Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1926

 

АПУ трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01998 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК-ийн, “Скай трейдинг” ХХК-д холбогдуулан гаргасан бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу зээлийн лимитийн үлдэгдэл 25 702 227 төгрөг, алданги 12 851 113 төгрөг, нийт 38 553 340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ариунзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Скай трейдинг” ХХК-тай 15/10175 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, хамтран ажилласан. Дээрх зээлийн гэрээгээр “Скай трейдинг” ХХК-д гэрээт борлуулагчийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгож, чанар стандартын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй “АПУ” ХК-ийн нэрийн бүтээгдэхүүн, хүнсний бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх, хамтран ажиллах харилцааг зохицуулсан. Гэрээг талууд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээний 7.3-т заасны дагуу дахин 1 жилээр гэрээний хугацааг сунгаж, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээний 3.11-д зээлийн лимитийн үлдэгдлийг /лангууны өрөлтийн олон агуулахад байх үлдэгдлийн хэмжээгээр тодорхой зааж/ хавсралт 2-т заасны дагуу тогтоох ба гэрээ өөрчлөх болон цуцлагдах үед худалдан авагчаар төлүүлэх эрхтэй гэж заасан ба гэрээний хавсралт 2а-д үлдэгдлийн лимитэд “Скай трейдинг” ХХК-ийн 2 салбар сүлжээ дэлгүүрийн өрөлтөнд 17 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн, агуулахын аюулгүй нөөц 4 өдрөөр 10 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнд 3 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг үлдээнэ гэж тохиролцсон.

Гэрээний 4.11-д худалдан авагч нь тогтоосон зээлийн лимитийн үлдэгдлийг хавсралт 2-т заасны дагуу үлдээх ба гэрээ цуцлагдсанаас хойш худалдагч талд ажлын 5 хоногт төлөх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн сард зээлээр авсан бараа, бүтээгдэхүүний үнийг төлөхдөө “Скай трейдинг” ХХК нь сар бүр 30 000 000 төгрөгийг үлдээж байх, гэрээ дуусгавар болоход уг үлдэгдлийг ажлын 5 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон. Гэтэл “Скай трейдинг” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээ дуусгавар болсон байхад өнөөдрийг хүртэл зээлийн лимитийн үлдэгдлээс 25 702 227 төгрөгийг төлөөгүй байна.

Дээрх нь хоёр талын нягтлан бодогчдын тооцоо нийлсэн актаар баталгаажсан. Зээлийн лимитийн үлдэгдэл нь барааны төлбөрийн үлдэгдэл бөгөөд үнийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардсан боловч “Скай трейдинг” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/493 тоот албан бичгээр төлбөрийг 2017 оны 01 дүгээр улиралд багтаан барагдуулах тухай хүсэлтээ ирүүлсэн. Гэвч энэ заасан хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд гэрээний 6.1-д худалдан авагч тал бүтээгдэхүүний үнийг энэхүү гэрээний хугацаанд заасны дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь буюу 12 851 113 төгрөг, нийт 38 553 340 төгрөгийг “Скай трединг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Скай трейдинг” ХХК-ийн төлөөлөгч Б.Самаади шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хоёр компани 2014-2015 оны хоорондын НӨАТ-ын падааны тулгалт хийж, “Скай трейдинг” ХХК-ийн худалдан авалт буюу “АПУ трейдинг” ХХК-иас 36 576 993.75 төгрөгийн НӨАТ-ын авлагыг авах нь анхан шатны баримтаар нотлогддог. “Скай” их дэлгүүр гэж байхад “АПУ трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн барааг борлуулах бүртээ төлбөрийг нь төлж, төлбөрийг авах бүрт “АПУ трейдинг” ХХК НӨАТ-ын баримтыг илгээж байсан. Ингэхдээ дээрх хэмжээний нийлүүлсэн барааны төлбөрт ногдох НӨАТ-ыг дутуу илгээсэн нь 2 компанийн НӨАТ-ын тайланд хавсаргасан падаанаар нотлогдож байна. “Скай” их дэлгүүр хаагдсантай холбоотойгоор дээрх нийлүүлсэн барааны НӨАТ-ын авлагыг барагдуулахаар “АПУ трейдинг” ХХК-д НӨАТ-ыг цахим системд шивэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл цахимд системд шивээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу “АПУ трейдинг” ХХК нь нийлүүлсэн барааны борлуулалтын орлого болох 402 346 923 төгрөгийн НӨАТ-ын 36 576 994 төгрөгийг “Скай трейдинг” ХХК руу цахим системд шивсний дараа бид үлдэгдэл төлбөр болох 25 702 227 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд “АПУ трейдинг” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтын дагуу НӨАТ-ыг шивэхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Скай трейдинг” ХХК-иас 25,702,227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 851 113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Скай трейдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 286 461 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК-ийн төлөөлөгч П.Батчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 4.11-д “... тогтоосон зээлийн лимитийн үлдэгдлийг хавсралт 2-т заасны дагуу үлдээх ба гэрээ цуцлагдсанаас хойш худалдагч талд 5 хоногийн дотор төлөх үүрэгтэй” гэсэн заалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай заалт байна гэж үзсэн. Харин энэ заалтаар гэрээ цуцлагдсанаас хойш зээлийн лимитийн үлдэгдлийг 5 хоногт багтаан төлөх тухай зааснаас биш, гэрээ дуусгавар болоход хэзээ лимитийн үлдэгдлийг төлөх тухай гэрээнд тохиролцоогүй учраас алдангийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Гэтэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт гэрээний агуулгыг тодорхойлох журмыг заасан. Талуудын хүсэл зориг болон гэрээний ерөнхий агуулгын хувьд гэрээ дуусгавар болоход лимитийн үлдэгдлийг 5 хоногийн дотор төлнө, гэрээ дуусгавар болоход лимитийн үлдэгдлийг худалдан авагчаар төлүүлэх эрхтэй, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлнө гэх мэт гэрээ дуусгавар болоход бараа, бүтээгдэхүүний төлбөр болон зээлийн лимитийн үлдэгдлийг хэрхэн төлөх тухай харилцан тохиролцсон байна.

Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаж, хууль болон гэрээнд заасны дагуу үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчээс төлбөр болон алдангийг нэхэмжилсэн боловч шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ үл биелүүлж, алданги 12 851 113 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “АПУ трейдинг” ХХК, хариуцагч “Скай трейдинг” ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 25 702 227 төгрөг, алдангид 12 851 113 төгрөг, нийт 38 553 340 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, НӨАТ-ыг цахим системд шивсэний дараа төлнө гэсэн тайлбар гарган маргажээ.

Талуудын хооронд нэг тал бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, жижиглэнгээр худалдан борлуулсны дараа үнийг төлөх талаар хэлцэл хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч компани нь хариуцагчид нийлүүлсэн барааны үнийг шаардсаныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох бүртгэлийн тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар /хх-6, 22-23 дугаар тал/ зэргийг үндэслэн зөв дүгнэж, барааны үнийн үлдэгдэл 25 702 227.72 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй нийлүүлсэн барааны үнийг төлүүлэх шаардлага нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй холбоотой байх бөгөөд тэрээр зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог шинжүүдтэй холбоотой буюу хэсэгчлэн төлөх төлбөр, хүү зэрэг асуудлаар шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш, учир нь зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу гаргаж буй шаардлага нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний уг төрлийн онцлог шинжтэй холбоогүй байна. Гэвч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс нийлүүлсэн барааг хүлээн авсан, гэрээний 5.2-т заасан буюу тогтоосон лимитийн үлдэгдлээс бусад зээлээр авсан бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 30-ны дотор бүрэн төлж, төлбөр тооцоог дуусгавар болгох үүргээ зөрчиж барааны үнэд 25 702 777 төгрөг төлөөгүй байгаа талаар нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүйн гадна 2 байгууллага хоорондын тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулсан баримт хэрэгт байна. /хх-6-13 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүрэг үүссэн үндэслэл, гэрээний төрөл, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарах асуудлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь нэхэмжлэгч “Апу трейдинг” ХХК нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги 12 851 113 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаажуулсан тухай баримтад нэхэмжлэгч компани хэдэн сард ямар бараа, бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, түүний лимитийн үлдэгдэл хэд байгаагаас сар бүрийн 30-ны өдөр төлөх ёстой төлбөр буюу гүйцэтгээгүй үүргийн хэмжээ тодорхой бус байхад алданги тооцох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан алданги төлөх үндэслэлд хамаарах үйл баримтын талаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “АПУ трейд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 570 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                               

            ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Ч.ЦЭНД