Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00090

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр            Дугаар 153/ШШ2018/00090            Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух Аузарын Айжулдазад холбогдох 458,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 153/2018/00081/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.Айжулдаз нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21816054 тоот гэрээ байгуулан, 95437873 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан LG К4 маркийн гар утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрт нийт 537,467 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Айжулдаз шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мобиком корпораци ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр LG K4 маркийн гар утас авсан нь үнэн. Тус компаний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй маргах зүйлгүй, гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч А.Айжулдазад холбогдуулан 458,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний 458,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Айжулдаз хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,406 төгрөгийн 50 хувь болох 7,203 төгрөгийг хариуцагч А.Айжулдазаас гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч А.Айжулдаз нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Айжулдазад холбогдох 458,522 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 458,522 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банк төрийн сан 100160000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 14,406 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,203 төгрөгийг хариуцагч А.Айжулдазаас гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Б.МАРИНА