уулан дээр гараад хувааж уусан. ...Хишигбат бид хоёр шууд Баянхошууны Жанцангийн автобусны буудлын ойролцоо байдаг “Жи Эм Жи” нэртэй бааранд 23 цагийн үед орсон. Бааранд ороод “Жалам хар” нэртэй 2 ширхэг шилтэй пиво уусан. Би тухайн үед пиво уугаад бага хэмжээний согтолттой болсон байсан. Би пиво ууж байгаад ариун цэврийн өрөө рүү орсон чинь Оюун-Эрдэнэ гартаа барьж байсан пивоо надад  барьж бай гэж хэлснээ цаашаа бие засах гээд орсон. Оюун-Эрдэний найз нь ороод ирэхээр нь “Найзынхаа пивыг ав” гэж хэлээд өгсөн. Би баарыг тарахын үед нь гараад замын эсрэг талаас такси барих гээд зогсож байтал Оюун-Эрдэнэ ирээд “Би чамд пиво барьж бай гэж хэлсэн чинь яагаад яваад өгсөн юм бэ” гэхээр нь би “танай найзад чинь өгөөд гарсан шүү дээ” гэж хэлээд Оюун-Эрдэнэтэй маргалдаад эхэлсэн. Оюун-Эрдэнэ гартаа нэрийг нь мэдэхгүй пивоны шил барьсан байдалтай байсан. Оюун-Эрдэнэ маргалдаж байгаад гэнэт гараараа миний нүүрэн тус газар  нэг удаа цохисон, тэгэхээр нь зөрүүлээд гараараа нүүрэн тус газар руу нь хэд хэдэн удаа цохисон. Намайг Оюун-Эрдэнэ дахиад хувцаснаас бариад авсан тэгэхээр нь зөрүүлээд хувцаснаас нь бариад зууралдаж эхэлсэн. Оюун-Эрдэнэ бид хоёр хувцаснаасаа зууралдаж байгаад хоёулаа газар унасан. Оюун-Эрдэнэ бид хоёрыг маргалдаад зууралдаад байж байхад цагдаагийн ажилтнууд хүрээд ирсэн. Би тэр Оюун-Эрдэнэтэй хамт явж байсан залууг юу хийж байсан талаар мэдэхгүй байна. ...Би Оюун-Эрдэнийн нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтээсэн өөр ямар нэгэн зүйлээр цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-29-31, 32, 34-35/,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-10/, Б.Хишигбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-50/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-59-62/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Прокуророос Б.Хишигбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 181 дүгээр зүйлийн 181.2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Н.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд “...Пивоны шилээр хөмсөг хэсэг рүү цохисон, ...гараараа цохиогүй” гэж, гэрч Г.Ууганбаярын “...Хишигбаяр гэх залуу миний хөмсөг рүү шилээр цохичих шиг боллоо гээд байсан, ...хэргийн газар пивоны шил байсан эсэхийг сайн анзаарч хараагүй” гэж тус тус мэдүүлсэн, түүнчлэн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “...үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий мэдээ мэдээлэл, баримт байхгүй, ...эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй” гэснээс дүгнэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т “Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэснийг үндэслэн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж пивоны шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэв.  

Шүүгдэгч Б.Хишигбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” нэртэй баарны гадна гудамжинд иргэн Н.Оюун-Эрдэнийг “гар утсаараа яриулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Хишигбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулж,  шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Хишигбаяр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Хохирогч Н.Оюун-Эрдэнэ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч Б.Хишигбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Хишигбаярт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт Б.Хишигбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бэсүүд овогт Баярсайханы Хишигбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар Б.Хишигбаярыг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Хишигбаярт оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Хишигбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Б.Хишигбаярт оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Хишигбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хишигбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                             Л.БААТАР

                                   ШҮҮГЧИД                                 И.ГАНБАТ

                                                                                       Г.МӨНХЗУЛ