Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2018/00088

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр           Дугаар 153/ШШ2018/00088            Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 14-02 тоотод оршин суух, ПЖ59121414 регистрийн дугаартай, Арал овогт Билэгтийн Энхбаярын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Энхбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-нээс 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байгаад 1978 оны 05 сарын 15-ны өдрөөс 1981 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл Дундговь аймгийн 7 дугаар заставт цэргийн алба хаасан. 1981 оны 06 сарын 19-ний өдрөөс 1990 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд намайг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1981 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Энхбаяр нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1981 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1975-1978, 1981-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Б.Энхбаярын ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02/782 дугаартай архивын лавлагаа,

-Б.Энхбаярын 1973-1978 оны ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

-0774352 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Н.Мандалбаярын “би Ховд аймагт 1990 онд шилжиж ирсэн. Тэр цагаас хойш Б.Энхбаяртай Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад 1990-2003 он хүртэл хамт мал малласан. Тэр үед би мөн малчин байсан”  гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Хөөдөөгийн “би Б.Энхбаяртай Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн Баясгалант амьдрал нэгдэлд 1973 оноос эхлэн хамт мал маллаж эхэлсэн. Б.Энхбаяр нь 1978-1981 он хүртэл цэрэгт яваад, цэргээс халагдаад сумандаа нэгдэл тарах хүртэл мал малласан. Би мөн Баясгалант амьдрал нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Б.Энхбаяр нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1981 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч Б.Энхбаяр нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд 1990-1994 оныг дуустал хамрагдсан бөгөөд энэ хугацаанд Ховд аймгийн Манхан сумын Тахилт багт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан хүсэлт гаргажээ. Гэтэл Б.Энхбаяр нь 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын тахилт багт малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба хүсэлт гаргагчийн хүсэлтээр  асуугдсан гэрч Н.Мандалбаяр нь Б.Энхбаяртай Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад 1990-2003 он хүртэл хамт мал малласан гэж мэдүүлэх боловч энэ нь хэрэгт бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд хүсэлт гаргагч Б.Энхбаярын 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын тахилт багт малчнаар ажиллаж байсан нь нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Арал овогт Билэгтийн Энхбаярын 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг дуустал, 1981 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Б.Энхбаяр нь 1990-1994 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын тахилт багт малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МАРИНА