Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/588

 

                             

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, улсын яллагч Б.Энх-Эрдэнэ, хохирогч Б.О, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Б.М, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, өөрийн эрүүл мэндэд тохируулан хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** дугаар гудамж, * тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, хэрэг хариуцах чадвартай, урьд:

 - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод төрсөн дүү Б.О-тай “эцэг, эхээ харж хандсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсэгт нь гараараа болон архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, зүүн дал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод төрсөн дүү Б.О-тай “эцэг, эхээ харж хандсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, үснээс нь зулгааж, улмаар толгой хэсэгт нь гараараа болон архины шилээр цохиж, биед нь “...зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, зүүн дал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Б.О-ын “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын ** тоотод төрсөн эгчийнхээ хашаанд ганцаараа, гэрт тусдаа амьдардаг юм. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цагдаагаас залгаад ээж Ч-ыг эрүүлжүүлэхэд байна, ирээд ав гэсэн. Би ээжийг эрүүлжүүлэхээс очиж аваад гэрт нь очиход манай төрсөн эгч хойд өрөөнөөсөө гарч ирээд “цагаан сараар ирээд аав, ээжийн гэрийг цэвэрлэж өгсөнгүй” гэж загнаад хэрүүл өдөөд байхаар нь би “та битгий орилоод бай” гэсэн чинь “би угаасаа ингэж орилж ярьдаг” гээд улам уурлаад байсан. Тэгээд “та нар ээж аавыгаа харж чаддаггүй би энэ ээж, аавын байшинд олон сая төгрөгөөр засвар хийж тордож засаж янзалсан, та нар хэзээ аав, ээжийгээ хардаг байсан юм бэ” гээд уурлаад байхаар нь би “та өөрөө ар талыг нь даана гээд хамт амьдарч байгаа биз дээ” гээд хэлсэн чинь уурлаад намайг үсдэж байгаад гараараа миний нүүр болон толгой руу цохиод байсан. Тэгээд ээжийн урд өдөр нь уугаад үлдсэн байсан архийг миний ам руу цутгаад чи архинд дуртай биз дээ уу гээд миний толгой дээрээс асгаад намайг куртикний малгайгаар доош дарж унагааж байгаад миний толгой руу архины шил болон гараараа олон удаа цохиод зодоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Х.Ч-ын “...Тэр өдөр О намайг хорооны цагдаагаас очиж аваад гэрт ирсэн чинь М урд өдөр намайг агсам тавьсан гээд уурлаад байсан. Тэгтэл О намайг өмөөрөөд М-тай маргасан. Эгч нь биеэ барьж чадахгүй уурлаад Оын толгой руу цохиод, зодоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2588 дугаартай “...Б.О-ын биед зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, зүүн дал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг тогтооход хүрэлцээтэй байв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.М нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай аав, ээж архи уугаад агсам тавиад байхаар нь би эрүүлжүүлэх дуудаад өгсөн. Маргааш нь хорооны цагдаа дуудаад ээжийгээ ирээд ав гэхээр би цахим хичээлтэй байсан учир өөрийн төрсөн дүү Б.О-ын утасны дугаарыг цагдаад өгөөд О очиж авсан байсан...О ээжийг цагдаагаас авч ирснээ ээжийн агсам тавьж эвдсэн зүйлсийг харчхаад “энэ юмыг нь цэвэрлэж янзлахгүй яасан юм” гээд загнахаар нь “ийм хүмүүстэй хамт байх хэцүү байна cap шинээр хүн амьтан орж гарахад хэцүү ичмээр байна, та нар туслахгүй байж учрыг нь ололгүй намайг элдвээр хэллээ” гэсэн, ... О намайг хэлэх хэлэхгүй үгээр хараагаад байхаар нь би О-ын үснээс нь зулгааж байгаад гараараа толгой руу нь олон удаа цохиод мөн урд өдөр ээжийн ууж байгаад үлдээсэн архины үлдэгдлийг “чи архинд дуртайгаараа уу” гээд толгой дээр нь асгаад О-ыг газар унагааж байгаад дахин нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэж (хавтаст хэргийн 75 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...манай эцэг эх архины хамааралтай хүмүүс байдаг, байнга архи уудаг, би эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаад гэр бариад тусдаа гарсан. Өөрийн хүүхдээ эцэг, эхийнхээ гэрт өсгөсөн. 2 дугаар сарын 5-ны өдөр О ээжийг цагдаагийн газраас аваад гэртээ ирсэн. Ирээд нурааж, эмх замбараагүй болсон зүйлсийг хараад над руу уурлаж дайрсан, тэгэхээр би О-ыг “өөрөө цэвэрлэ” гэж хэлсэн. Энэ асуудлаас болж бид хоёр маргалдаад би О-ыг зодсон. Би тухайн үед биеэ барьж чадаагүй, миний буруу...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэллээ.

Мөн хохирогч шүүх хуралдаанд “...2022 оны 2 сарын 5-ны өдөр цагдаагийн газраас утсаар залгаад ээжийгээ ирж аваарай гэсэн. Би ээжийг цагдаагаас очиж аваад гэрт нь оруулсан чинь М намайг хашиж зогсоод гэрээс гаргахгүй зодсон, би тухайн үед утсаар бичлэг хийсэн. М намайг ална гэж хэлээд зодсон, би зүрх муутай хүн, эмчийн хяналтад байдаг, намайг зодуулаад амьсгалж чадахгүй байхад М надад “алчхаад ялыг нь үүрээд гараад ирэх нас байна” гэж хэлээд зодсон. Тэгээд миний гар утсыг авч нуугаад цагдаа дуудвал ална шүү гэсэн. Би 7 хоног хэвтэрт байсан, ажлаа хийж чадаагүй. М аав, ээжийг зоддог, аавыг зодоод нүдийг нь сохолчихсон. Мөн миний үснээс зулгаасан. Иймэрхүү зүйлийг нь цагдаад хэлэхээр М группт байдгаараа далимдуулаад явдаг, хорооны цагдаа нар ч М-ыг мэддэг болсон. Би 7 хоног ажилгүй байсан хугацааны цалинг өдрийн 50,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Мөн эмчилгээний мөнгө болон эмнэлэг рүү такси барьж явсан төлбөрт нийт 309,500 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна...” гэж мэдүүлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2588 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.О-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.М-ын хохирогч Б.О-ыг үсдэж, зодсон, мөн архины лонхоор цохисон үйлдэл болон хохирогч Б.О-ын биед үүссэн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүү, зүүн дал, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.М нь төрсөн эцэг, эхээ асран халамжилдаг боловч эцэг, эх нь архины хамааралтай болсон харин бусад ах, эгч дүү нар нь анхаарал тавьдаггүйн улмаас хуримтлагдсан бухимдлаас үүдэлтэй байна гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг                              

Хохирогч Б.О нь 7 хоног ажилгүй байсан хугацааны орлогоо өдрийн 50,000 төгрөгөөр тооцож 350,000 төгрөг, эмчилгээ болон эмнэлэг рүү такси барьж явсан төлбөрт 309,500 төгрөг нэхэмжилснээс шүүх 309,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.М-аас гаргуулахаар шийдвэрлэв.

Харин олох байсан орлогын талаарх нэхэмжлэл нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 Шүүгдэгч Б.М шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөөр 5 минутын завсарлага авч энэ хугацаанд 309,500 төгрөгийг хохирогч Б.О-д төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болсныг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 309,500 төгрөгийг шүүгдэгч шүүхийн шатанд төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогч: “...Би энэ хүнээс айж байна, намайг байнга заналхийлж байгаа. Энэ хүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57-58 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дэх тал), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэрийн 63 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дахь тал), Төрийн банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 65-67 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 40-43 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 45-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувь алдсан, оршин суух тодорхой хаягтай, гэрлэж байгаагүй, 6 настай бага насны хүүхэдтэй, өөрийн эрүүл мэндэд тохируулан хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог, өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй, мөн урьд нэг удаа ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5-д хөдөлмөрийн чадвар алдалтыг дор дурдсанаар ангилна: гээд, 1.5.1-д хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан гэж, 1.5.2-т хөдөлмөрийн чадвараа 50-69 хувь алдсан тохиолдолд хагас (хэсэгчлэн) алдсан гэж тус тус заасан байдаг тул шүүгдэгч Б.М нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэнд тооцогдоно.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд ... оногдуулахгүй.” гэж заасан тул шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мын хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан эрүүл мэндийн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчийн эрүүл мэнд хохирсны улмаас гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан шүүхийн онцгой бүрэн эрхийн дагуу шүүгдэгчид оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мыг таван зуун мянган төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Оын эрүүл мэндийн шалтааны улмаас алдагдсан буюу олох байсан орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА