Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/599

 

                          

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овгийн А.Б, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ачигч ажилтай, ам бүр хоёр, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Стимо ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцаны “Хаан” банкны АМТ-с иргэн Б.Б-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай картаас 470,000 төгрөгийг хууль бусаар нууцаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч, Х овгийн А.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө хохирогч Б.Б-ын эзэмшлийн Хаан банкны *** дугаартай картаас 470,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Жанцаны “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 45 дахь тал), хохирогч Б.Б-ын “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найзуудтайгаа Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо 21 дүгээр хороололд уулзаад архи ууж байгаад найз Б-гийн хамт харихаар, таксигаар явсан. Замдаа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Жанцаны Хаан банкны ATM гадаа ирж зогсоод, би тухайн үед согтуу байсан учир найз Б-д өөрийн Хаан банкны картаа өгөөд “миний данснаас таксины мөнгө авчих” гээд кодоо хэлж өгсөн....Би Б-гээс 470,000 төгрөгөө нэхэмжилж байна. Миний мөнгийг буцаагаад өгчихвөл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 12 дахь тал), шүүгдэгч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б согтоод намайг хүргээд өг, би таксины мөнгийг нь өгье гэхээр нь би Б-тай хамт таксинд суугаад Б-ын гэр рүү явж байсан. Замд Жанцаны АТМ дээр ирээд Б надад Хаан банкныхаа картаа өгөөд “таксины мөнгө авчих” гэхээр нь би таксины жолооч ахаас хэдэн төгрөг болсон талаар асуухад таксины жолооч 10,000 төгрөг болсон байна гэсэн. Би Б-аас кодыг асуугаад Жанцаны ATM рүү ороод эхлээд 30,000 төгрөг, дараа нь 320,000 төгрөг авсан. Тэгээд дахиж 150,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэсэн. Таксины мөнгө гээд 10,000 төгрөгийг таксины жолоочид өгөөд, Б-д хаан банкны картыг нь буцааж өгөөд түүнийг гэрийнх нь үүдэнд хүргэж өгсөн. Б маргааш нь надад 470,000 төгрөг миний данснаас гарсан байна гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн...Би мөнгөөр зээлээ төлөөд дууссан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Б-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хулгайлах гэмт хэргийн улмаас биет байдлаар 470,000 төгрөг алдагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 470,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч А.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.     Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б-ын хохирол төлөгдөөгүй байх тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гээс 470,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх, цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хохирол төлөгдөөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруу зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул шүүгдэгчид 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялаас хасаж өгнө үү...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 39 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөгүй боловч эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, оршин суух тодорхой хаягтай, гэрлэж байгаагүй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх бүрэн боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гийн цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 480-104=376 цагаар биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг тогтоов.

    1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Х овгийн А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч А.Б-гийн цагдан хоригдсон 13 (арван гурав) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 104 (нэг зуун дөрөв) цагийг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 376 (гурван зуун далан зургаа) цагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч А.Б-гийн биечлэн эдлэх 376 (гурван зуун далан зургаа) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.Б-д сануулсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-гээс 470,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг даруй сулласугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА