Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0620

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2020/0620

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.А /РД:ФМ88******/

Хариуцагч: Ц.Е.Г.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ц.Е.Г-ын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай, нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Миний бие Л.А нь Орхон аймгийн Цагдаагийн газарт 2006.07.07-ны өдрийн 1/66 дугаар тушаалаар Хэв журмын цагдаагаар томилогдон ажиллаж эхэлсэн ба 2017.05.26-нд Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар томилогдон ажилласан. Ажлаа аваад удаагүй байхад буюу 2017 оны 08 дугаар сард Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга А.Б нь үүрэг даалгавар өгч Орхон аймгийн Цагдаагийн газрын ахмад настангууд, цагдаагийн ажилтнуудын ажлын байрыг /кобан/ галлах мод, түлээг Булган аймгийн Бугат сумаас бэлтгэх ажлын хэсгийг ахалж явах үүрэг даалгавар өгч, үүргийн дагуу 2017.08.15-ны өдөр мод бэлтгэхээр Цагдаагийн 4 ажилтан болон бусад бэлтгэх хүмүүсийн хамт Бугат суманд очиж мод бэлтгэсэн. Энэхүү мод бэлтгэж байхдаа Орхон аймгийн Цагдаагийн газар нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэдгээр буруутгагдаж, ахалж явсан гэдгээр намайг буруутай гэж үзсэн ба хариуцагчаар Орхон аймгийн Цагдаагийн байгууллага татагдсан.

Тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны 2019.06.07-ны өдрийн ******* тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэм буруутай гэж ял оногдуулахгүйгээр 6 сарын тэнсэн харгалзаж хэргийг шийдвэрлэсэн ба уг хугацаа дуусч ял шийтгэлгүй болсон. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэх хугацаа нь 2017.08.16-ны өдөр бөгөөд энэ хугацаанаас хойш цагдаагийн байгууллагаас энэ асуудлаар сахилгын ямар нэгэн арга хэмжээ аваагүй, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ял шийтгэлгүй дуусах хүртэл хугацаанд сахилгын шийтгэл хүлээлгээгүй. 2019.06.22-ноос 2020.07.16-ны өдрийг хүртэл нэг жил гаруй хугацаанд энэ асуудлаар сахилгын шийтгэл мөн хүлээлгээгүй, ял шийтгэлгүй болсны дараа сахилгын шийтгэл хүлээлгэж албанаас халах тушаал гаргасан нь Төрийн апбаны тухай хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байх тул нь Ц.Е.Г-ын 2020.07.16-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Ц.Е.Г-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.А нь Орхон аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож, Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаартай шийтгэх тогтоолоор хуурамч бичиг баримт ашиглаж, хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн байна.

Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 16 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож улмаар Улсын дээд шүүхийн 2019 оны ******* дугаар тогтоолоор давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. Дээрх 3 шатны шүүхийн шийдвэрүүдээс үзвэл нэхэмжлэгч Л.А-г гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Төрийн албаны тухай хуулийн 47.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална:” гээд 47.1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;", Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд цагдаагийн албанаас хална:” гээд 82.1.2 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;" гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай үйлдэл нь дээрх хуулиудын үйлчлэлд хамаарч байх тул цагдаагийн албанаас чөлөөлсөн байгууллагын шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Л.А-ын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.А-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ц.Е.Г-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/******* тоот тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг баримтлан “Орхон аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Л.А нь Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон тул 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон албанаас халж, “цагдаагийн ахлах дэслэгч” цолыг хураах”-аар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс “...гэмт хэргийг үйлдсэн гэх хугацаа нь 2017.08.16-ны өдөр бөгөөд энэ хугацаанаас хойш цагдаагийн байгууллагаас энэ асуудлаар сахилгын ямар нэгэн арга хэмжээ аваагүй, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, ял шийтгэлгүй болох хүртэл хугацаанд сахилгын шийтгэл хүлээлгээгүй, ял шийтгэлгүй болсны дараа сахилгын шийтгэл хүлээлгэж албанаас халах тушаал гаргасан нь Төрийн апбаны тухай хууль зөрчиж шийдвэр гаргасан, сонсох ажиллагаа хийгээгүй ...” гэж тайлбарлан маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна: зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Орхон аймаг дахь Цагдаагийн газарт аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарч байна.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “Шүүгдэгч Ө**д овогтой Л.А-ыг хуурамч баримт бичиг ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон тус тус тооцсугай”, мөн хэсгийн 4-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэжээ.[1] Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-аас давж заалдах гомдол гаргасныг Булган аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянаад 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалаар шүүгдэгч Л.А-ын давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.[2] Гэвч уг магадлалд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх хүлээн авч, хянаад 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т /2017/ “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: Санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хуулиудын үзэл баримтлал, хэлэлцсэн үеийн дэлгэрэнгүй тэмдэглэл зэргээс дүгнэвэл энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаанд хамаарахааргүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “ял шийтгэлгүй” болсон буюу эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргасныг буруутгах боломжгүй.

Тодруулбал, төрийн жинхэнэ алба хаагчдын хувьд Монгол улсын харьяат, гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байгаагүй иргэн ажиллах шаардлагыг хуулиар тавьсан тул дээрх үндэслэл илэрсэн тохиолдолд түүнийг мэдсэн үеэс хэдийд ч албан тушаалаас нь халах зохицуулалтыг тусгасан байна.[3] Төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах цагдаагийн алба хаагчид мөн адил шаардлагыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтаар тавьсан байх тул “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халах тохиолдолд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа хамаарахааргүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Ц.Е.Г-ын дэд даргаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/92 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандаж “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” ... гэсэн зохицуулалтуудаас үзвэл төрийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас шууд халахаар хуульчилсан байгаа бөгөөд харин хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн төрийн алба хаагчдад хэрхэн үйлчлэх нь мөн тодорхойгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цагдаагийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн алба хаагчдыг цаашид төрийн тусгай албанд ажиллуулах эсэх...” талаар чиглэл хүссэн байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/660 дугаар албан бичгээр Цагдаагийн ерөнхий газарт хандаж “...Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөгдсөнөөс хойш төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол тухайн албан хаагчийг ажлаас нь халах хууль зүйн зохицуулалттай...” гэх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн хувьд түүний гэм бурууг шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолыг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж дээрх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээр уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэ үед Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: Санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын аль хэлбэрийг хүлээлгэснээс үл хамааран гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайг нь шүүх тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас халахаар зохицуулсан байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж “санаатайгаар” гэсэн хэсгийг хассан, гэвч нэхэмжлэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж зааснаас үзэхэд зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ тус тус авч ойд мод бэлтгэх, мод тээвэрлэх ёстойг мэдэх ёстой, уг үйлдлийг болгоомжгүйгээр үйлдэх боломжгүй тул зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх хэрэг байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалд тавих тусгай шаардлагыг холбогдох хуулиар тогтооно.” гэж заасан, мөн хууль хэрэглээний хувьд тухайн харилцаанд нарийвчилсан зохицуулалт бүхий хуулийг түрүүлж хэрэглэх зарчмын дагуу маргаан бүхий актад Цагдаагийн албаны тухай хуулийг баримталсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “...Төрийн албаны тухай хууль баримтлаагүй...” гэх гомдлоор маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий Ц.Е.Г-ын даргын Б/******* тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа тухайн иргэн, хуулийн этгээдийг сонсох гэх мэт ерөнхий болон тусгай журмыг шийдвэр гаргах баримтлах ёстой бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах шийдвэр гаргахдаа баримтлах тусгай шаардлагыг тусгаагүй байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны ерөнхий журмыг баримтлах шаардлагатай байсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, маргаан бүхий актыг гарсны дараа 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 17 цаг 10 минутад нэхэмжлэгч Л.А-т цагдаагийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргах гэж буй талаар тухайн шийдвэрийн үндэслэл танилцуулж, биечлэн уулзах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулж оролцогчоос тайлбарыг нь авсан байна.[4] Уг сонсох ажиллагаа нь маргаан бүхий актыг гаргасны дараа явагдсан байна.

Энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд үр дүнд хүрэхээргүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн эсэхээс үл хамаарч тухайн нөхцөл байдлын үр дагавар өөрчлөгдөхөөргүй байх тул хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “сонсох ажиллагаа хийгээгүй” гэж буруутган маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т /2017/ заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.А-аас Ц.Е.Г.Д-д холбогдуулан гаргасан “Ц.Е.Г-ын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/******* тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 30 дахь тал.

[2] Хавтаст хэргийн 27 дахь тал.

[3] Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.3 дахь заалт.

[4] Хавтаст хэргийн 43 дахь тал.