Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0445 |
Огноо | 2014-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2014/0445
“Ж” ХХК-ИЙН НЭХЭМЖЛЭЛТЭЙ
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Ц.Э, хариуцагч Б.М, У.Н, Р.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ийн давж заалдах гомдлын дагуу, “Ж” ХХК- ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.М, У.Н, Р.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.М, У.Н, Р.Э нар нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000018 дугаар актаар “Ж” ХХК нь ажилчдад болон гэрээт ажилчдад олгосон 30.000.173.00 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоогүй, дутуу төлөлт илэрсэн гэх зөрчил тогтоон, дутуу төлөгдсөн 6.300.036.33 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс 3.150.018.16 төгрөгийн алдангийг тооцож, бүгд 9.405.054.49 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Бид энэхүү акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан. Уг зөвлөл 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гомдлыг хэлэлцээд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн албан тоотыг 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцсан. Иймд, улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Бид “Ж” ХХК-ийн 2010-2012 оны санхүүгийн тайланд шалгалт хийсэн. Автомашин түрээсийн гэрээгээр гэрээт ажилчдыг авч ажиллуулсан гэж санхүүгийн тайланд тусгагдсан байсан гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч У.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн 2010-2012 оны санхүүгийн баримтад шалгалт хийхэд гэрээт ажлын хөлс гэдэг зүйл гарч ирсэн. Түрээсийн гэрээндээ “ажил үйлчилгээ явуулсны дараа зохих журмын дагуу ажлын хөлсийг тооцож авна’’ гээд заачихсан. Бидний хувьд “Ж” ХХК-ийг 2 гэрээ хийх ёстой байсан гэж үзсэн. Хэрвээ зөвхөн автомашин түрээсэлсэн гэж байгаа бол өөрсдийнхөө жолоочийг ажиллуулах байсан. Харин жолоочтой машин түрээсэлж байгаа тохиолдолд жолоочийн хөлсний гэрээг давхар хийх ёстой. Жолооч бол мэргэжлийн мэдлэг, мэргэшил шаарддаг ажил. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлье гэдэг саналыг нэхэмжлэгч тал өөрөө гаргаж явуулсан... Мөн гэрээндээ ажлын хөлснөөсөө хүн амын орлогын албан татварын 10 хувийг авна гэж заасан. Энэхүү нөхцөл байдлуудыг үндэслэж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзээд, мөн даатгуулагчийн эрх ашгийг үндэслээд сайн дураар даатгуулагчид хамрагдаагүй хүмүүсийнх нь хувьд акт тавьсан... гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Р.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компани авто баазынхаа 30 ажилтнаас 14 ажилтныг нийгмийн даатгалд огт хамруулаагүйгээр эрх ашгийг нь хохироосон байсан... Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ хийгээд түрээсийн төлбөр гэж тавигдах байсныг ажлын хөлс гэж оруулснаараа нийгмийн даатгал төлөх үндэслэл болж байгаа. Хүн бүр дээр хөдөлмөрийн хөлсийг тооцох боломжгүй гэхээр нь 2 талаас ярьж байгаад аль аль талыг хохироохгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалд хамруулъя гэдэг байдлаар хандсан. Энэ актыг тавихдаа бид нэхэмжлэгч талтай олон удаа ярилцаж, санал солилцсон. Заавал акт тавина гэдэг байдлаар хандаагүй. Даатгуулагчийн эрх ашгийг хохироогоод байна гэж байгаа боловч өөрсдөө ажилчдынхаа эрх ашгийг хохироогоод явж байна гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 32 дугаар зүйлийн 32.1 2-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.М, У.Н, Р.Э нарын “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, алданги оногдуулах тухай” 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000018 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий "Жуулчин’’ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах гомдолдоо: ...1. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн нөхцөлийг тал бүрээс нь хянаж үзээгүйн дээр нэхэмжлэгчийн маргаж байгаа түрээсийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн байгуулсан “Автомашин түрээсийн гэрээ”-г авч үзэхдээ уг гэрээнд түрээсийн тээврийн хэрэгслийн үзүүлэлтийг тусгайлан зааж өгч автомашиныг ашиглаж байгаа нь гэрээний гол нөхцөл буюу /түрээсийн гэрээний зүйл/ болж байгаагийн зэрэгцээ автомашингүй бол бид зөвхөн жолоочтой гэрээ хийх шаардлага байхгүй /зөвхөн жолоочийг хөлсөөр ажиллуулах шаардлагагүй/ нөхцөлийг анхаарсангүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Үүний дагуу бид түрээслүүлэгч болох жолоочтой нь автомашиныг түрээслэх талаар тохиролцож, гэрээ, гэрээний зүйл болох автомашиныг түрээсэлж, автомашинаар зорчигчийг тээвэрлүүлэх үүргийг гүйцэтгүүлэн хариуд нь түрээсийн төлбөрийг төлж байгаа. Гэтэл шүүгч нь түрээслэгч гэж үзэж байгаа иргэд автомашиныг түрээсэлсэн бол түрээсийн төлбөр төлөх байтал “ажлын хөлс” авч байгаа гэж үзсэн нь ойлгомжгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “Нөгөөтээгүүр түрээслэгч нь түрээсэлсэн автомашиныг өөрийн үйл ажиллагаандаа ашиглан олсон ашгаа өөртөө авч үлдэж, харин нэхэмжлэгчтэй тохирсон түрээсийн төлбөрийг л төлөх үүрэг хүлээх ёстой” гэсэн нь агуулгын хувьд ойлгомжгүй байна. Үүнийг зөв агуулгаар нь тайлбарлаж үзвэл бидний тохиолдлын хувьд түрээслүүлэгч /тухайн автомашиныг эзэмшигч буюу жолооч/ нь автомашинаар жуулчдыг тээвэрлэж, очиж үзэхийг хүссэн газарт хүргэх үйлчилгээ үзүүлж, харин түрээслэгчээс түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүрэг хүлээж байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэсний дагуу түрээсийн төлбөрийг автомашины эзэмшигч хүлээн авч өөртөө орлого олж байна. Энэ тохиолдолд жолооч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслүүлээд олсон орлогоосоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу сайн дураар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эрх нээлттэй юм. Дээр дурдсан тайлбараар “Ж” ХХК-ийн байгуулсан гэрээ нь дээр тодорхойлсон түрээсийн гэрээний агуулгад нийцсэн байтал тухайн гэрээний нөхцөлөөр үгүйсгэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүгчийн зүгээс гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран бодит хэрэг дээрээ “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Хэрэв бидний байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзвэл энэ төрлийн гэрээний гол онцлогийг авч үзэх хэрэгтэй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна" гэж заасан байдаг. Тэгвэл “Ж” ХХК-ийн жолооч нартай байгуулсан жуулчныг аялах, очиж үзэх газарт нь хүргэж өгөх үүрэг гүйцэтгэсэн гэрээний хувьд “ажлын үр дүн” юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “ажил гүйцэтгэгч ямар нэг эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 343.4-т “Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ” гэж заасан. Энэхүү заалтын дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн юу байх талаар шүүгч үндэслэлдээ заагаагүй байна.
“Ж” ХХК-ийн байгуулсан гэрээг хэрхэн нэрлэсэн нь хамааралгүй гэж үзвэл энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан “Тээвэрлэлтийн гэрээ"-ний “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн заалтын агуулгатай илүү нийцэж байгааг шүүхийн хэлэлцүүлгийн явцад бидний зүгээс тайлбарлаж байсан ба энэхүү тээвэрлэлтийн гэрээ нь Нийгмийн даатгалын тухай хуульд хамаардаггүй тухайд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд заавал даатгуулна” гэсэн хуулийн заалтад “Ж” ХХК-иас автомашиныг түрээсээр ашиглаж, жуулчдыг тээвэрлэж, түрээсийн төлбөр төлсөн нь хамаарахгүй.
2. Нийгмийн даатгалын улсын байцаагч нар 000018 тоот актаар тогтоосон зөрчлийн дүнг тооцохдоо анх бидэнд автомашинаа түрээсэлсэн жолоочид олгосон нийт түрээсийн төлбөрөөс тооцож, 2010, 2011, 2012 онд 110.337.437 төгрөгийн зөрчил тогтоож, үүнээс 37.295.856 төгрөгийн шимтгэл. алданги төлүүлэхээр акт тавих тухай бидэнд танилцуулсан. Үүнийг иргэн Н.Батжавтай байгуулсан гэрээгээр жишээ болгон хувьд авч үзвэл, жолоочтой автомашиныг 1 өдрийн 60.000 төгрөгөөр тохирч, 10 өдөр автомашинаар аялалд яваад нийт 600.000 төгрөгийн тээврийн хөлс гэж тооцож олгосон энэхүү дүнгээс акт тавигдахаар байсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй, тухайн иргэнээс автомашиныг нь түрээсэлж тээврийн хөлс төлж байхад нийт дүнгээр /ажлын хөлс гэж үзэж/ хавтгайруулан акт тавих нь үндэслэлгүй тухай хэлсэн. Үүнийг ч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар хүлээн зөвшөөрч, нийт олгосон түрээсийн төлбөрөөс акт тавихаас татгалзсан... Ингээд хариуцагч байцаагч нарын зүгээс жолоочийн ажлын хөлсийг ялгаж тогтоохыг биднээс шаардсан. Бидний зүгээс жолоочид олгосон тээврийн түрээсийн төлбөрөөс жолооч хэдийг нь автомашины түрээс гэж үзэх, хэдийг нь өөрийн ажлын хөлс гэж тогтоох боломжгүй болсон. Иймд байцаагч нар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 000018 тоот актыг баталгаажуулан гаргаж, танилцуулсныг бид хүлээн зөвшөөрөөгүй маргаан үүссэн. Ийнхүү Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж шимтгэл, алданги тооцож, акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Учир нь, байцаагчийн акт тавьж байгаа үндэслэл болгосон хөлсөөр ажиллаж байгаа жолоочийн ажил нь тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хамаарах тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох боломжгүй. Мөн акт тогтоохдоо сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /2012 онд 140.400 төгрөг байсан/ баримталсан нь алдаатай болсон. Бидэнтэй гэрээ байгуулсан тухайн жолооч нар 1 өдөр, 2 өдөр, 3 өдөр, 5 хоног, 10 хоног гэх мэтээр сар хүрэхгүй хугацаагаар аялалд явсан байтал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 140.400 төгрөгөөр тооцож, шимтгэл төлүүлэх нь үндэслэлгүй. Хэрвээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох бол ажилласан хугацаанд нь оногдох хөдөлмөрийн хөлсний дүнгээс тооцох ёстой... Гэтэл аялалд явсан жолоочид олгосон тээврийн хөлсийг 140.000 төгрөгөөс доош бол тухайн дүнгээр нь, 140.400 төгрөгөөс их хэмжээтэй бол автоматаар 140.400 төгрөгөөр тооцож, акт тавьсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тооцооллын хувьд алдаатай тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үндэслэлгүй болохыг харуулж байна.
Мөн сургагч багш нарт олгосон ажлын хөлсний хувьд, цалингийн хувьд бид жолоочид олгосон түрээсийн төлбөрөөс ялгаж шимтгэл төлөхийг хүлээн зөвшөөрөхөөр байсан хэдий ч мөн 1 өдөр, 2 өдөр, 3 өдрийн сургалт хийж ажлын хөлсийг тооцож олгосон байтал сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй тул үүнийг хүлээн зөвшөөрөөгүй нь үндэслэлтэй. Мөн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд, шүүхийн шийдвэрийг хянан үзэж, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.М, У.Н. Р.Э нар нь “Ж” ХХК-ийн 2010-2012 оныг дуусталх хугацааны санхүүгийн баримтад батлагдсан хуваарийн дагуу шалгалт хийж, ажилчдад болон гэрээт ажилчдад олгосон 30.000.173.00 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй, дутуу төлсөн зөрчилд 6.300.036.33 төгрөгийн нөхөн төлбөр, 3.150.018.16 төгрөгийн алданги, нийт 9.405.054,49 төгрөг төлүүлэхээр 000018 тоот акт тогтоожээ.
“Ж” ХХК нь дээрх актын нөхөн төлбөр болон алданги тогтоосон хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.
“Ж” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь жуулчдад үйлчилгээ үзүүлэх, тохиролцсон газарт аялуулах байх бөгөөд энэхүү зорилготой нь харьцуулан үзэхэд жолооч нартай байгуулсан гэрээг ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх биш харин Иргэний хуульд заасан “хөлсөөр ажиллах” агуулга бүхий гэрээ байна. Тухайн жолооч өөрийн эзэмшлийн машинтай байх нь энэ тохиолдолд нэмэлт нөхцөл болж байна. Түүнчлэн жолооч мэргэжилтэй боловч өөрийн машингүй, машинтай боловч өмчлөгч нь жолооч биш бол “Ж” ХХК гэрээ байгуулахгүй, зөвхөн өөрийн өмчлөлийн машинтай жолооч нартай гэрээ байгуулж буйгаар энэ нь тогтоогдоно. Хэрэв тус компанидаа жолооч нарыг ажиллуулдаг байгаад гаднаас зөвхөн автомашин түрээсэлдэг байсан бол өөр байх байсан.
Түрээсийн гэрээний агуулга нь “түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд зүйлийг шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх” бөгөөд гэрээний гол зүйл нь “түрээслүүлэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгө шилжүүлэх” юм. Маргаж буй тохиолдолд түрээслүүлэгч гэх жолооч нар нь түрээслэгч “Ж” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад ямар нэгэн эд хөрөнгө шилжүүлээгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн автомашин эзэмшигчид нь хуульд заасны дагуу өөрийн эд хөрөнгө болох автомашиныг тус компанид шилжүүлээгүй, харин гэрээ байгуулж байгаа “Ж” ХХК-ийн захиалгаар өөрсдийн эд хөрөнгө болох автомашинаар тодорхой захиалга биелүүлэх үүргийг хийж гүйцэтгэж байгаа нь дээрх түрээсийн гэрээний зорилгоос өөр байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс автомашины түрээсийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч мөн чанартаа ажлын хөлсийг түрээслүүлэгч болох жолооч нарт олгож байгаагаас тухайн гэрээний нөхцөл үгүйсгэгдэж байгаа бөгөөд хөлсөөр ажиллах гэрээний дагуу жолооч нарыг “Ж” ХХК-д ажиллуулснаар хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого олж байгаа болох нь талуудын тайлбар, санхүүгийн баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл болон холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасны дагуу “Ж” ХХК нь жолооч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг тухай бүр нь төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч нь маргаан бүхий актад дурдсан үнийн дүн, хувь хэмжээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд тооцож гаргасан бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, жолооч нарын ажлын хөлс нь хэдэн төгрөг болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тодорхойлогдох боломжгүйн улмаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хөлс авсан жолооч, багш нарын тухайд олсон орлогод нь тохирох хэмжээгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр илүү орлого олсон жолооч нарын тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шимтгэл ногдуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах” гэж заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл ийнхүү хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шимтгэл ногдуулж байгаа нь бусдын эрх зүйн байдлыг дордуулаагүй.
Түүнчлэн “жолоочтой машин түрээсэлж байгаа тохиолдолд жолоочийн хөлсний гэрээг давхар хийх ёстой, хөлсөөр ажиллах гэрээ байна” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хариуцагч нар нь 2012 оны зөрчлийн тухайд 30.000.173 төгрөг гэж тооцоолсон байх боловч хавсралтаас дүгнэвэл 30.170.573 төгрөгийн дүнтэй гарч байгаа бөгөөд энэ нь актын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүйг тэмдэглэж байна.
Нэхэмжлэгч нь тухайн актыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүсэж байгаа /жолооч болон багш нар холбогдох хэсэг/ гэж тайлбарлах боловч багш нарт холбогдох хэсгийн тухайд ямар нэгэн үндэслэл, шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ШҮҮГЧИД Д.БАТБААТАР Н.ХОНИНХҮҮ |
Э.ЗОРИГТБААТАР |