| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0141/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/145 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн, улсын яллагч Б.Батбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Чулуунбат, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оюунбилэг, шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Онход овогт Баярсайханы Мөнхбагана, Боржигон овогт Соронзонболдын Болдбаатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001290050 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 24-2 тоотод оршин суудаг, Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 621.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн РК93050916 дугаартай, Онход овгийн Баярсайханы Мөнхбагана,
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эмээ, дүүгийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 25-19б тоотод оршин суудаг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан , регистрийн УК92090810дугаартай, Боржигон овгийн Соронзонболдын Болдбаатар.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Б.Мөнхбагана нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнийн хөгжил” ХХК-ний хашаанд байх тоног төхөөрөмжүүдийн цахилгааны кабель утсыг хууль бусаар яллагдагч С.Болдбаатартай бүлэглэн төмрийн хөрөөний ир ашиглан тастан авч 3.825.000 төгрөгний хохирол учруулсан,
С.Болдбаатар нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнийн хөгжил” ХХК-ний хашаанд байх тоног төхөөрөмжүүдийн цахилгааны кабель утсыг хууль бусаар яллагдагч Б.Мөнхбаганатай бүлэглэн төмрийн хөрөөний ир ашиглан тастан авч 3.825.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нар нь 2018 оны 02 дугаар сарын 26- наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” ХХК-ний тоног төхөөрөмжүүдийн цахилгааны кабелийн утсыг төмрийн хөрөө ашиглан тастан авч 3.825.000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болжээ. Энэхүү үйл явдал нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаганы өгсөн: “Өөрийн гэм буруугаа хүлээж байна. Би бага насны нэг хүүтэй. Хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үүнийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Болдбаатарын өгсөн: “Тэр өдөр хэдэн сарын хэдэн хэдний өдөр байсныг би сайн санахгүй байна. Би тэр өдөр хотоос ирээд, оройдоо найзындаа хөзөр тоглож байгаад шөнө нь надад мөнгөний хэрэг байсан учраас хулгай хийсэн. Тэнд очоод кабель авсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оюунбилэгийн өгсөн: “2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай компаний тог шөнийн 01 цагаас 02 цагийн үед албан ёсоор тасарсан. Харин кабелийг тус өдрийн шөнийн 04 цагаас 05 цагийн үед алдсан. Тэр шөнө цас орсон байсан учраас манаач 04 цагаас 05 цагийн үед галаа түлэх гээд гэртээ ороод ирэх хооронд кабелийг нь авсан байсан. Цас орж байсан учраас, цасан дээр шинэхэн мөрүүд гарсныг хараад над руу тэр дор нь залгасан. Би энэ тухай сонсоод шууд цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирж үзлэг хийсэн. Цагдаа нар ирж үзлэг хийхэд би хамт байсан учраас харж байсан. Тэгэхэд маш хүнд кабелийг газарт чирсэн мөр үлдээгүй байсан” гэх мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын судалсан:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08/46 дугаар: “1. Саарал өнгийн nike нэртэй спорт гутал нь 2018 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөртэй тохирч байна. 2. Хар өнгийн wear aer нэртэй хагас түрийт гутал 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөртэй тохирч байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 42-44 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 4-6 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8-10 дугаар хуудас/
Мөрдөгчийн тэмдэглэл, яллагдагч нарын баталгаа /хх-ийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Оюунбилэг нарын мэдүүлэг болон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нар нь 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнийн хөгжил” ХХК-ний хашаанд байрлах тэдний өмчлөлийн тоног төхөөрөмж болох 3.825.000 төгрөгийн үнэ бүхий MY 3*35+1+16 маркийн 60 метр урттай кабель утас, МҮ3*50+1+16 маркийн 55 метр урттай цахилгааны кабель утсыг хүч хэрэглэхгүйгээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай төмрийн хөрөөгөөр хууль бусаар тастан хулгайлан авсан байх тул тэдгээрийг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй боловч энэ зүйл хэсэгт бүлэглэсэн гэж хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байхад энэ хуулийн ерөнхий ангид тусгай ангид бүлэглэж гэмт хэрэг үйлдэх гэсэн нэр томьёог тайлбарласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулан хүндрүүлсэн нь хууль зүйн шаардлагад нийцээгүй үндэслэл муутай байна. Иймд шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарын 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Эрдэнийн хөгжил” ХХК-ний тоног төхөөрөмжүүдийн цахилгааны кабель утас хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн тэдгээрийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрдэнийн хөгжил ХХК-нд учруулсан хохирлоосоо 2.345.000 төгрөг төлсөн, цаашид үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, компанид учирсан хохирлын үлдэгдэл 1.480.000 төгрөг дээр үнэлгээний комиссын хураамж 80.000 төгрөгийг нэмж хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мөнхбагана, С.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Онход овогт Баярсайханы Мөнхбагана, Боржигон овогт Соронзонболдын Болдбаатар нарыг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарт тус бүрт 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Б.Мөнхбагана, С.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаганаас 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөг, С.Болдбаатар 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийг 6 /зургаа/ сарын хугацаанд гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнийн хөгжил” ХХК-нд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мөнхбагана, С.Болдбаатар нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ