| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2022/0531/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/597 |
| Огноо | 2022-05-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/597
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Б.С, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, нөхөр, 3 настай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” караокед үйлчлүүлж байсан иргэн Г.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-31” загварын гар утас болон бичиг баримтууд, утасны хавтас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 465,500 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр зөвхөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Б.С нь 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” караокед үйлчлүүлж байсан иргэн Г.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-31” загварын гар утас болон бичиг баримтууд, утасны хавтас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 465,500 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал, хохирогч Г.Б-ийн “...Би Титэм хотхоны нийтийн караокед 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед найз нарынхаа хамт орж үйлчлүүлсэн. Өөрийн сууж байсан ширээн дээр Самсунг А-31 загварын гар утсаа (хар хавтастай, хавтсан дотор нь манай нөхөр Э-ын иргэний үнэмлэх байсан) үлдээгээд караокены нойл орчхоод буцаад ирсэн чинь миний хамт явж байсан хүмүүс хажуугийн ширээний хүмүүстэй маргалдаад, бужигналдаад хөл толгой олдохгүй байдалтай байсан. Маргалдсан хүмүүсийг салгаад ширээн дээр ирээд утсаа хайсан боловч миний утас байхгүй байсан. Караокены хяналтын камерыг шүүж үзэхэд миний уулзсан махлагдуу бор царайтай, хар хувцастай эмэгтэй ширээн дээр байсан утсыг аваад зүүн талын халаасандаа хийж байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд нөхөр Э-ын *** дугаараас залгахад миний утас дуудаад огт авахгүй байсан. 20-ны өдөр залгахад бас дуудаж байгаад өдрийн 13 цагийн үед унтарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), гэрч Б.Э-ын “...би эхнэр Б болон найз нарын хамт 2022 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Титэм хотхоны караокед үйлчлүүлсэн...тэгсэн чинь манай эхнэр Бийн гар утас алга болчихсон. Камер шүүх үзэхэд бид нарын хажуугийн ширээн дээр сууж байсан махлагдуу эмэгтэй утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаартай “...Samsung a31 маркийн гар утас 380,000 төгрөг, иргэний үнэмлэх 60,000 төгрөг, жолоочийн үнэмлэх 12,500 төгрөг, Хаан банкны виза карт 5000 төгрөг, сим карт 3000 төгрөг, утасны гэр 5000 төгрөг, нийт 465,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 34-35, 39-40 дэх тал), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 44-46 дахь тал), хохирогч Г.Б-аас гаргаж өгсөн алдсан гэх гар утсаа “Сайн комьютерс” компаниас худалдаж авч байсан талаарх зарлагын баримт (хавтаст хэргийн 48 дахь тал), “Титэм” караокены камерын бичлэгт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хавтаст хэргийн 18-23 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн, шүүгдэгч Б.С нь мөрдөн байцаалтад яллагдагчаар “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” (хавтаст хэргийн 68 дахь тал) хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил “...нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох Samsung a31 маркийн гар утас 380,000 төгрөг, иргэний үнэмлэх 60,000 төгрөг, жолоочийн үнэмлэх 12,500 төгрөг, Хаан банкны виза карт 5000 төгрөг, сим карт 3000 төгрөг, утасны гэр 5000 төгрөг, нийт 465,000 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 465,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэхүү хэмжээ нь бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх материаллаг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.С-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Г.Б эд зүйлсээ бүрэн бүтэн эргүүлэн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэх үед шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.С-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй талаарх албан бичиг (хавтаст хэргийн 56 дахь тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 57 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дэх тал), гэрлэсний бүртгэлийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 60 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, тээврийн хэрэгсэлгүй, үл хөдлөх хөрөнгөгүй, оршин суух тодорхой хаягтай, гэрлэсэн, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.С-д тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосноор түүнийг нийгэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг тогтоолоор сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хоёр сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Б.С-д сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА