Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 48

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга .Мөнхзул,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Д.Санжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Д.Санжааг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000224 дүгээр хэргийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, тусгай дунд боловсролтой, ШШГЕГ-ын харьяа 405 дугаар ангид хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Овоотын 1 дүгээр гудамж, 31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Мянгад овогт Дагвапэрэнлэйн Санжаа /РД:УП92072833/.

Шүүгдэгч Д.Санжаа нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 02:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд 22-82 УНД улсын дугаартай “Toyota Алтеза“ маркийн автомашиныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Замын хөдөлгөөний дүрмийн 7.12. “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Мөнх-Одын жолоодож явсан 53-85 УНН улсын дугаартай автомашиныг мөргөж зорчигч П.Баасансүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Санжаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

  

201624000224 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч П.Баасансүрэнгийн: “2016 оны 03 сарын 03-ны шөнө найз Гантөмөр, Мөнх-Од нарын хамт ...Баянхошууны замаар Т.Королла маркийн 53-85 УНН дугаартай автомашины жолоочийн хойд талын суудал дээр суугаад явж байсан. Тэгтэл гэнэт өмнөөс явсан хурц гэрэлтэй машин зүүн гар тийш дараад урсгал сөрж орж ирээд машины урдаас мөргөсөн. Ингээд би тэр үед голын хэсэг рүү мөргөөд нэг хэсэг ухаан балартсан байсан. Сэрээд машинаас утаа гараад байхаар нь бушуухан шиг л бууя гэж бодоод машинаас буусан. Зүүн гар бяцраад хоёр удаа хугаралтай гэсэн. Толгой тархи бол нэлээд доргилттой гэсэн. Одоогоор хэдэн төгрөг гарсныг нэг их сайн тооцоогүй байгаа. Нөгөө талаас эмчилгээний зардал гаргасан гэсэн. Хамгаалах бүс хэрэглээгүй, арын суудалд байгаагүй. Манай найз Мөнх-Од машиныг жолоодоод Гантөмөр хажуу талд нь, би ард нь суугаад явж байсан. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Гантөмөрийн: “2016 оны 3 дугаар сарын 03-ны шөнө би найз Мөнх-Од, Баасансүрэн нарын хамт Т.Королла маркийн 53-85 УНН дугаартай автомашинд суугаад Баянхошууны замаар 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 50 гаран км цагийн хурдтай, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байтал өмнөөс явсан нэг машин урсгал сөрж орж ирээд машины урдаас мөргөсөн. Тэгээд нэг хэсэг ухаан алдаад сэртэл машинаас утаа гарчихсан байхаар нь гараад Мөнх-Одыг хартал хамгаалах бүсээ тайлах гээд оролдоод байж байхаар туслаад машинаас гаргасан. Толгой өвдөөд байсан. Нэг их гэмтэл учраагүй. Хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Нөгөө машин нэлээд хурдтай явсан байх аа. Би осол гарснаас хойш нийт 65 000 төгрөг эмчилгээнд гаргаад байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-49/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Одын: “Би энэ машиныг 2013 онд хүргэнээсээ 7 000 000 төгрөгөөр худалдан аваад 2016 оны 12 дугаар сард “Гуртын тавилан” ХХК-д 800 000 төгрөгт түр тавьсан байсан. Тэгээд уг машинаа жолоодон 2016 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 02 цаг болж байхад найз Гантөмөр, Баасансүрэн нарын хамт Баянхошуу орохоор явж байсан. Тэгээд 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 50 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт эсрэг урсгалаар явж байсан нэг машин зүүн гар тийш нь дараад ороод ирсэн. Машины чанх урдаас шахуу мөргөөд нэг хэсэг ухаан санаа балартаад сэрээд харахад Баасансүрэн машинаас буучихсан байсан. Намайг буухад Баасансүрэн гар хугарчихлаа гээд гар нь сонин болчихсон байсан. Нөгөө машины жолооч гээд нэг залуу согтуу байсан. Ингээд байж байхад эргүүлийн цагдаа нар, эмнэлэг ирээд аваад явсан. Машиныг би жолоодож явсан. Гантөмөр миний хажууд, хойд талд Баасансүрэн суугаад явж байсан. Би бол хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Нөгөө хоёр хэрэглээгүй байсан байх аа. Цээж нэг хэсэг их хөндүүр байсан. Одоо бол зүгээр байгаа. Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг уншиж танилцсан. Мөн машиныхаа мөнгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-59-60/,

Гэрч Ч.Дагвапэрэнлэйн: “Би Д.Санжаагийн төрсөн эцэг нь юм. Осол хэрэг гарсан тухай шөнө 02 цаг өнгөрч байхад манай хүү над руу залгаад Санжаа машинтай мөргөлдчихлөө гээд залгасан. Тэгээд осол хэрэг гарсан газарт очоод нөгөө гэмтсэн хүмүүстэй нь Гэмтлийн эмнэлэг рүү хамт явсан. Санжаа дээрээ 2 ахтай байж байгаад ах нар нь өнгөрцгөөсөн юм. Одоо бол манай ганц хүү байгаа юм. Хүү маань ер нь их даруухан хүнд тусархуу, анги хамт олондоо нэр хүндтэй хүүхэд байгаа юм. Гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь жаахан нэг нь 10 сартай, нөгөө нь 3 настай. ...Бид гэмтсэн хүнд эмчилгээний зардалд 2 150 000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Машин нь эвдэрсэн залууд мөнгө олж өгөх гээд хашаа байшингаа барьцаанд тавьж мөнгийг гаргаж өгөх гээд банкны зээл хөөцөлдөж байгаа. Хүүгээ ийм байдалд орсонд үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-66-67/,

Гэрч П.Борын: “Одоо сар өдрийг санахгүй байна. Санжаа ганцаараа манай гэрт машинтайгаа ирсэн. Тэгээд бид хоёр 0,75 граммын нэг шил архи хувааж уугаад тоглож наадаж байгаад шөнө харьлаа гээд машинтайгаа явсан. Д.Санжаа нь даруухан зантай, гэр бүлтэй. Манай гэрээс зүгээр л гарч явсан, согтоогүй байсан” гэх мэдүүлэг /хх-72/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.03.11-ний өдрийн 3306 дугаар актын дүгнэлтэд: “1.Баасансүрэнгийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл учирчээ. 2.Дээрх        гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-75/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.03.07-ны өдрийн 3315 дугаар актын дүгнэлтэд: “Ц.Гантөмөрийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-87/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.03.07-ны өдрийн 3305 дугаар актын дүгнэлтэд:      “1.Д.Мөнх-Одын биед цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ./хх-89/,

Техникийн шинжээчийн 2016.05.06-ны өдрийн 250 дугаар дүгнэлтэд: “Тоёото Алтеза маркийн 22-82 УНД дугаартай автомашины жолооч Д.Санжаа нь Монгол Улсын ЗХД-н 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” мөн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёото Королла маркийн 53-85 УНН дугаартай автомашины жолооч Д.Мөнх-Од нь ЗХД-н ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. 53-85 УНН дугаартай Toyota Corolla дугаартай автомашин нь ...44,2 км/цагийн хурадтай явсан нь хурд хэтрүүлээгүй байх үндэслэлтэй байна” гэжээ /хх-99-101/,

Д.Санжаагийн яллагдагчаар өгсөн: “2016.03.02-ны орой 20 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 22-82 УНД дугаартай Т.Алтеза маркийн автомашиныг жолоодоод найз Борын гэрт очсон. ...Хоёулаа 0,75 граммын нэг шил архийг хувааж уусан. Тоглож наадаж байгаад шөнө хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна. Борын гэрээс гараад машинаа жолоодоод гэртээ харихаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа 50 орчим км/цагийн хурдтай 2-р эгнээгээр холын гэрэлтэй явж байгаад гудамж руугаа орохоор зүүн гар тийшээ эсрэг урсгалд ороод урдаасаа хойшоо явсан Т.Королла маркийн машинтай мөргөлдсөн. Тэгээд түргэн, цагдаа ирсэн. Намайг согтуурал шалгах багажаар шалгаад бичиг баримтыг хурааж аваад эмнэлэг яв гээд явсан. Замын цагдаа хэмжилт хийхэд би хараад зогсож байсан. 3амаар машины хөдөлгөөн сийрэг байсан. Осол болсон газрын орчимд замын хажуу талын гэрэлтүүлэг асаж байсан. ...Нөгөө машин зайтай харагдах шиг болсон. Тэгэхээр нь амжих байх гээд зүүн гар тийшээ жолоогоо дараад орж байгаад мөргөлдсөн. Миний буруугаас осол гарсан. ...Би холын гэрэл дээрээ явсан. ...Надаас гэмтсэн хүний эмчилгээнд 2 300 000 төгрөг зарцуулаад байна. Мөргөлдсөн машин хэр хурдтай ирснийг мэдэхгүй байна. Жолоочоос гадна хоёр зорчигч байсан. Гэмтсэн хүний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-113/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-7-12/, Д.Санжаагийн согтуурал шалгасан магадлагаа /хх-14/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-15/, хохирлын баримтууд /хх-27-47/, өвчний түүх /хх-77-85/, гэрч Д.Лхамноржмаагийн мэдүүлэг /хх-69-70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-119/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-65, 123-127, 133, 134/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-133, 134/ зэргийг уншиж шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Санжаа нь согтуурсан үедээ 2016 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны замд 22-82 УНД улсын дугаартай “Toyota Алтеза“ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь буюу “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 2.7 дахь буюу “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Мөнх-Одын жолоодож явсан 53-85 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч П.Баасансүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэргийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Санжааг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Баасансүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч Ц.Гантөмөрийн бие махбодид хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Одын тээврийн хэрэгсэлд 4 632 400 төгрөгийн хохирол тус тус учирсан боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Д.Санжаад хуульд заасан хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.      

Хэрэгт хураагдаж ирсэн Д.Санжаагийн В ангиллын 675441 дүгээр жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Санжаа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мянгад овогт Дагвапэрэнлэйн Санжааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Д.Санжаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Санжаад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Санжаа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Д.Санжаад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Д.Санжаад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Д.Санжаагийн В ангиллын 675441 дүгээр жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Санжаад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Санжаад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР