Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2018/00089

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр         Дугаар 153/ШШ2018/00089                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Наран багийн 05-14 тоотод оршин суух, Тосбике овогт Менепийн Хайратын хүсэлттэй Я.Бямбадоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Хайрат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Хайрат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний танил Бямбажав нь 2016 оны 8 дугаар сард үл таних эрэгтэй хүний хамт орж ирж надтай уулзсан. Тэр хүн Ховд аймгийн Үенч сумын нутагт нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг манай Геос-Оюу ХХК явуулж байгаа дарга байгаа юм. Миний нэрийг Я.Бямбадорж гэдэг. Ховд аймгийн Үенч сумын нутагт ажиллаж байгаа манай ажилтан нарын хоолонд зориулагдах гурил, будаа зээлдүүлэх найдвартай хүн байна уу, надад туслаач гэж Бямбажавт хэлсэн чинь өөр дээр чинь дагуулж ирлээ гэсэн. Төлбөрийг нь хэдийд төлөх вэ гэхэд Я.Бямбадорж төлбөрийг нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлнө гэхээр нь найдвартай байх гэж бодоод бичгээр гэрээ хийж гэрээний дагуу нийт 7,213,000 төгрөгийн будаа, гурил өгсөн. Я.Бямбадорж нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Одоо хаана оршин сууж, ямар ажил төрөл эрхэлж байгаа нь мэдэгдэхгүй байна. Я.Бямбадоржийн иргэний үнэмлэх дээрх хаягаар буюу Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Я.Бямбадоржийн оршин суух хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Я.Бямбадоржийн оршин сууж байгаа хаягийг тодруулж, түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.Хайрат нь Я.Бямбадоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн Я.Бямбадорж нь хүсэлт гаргагч М.Хайратад зээлээр худалдан авсан гурлын үнийг төлөөгүй байх бөгөөд иргэн Я.Бямбадорж нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Туул гол гудамжны 69а байрны 37 тоотод оршин суух   хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 477 дугаартай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч М.Хайратын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд ЦЗ76061973 регистрийн дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны Туул гол гудамжны 69а байрны 37 тоотод оршин суудаг байсан гэх, Ядамсүрэнгийн Бямбадоржийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна..

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар ЦЗ76061973 регистрийн дугаартай, Ядамсүрэнгийн Бямбадоржийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Я.Бямбадоржийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч М.Хайратын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА