Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2018/00082

 

2018 оны 02 сарын 23 өдөр           Дугаар 153/ШШ2018/00082             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, ПО68022609 регистрийн дугаартай, Хяргас овогт Лхагвын Отгонцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Отгонцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл саальчин, малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, зарим сарууд нь бичигдээгүй тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна.

Иймд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал 6 жил 9 сар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Отгонцэцэг нь 1984 оны 05 дугаар сард 8-р анги төгссөн. Тэгээд илгээлтээр мал дээр гарсан. Тэрээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан тул тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Отгонцэцэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол бригадын 1984, 1985, 1987-1991 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Л.Отгонцэцэгийн ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Л.Отгонцэцэгийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1986 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичиг, 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн баярын бичиг, 1988 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн баярын бичиг,

-Гэрч Д.Дэлгэрийн “би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1-р бригадад малчнаар 1958-1990 он хүртэл ажилласан. Манайх 1988 онд улсын аварга малчин болж байсан. Д.Дэлгэрийн аав, ээж нь малчин, саалчин хүмүүс байсан ба бид нэг бригадад олон жил айл саахалт явсан. Л.Отгонцэцэг нь 1984 оны хавар илгээлтээр гарч саальчин болсон. Тэрээр нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,

-Гэрч Г.Баярхишигийн “би Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1-р бригадад саальчнаар 1982-1990 он хүртэл ажилласан. Л.Отгонцэцэг бид хоёр Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 1-р бригадад саальчин хийж байсан. Нэгдэл тарах хүртэл бид хамт ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Л.Отгонцэцэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хяргас овогт Лхагвын Отгонцэцэгийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.МАРИНА