| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0144/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/146 |
| Огноо | 2018-07-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, нарийн бичгийн дарга П.Нямсүрэн, улсын яллагч Б.Энхмэнд, хохирогч С.Баатарбил, шүүгдэгч Д.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Дэлгэрдоржийн Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001610111 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 31-75 тоотод оршин суух, регистрийн УД94030313 дугаартай, Боржигон овогт Дэлгэрдоржийн Отгонбаатар
нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Отгонбаатар нь иргэн Ч.Ганчимэгээс гаргасан С.Баатарбилд холбогдох гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа албан тушаалын байдлаа ашиглан С.Баатарбилийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан гаргасан зөрчилд торгуулийн 100.000 төгрөгийг авчир гэж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60.000 төгрөг, 7 хоног дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 40.000 төгрөгийг Налайх дүүргийн 2 дугаар хороонд авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Отгонбаатар нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчийн алба хааж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө тус хэлтэст саатуулан эрүүлжүүлэгдсэн С.Баатарбилийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч хянан шийдвэрлэх явцдаа түүнээс 100.000 төгрөгөөр торголоо гэж 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 60.000 төгрөг, долоо хоногийн дараа буюу 12 дугаар сарын 06-ны өдөр 40.000 төгрөг авсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Отгонбаатар мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Баатарбилийн өгсөн: “Тухайн өдөр би ажлынхаа хүмүүстэйгээ хамт 2 шил пиво, 1 шил архийг “Болор” караокед орж уусан. Түүнийг манай эхнэр мэдээд ирж, намайг баахан цохисон. Би тэгээд дуусаад гэртээ орж орон дээрээ гараад чимээгүй хэвтэж байтал гаднаас цагдаа нар ирсэн. Надад тэр хоёр цагдаа “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн дуудлага өгсөн” гэж хэлээд намайг авч явсан. Өглөө нь шүүгдэгчтэй уулзаж би үнэн бодит байдлаа би хэлсэн. Тухайн үедээ торгуулийн арга хэмжээ авна гэхээр нь хууль журмын дагуу л намайг торгосон юм байна гэж бодоод мөнгийг өгсөн. Түүний дараа нь авлигатай тэмцэх газраас шалгаж намайг “Чи цагдаад авлига өгсөн байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганчимэгийн өгсөн: “Отгонбаатар надад Баатарбилийг 100.000 төгрөгөөр торгосон гэж амаараа хэлсэн. Баатарбил ч гэсэн над руу залгаад чи миний зовж олсон мөнгийг цагдаа нарын хоол болголоо, 100.000 төгрөг цагдаад өглөө, 60.000 төгрөгийг чамд өглөө миний 200.000 төгрөгнөөс юу ч үлдсэнгүй гэж утсаар хэлж доромжилж байсан. Тэгэхээр Баатарбил 100.000 төгрөгийг цагдаад өгсөн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Ган-Эрдэнийн өгсөн: “Отгонбаатар нь иргэн Баатарбилээс үндэслэлгүйгээр 100000 төгрөг авсан нь Баатарбил, хэсгийн байцаагч Отгонбаатар нарын тайлбар болон шалгаж шийдвэрлэсэн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал торгуулийн арга хэмжээ авсан талаарх ямар нэгэн баримт байхгүй байсан зэрэг баримтуудаар тогтоогдсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Бат-Эрдэнийн өгсөн: “Д.Отгонбаатартай уулзаж юу болсон талаар тодруулан асуухад иргэн Баатарбилээс 100.000 төгрөг авснаа ярьж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 55 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад Д.Отгонбаатарын гэрч, яллагдагчаар өгсөн: “Баатарбил чамайг мөнгө авсан гээд байна гэхлээр нь би мөнгийг авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59, 66, 69 дүгээр хуудас/
2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий Газрын дарга С.Баатаржавын Б/444 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 79- 84 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэг судалсан хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Отгонбаатар, хохирогч Баатарбил нарын мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Д.Отгонбаатар нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хууль тогтоомжоор харьяалуулсан Нийгмийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр одоо хохирогч гэх Баатарбилийн тус хэлтэст мөн сарын 26-наас 27-нд шилжих шөнө саатуулагдан эрүүлжүүлэгдсэн Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хууль зүйн шаардлагад нийцүүлэн шалгаж түүнд Зөрчлийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэх явцдаа эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актаар мэргэжлийн тодорхой үүрэг гүйцэтгэх албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор хууль тогтоомжоор өөрт олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэн торголоо гэх үндэслэлээр түүнээс 11 дүгээр сарын 27-ны өдөр 60.000 төгрөг, долоо хоногийн дараа буюу 12 дугаар сарын 06-ны өдөр 40.000 төгрөг тус тус авч хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Харин Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг худалдах худалдан авах, эсхүл зээл нэрээр өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлдэг бол шүүгдэгч Д.Отгонбаатар нь хууль тогтоомжоор албаны бүрэн эрхийн хүрээнд одоо хохирогчоор тогтоогдсон Баатарбилийн талаарх гомдол мэдээллийг хуулийн шаардлагад нийцүүлэн шалгаж шийдвэрлэсэн атлаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан албаны эрх ашгийн эсрэг хувийн ашиг харж түүнээс 100.000 төгрөг авч өөрт ашигласан байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Отгонбаатарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хохирогчоос торгууль нэрээр авсан 100.000 төгрөгийг гаргуулан Баатарбилд олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдахын зэрэгцээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрдоржийн Отгонбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Д.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар Д.Отгонбаатарт хэрэглэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Д.Отгонбаатараас 100.000 төгрөг гаргуулан хохирогч С.Баатарбилд олгосугай. 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ