Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/598

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Ж.Сувданчимэг, хохирогч/шүүгдэгч Д.Н, хохирогч/шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ш овгийн Д.Н, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ** их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, Хонгорморьт, *-р хэсэг гудамжны *** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хороолол ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Монгол Улсын иргэн, Б овгийн Ч.С, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ** их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Далан 5 дугаар байрны ** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 58а байр ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.С-тай хөзөр тоглож байгаад муудалцаж, улмаар түүний үснээс зулгаах, газарт унаган ноцолдох зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун тохойд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.С нь мөн үед Д.Н-тэй хөзөр тоглож байгаад муудалцаж, улмаар түүний үснээс зулгаах, газарт унаган ноцолдох, пивоны шил шидэж дух хэсэгт нь онох зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хуруу, хоёр бугалгын цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хурууны зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Ш овгийн Д.Н, Б овгийн Ч.С нар 2022 оны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 58а байр ** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хөзөр тоглож байгаад муудалцаж, харилцан зодолдож шүүгдэгч Д.Н нь хохирогч Ч.С-ын бие махбодод “хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун тохойд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Ч.С нь хохирогч Д.Н-ийн бие махбодод “духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хуруу, хоёр бугалгын цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хурууны зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус бүр санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Ч.С-ын “...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэг ангид сурдаг найз Д.Н-ийн хамт Б.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК 58а байр ** тоот гэрт нь 23 цагийн орчим очсон. Бид хоёрыг очиход Б гэрээ ганцаараа байсан ба бид гурав ярилцаж байгаад пиво уухаар болоод Б дэлгүүр гараад 2,5 литрийн том пиво, 3 жижиг пиво авч ирээд гурвуулаа хөзөр тоглоод хувааж уусан. Сүүлд нь Д.Н бид хоёр таксины мөнгөнд бооцоотой хөзөр тоглосон. Эхлээд Н хожоод дахиж тоглоод би хожсон. Тэгээд хэд хэдэн удаа тоглож байгаад “би явлаа” гэхэд намайг явуулахгүй гээд бид хоорондоо маргалдсан. Тэгтэл намайг үсдэхээр нь би зөрж үсдээд газар унасан. Бид хоёр дээр доороо орж нэлээн ноцолдсон. Тэгж байтал нөгөө өрөөнөөс Б ирж бид хоёрыг салгасан. Бид хоёр хэд хэдэн удаа хоорондоо эвлэрч дахин муудалцсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-Гэрч Б.Б-ийн “...Д.Н, Ч.С бид гурав нэг ангид суралцдаг найзууд байгаа юм...2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Д.Н, Ч.С нар манай гэрт ирээд хамт пиво уух уу гэхээр нь би дэлгүүрээс 2,5 литрийн том Сэнгүр пиво, 3 жижиг пиво аваад бид хөзөр тоглож байгаад хувааж уусан. Д.Н, Ч.С хоёр хоорондоо “хөзрөөр барахгүй, барна” гэж маргалдаж байгаад таксины мөнгөнд хөзөр тоглохоор болсон. Тэгээд хөзөр тоглож байгаад хоорондоо муудалцсан. Дараа нь нэгнээсээ уучлалт гуйгаад эвлэрээд гайгүй болох шиг болсноо намайг нөгөө өрөөнд байхад дахиад маргалдаад байгаа чимээ гарахаар нь би гүйгээд очиход Ч.С газар дээшээ хараад хэвтсэн, Н С-ын хэвлий орчим нь өвдөглөөд дарсан, харилцан үсдэлцсэн байхаар нь салгасан. Салгаад байж байтал Н дахин С-ыг үсдэхээр нь би салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5068 дугаартай: “...Ч.С-ын биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, таславчийн мурийлт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун тохойд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

-Шүүгдэгч Д.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...бид гурав пиво уугаад хөзөр тоглосон ба сүүлд нь Ч.С бид хоёр бооцоотой халз тоглоод тоглоом дээрээс маргалдаж нэгнийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан..Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би эмнэлгийн тусламж үйлчилгээ огт аваагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

-Хохирогч Д.Н-ийн “....Б дэлгүүр гараад 2,5 литрийн том пиво, 3 жижиг пиво авч ирээд гурвуулаа хөзөр тоглосон ба тоглох болгондоо надад хожигдсон. Тэгтэл С шаралхаад дахин дахин тоглоод сүүлдээ уурлаад байхаар нь би уучлалт гуйгаад “би өөрөө таксины мөнгөө өгөөд явъя” гэхэд “пизда зайл зайл” гээд уурлахаар нь би тэврээд уучлалт гуйгаад хоорондоо тэврэлдээд уйлсан. С “би уурлахаараа хараалын үг хэлдэг, чи найз байж ойлгосонгүй, хүндээр хүлээж авлаа” гээд намайг үсдэж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэлцээд нэгнийхээ дээр доор ороод байж байтал нөгөө өрөөнөөс Б гарч ирээд бид хоёрыг салгасан. Энэ бид байдлаар хэд хэдэн удаа хоорондоо эвлэрч дахин маргаж үсдэлцсэн. Сүүлд С Б-ийн гэрт байсан хоосон эссэ пивоны шил шидэж миний дух хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

-Гэрч Б.Б-ийн “...би гүйгээд очиход Ч.С газар дээшээ хараад хэвтэж байсан, нэгнийгээ үсдээд Н С-ын хэвлий орчим нь өвдөглөөд дарсан байхаар нь салгасан... Сүүлд манай гэрт байсан хоосон эссэ пивоны шилийг С Н рүү шидээд дух хэсэгт нь оноход дух нь бага зэрэг хавдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5069 дугаартай: “...Д.Н-ийн биед духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын эрхий хуруу, хоёр бугалгын цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүгдэгч Ч.С-ын яллагдагчаар өгсөн: “...бид гурав пиво уугаад хөзөр тоглосон ба сүүлд нь Д.Н бид хоёр хоорондоо халз тоглоод уг хөзөр дээрээс хоорондоо маргалдаж нэгнийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан. Бид хоёр нэгнээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн, нэгэндээ гомдол санал байхгүй, ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.С, Д.Н-ийн нар нь шүүх хуралдаанд: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэцгээв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Д.Н, Ч.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, тэдэнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч нар прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Н, Ч.С нар нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 5069 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Н-ийн, мөн сарын 01-ний өдрийн 5068 дугаартай дүгнэлтээр хохирогч Ч.С-ын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н, Ч.С нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бусад аргагүй хамгаалалт байгаагүй болох нь тогтоогдсон тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Д.Н, Ч.С нарын харилцан үсдэлцэж, дээр доороо орж ноцолдсон үйлдэл (шүүгдэгч Ч.С-ын пивоны шил шидсэн үйлдэл мөн адил хамаарна) болон тэдний биед учирсан гэмтлүүд нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн, харилцан бие биеэ хүндлэх, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх арга ухаан дутсан, уур бухимдлаа тогтоон барьж чадаагүйн улмаас гэмт хэрэг гарчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н, Ч.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогчийн хувьд Д.Н, Ч.С нар нь харилцан бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул тэднийг шүүгдэгчийн хувиар бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Н, Ч.С нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), Этүгэн их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 56 дахь тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н-ийн хувийн байдлыг,

-шүүгдэгч Ч.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), Этүгэн их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дахь тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 70-83 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Сын хувийн байдлыг тус тус тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н, Ч.С нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ш овгийн Д.Н, Б овгийн Ч.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Ч.С нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Ч.С нарт тус тус оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н, Ч.С нарт сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н, Ч.С нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Ч.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА