Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 387

 

                                                       Ч.Т-д холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Отгонтөгс,

            насанд хүрээгүй хохирогч О.Ү-н хууль ёсны төлөөлөгч П.А,

            шүүгдэгч Ч.Т-н өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч О.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч П.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Т-д холбогдох 1808 0086 50278 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-н Т, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгий эдлэлийн гар урлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, эгч, дүү нарын хамт .......... дүүргийн ...... дугаар хороо, .......... дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 7 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан;

Ч.Т нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч Ч.М-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн “I phone-5” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 138.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,                      1 дүгээр байрны 7 дугаар орцны 8-н давхарт насанд хүрээгүй хохирогч Н.З-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэн “I phone-5” загварын гар утсыг дээрэмдэн авч, 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 2 дугаар сарын 5-ны орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” сургуулийн орчим, насанд хүрээгүй хохирогч О.Ү-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, “Samsung Note-2” загварын гар утсыг нь дээрэмдэн авч, 132.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86а дугаар байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Э.Х-г айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн орчим, насанд хүрээгүй хохирогч Э.А, Э.Б, Э.Т, Г.Э нарыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлэн, гар утсыг нь дээрэмдэн авч, нийт 370.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 12 дугаар гудамжны 20 тоотод хохирогч Э.О-н гар утсыг хуурч мэхлэн авч, 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ч.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 01 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 6.9 дүгээр зүйлд зааснаар Ч.Т-д 2016 онд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Т-н урьдчилан цагдан хоригдсон 263 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Ч.Т-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжпэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Т-с 138.000 төгрөг гаргуулж Э.Т-т, 138.000 төгрөг гаргуулж Г.Э-т, 270.000 төгрөг гаргуулж Э.Х-т, 1.040.000 төгрөг гаргуулж Э.О-д тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерийн бичлэг, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч П.А нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн 275 дугаар шийтгэх тогтоолын дараах хэсгүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир гомдол гаргаж байна.

1. Дээрэмдүүлсэн гар утаснуудын үнэлгээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлсэн нь хуулийн үндэслэл болж чадахгүй байна. Тухайлбал: Бид гар утаснуудаа тухайн үеийн гар утасны зах зээлийн үнээр худалдаж авсан нийтлэг үнэ байсаар байхад үүнийг үгүйсгэж, ямар нэгэн компаниар маш өчүүхэн үнээр үнэлүүлж, хохирогчдыг хохироож, гэм буруутанг өөгшүүлэн дэмжсэн байна. Би “Samsung Note-2” загварын гар утсыг 370.000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 132.000 төгрөгөөр үнэлсэн байна. Хэрвээ миний утсыг дээрэмдэж аваагүй бол өнөөдөр би 370.000 төгрөгийн гар утастайгаа байх учиртай. Хууль биднийг ингэж хохироох учиргүй тул гомдолтой байна.

2. Хохирогч 370.000 төгрөгөөс 130.000 төгрөг гаргаж өгсөн учир үлдэх 240.000 төгрөгөө нэхэмжилж байна.

3. Урьд нь дээрмийн хэргээр хоёр удаа ял шийтгүүлсэн, дахин 7 хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэргийг бусдын эд зүйлсийг хууль бусаар авахдаа хүч хэрэглээгүй авсан гэдэг хуулийн обьектив шинжийг хангасан гэж үзэж зүйлчилсэн нь шүүгч хуулийн агуулгыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: Бага балчир насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, нэгжиж, булаан зугтааж, занал зүхэл хийж, гарыг нь базаж дээрэмдсэн, насанд хүрээгүй хүүхдүүдийн өөрийгөө болон эд зүйлсээ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглан, удаа дараа дээрэм хийгээд байгаа арга үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд зүйлсийг хууль бусаар авахдаа хүч хэрэглээгүй авсан заалтад багтаан зүйлчилсэн нь буруу байгаа учир гомдолтой байна. ...” гэжээ.

Насанд хүрээгүй хохирогч О.Ү-н хууль ёсны төлөөлөгч П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүч хэрэглэхгүйгээр гар утсыг нь авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай хүүхдээс залилж гар утсыг нь аваагүй. Айлгаж сүрдүүлж байгаад авсан. Мөн гар утасны үнэлгээг буруу тогтоосон. Би хүүхэддээ уг гар утсыг 370.000 төгрөгөөр авч өгсөн. Гэтэл “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 132.000 төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлгээ болсон. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.  

           Шүүгдэгч Ч.Т-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчмыг баримтлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утасны үнэлгээг хоёр удаа хийсэн. Үнэлгээгээр тогтоосон төлбөрийг төлж барагдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шатнаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаж байсан. Шүүгдэгчийн эгч нь “I phone-5” загварын гар утсыг биетээр өгсөн. А-с энэ гар утсыг авах эсэхийг асуухад “бичиг баримтгүй утас авахгүй” гээд аваагүй. Тэгээд үнэлгээ тогтоосон. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Ч.Т нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, мөн хохирогч нарын биед нь гэмтэл учруулаагүй тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэж үзээд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Т-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, насанд хүрээгүй хохирогч О.Ү-н “...тэр үл таних залуу манай дүүгийн нүүрэн дээр гараа атгаад бариад байхаар нь би зодож магадгүй гэж бодоод гар утсаа гаргаад өгчихсөн. ...” /1 хх 18/, Н.З-н “... намайг 4 давхарт буух гэтэл тэр эрэгтэй “чи манай дүүг зодсон байна” гээд дагуулаад 6 давхарт гарсан. ... “Би 6 давхараас дүүгээ гаргаж ирээд дуудъя, чи гар утсаа үлдээ, нотолгоо болно” гэж хэлэхээр нь “надад гар утас байхгүй” гэж хэлэхэд миний хувцасыг нэгжиж байгаад олсон. “Чи намайг хулгайч гэж бодоод байна уу” гэж хэлээд “чи наанаа байж бай” гэж хэлээд доошоо буугаад алга болсон. ...” /1 хх 102/, Э.Б-н “... тэр ах хүрч ирээд ... “манай дүүг хөл бөмбөг тоглож байхад 3 хүүхэд зодсон байна, та нар байж магадгүй, өөрсдийнхөө зургийг өг” гэсэн. Зураг байхгүй гэхэд “тэгвэл өөрсдийнхөө утсан дээр зургаа аваад өг” гээд бид нар өөрсдийнхөө утсан дээр зургаа авсны дараа гар утсаа өгөхгүйгээр “танай дүүтэй уулзчихаж болдоггүй юм уу” гэхэд “болохгүй” гээд Т, Э, А бид дөрвийн гар утсыг авсан. ...” /2 хх 6/, Г.Э-н “... Тэгээд би утсаа өгөхгүй гэхэд тэр ах миний баруун гарыг атгаад “чи байж бай, надад гар утсаа өг” гэж хэлсэн. Тайшир, Анхбаяр, Баттулга бид дөрөв гар утсаа өгсөн. ...” /2 хх 13/, мөн түүний “... Тэр ах миний гар утсыг авахдаа “утсаа өгөөдөх” гэхээр нь би “өгөхгүй” гэтэл миний баруун гарын бугуйнаас базаж аваад “чи байж бай, ямар том дуутай бацаан бэ, цагдаа ирэхээс өмнө би та нарыг яаж ч магадгүй шүү” гэхээр нь айсандаа гар утсаа гаргаж өгсөн. ...” /3 хх 14/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэгт “айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгох ба энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болох тухай” ойлголтыг хамааруулдаг.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрх насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч Ч.Т-н зүгээс хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд тэрээр сэтгэхүйн буюу хэл яриагаар, түүнчлэн айлгах бүхий үйлдэл хийж, эрхшээлдээ оруулан, эд зүйлийг нь авсан болох нь тогтоогдож байна.

Ч.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” буюу дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Ч.Т-д холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. 

Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа “... мөн зүйлийн 01 дэх хэсэг болгон...” гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл, хэсгийг бичсэнийг цаашид анхаарвал зохино. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 275 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ. 

Насанд хүрээгүй хохирогч О.Ү, түүний хууль ёсны төлөөлөгч П.А нарын хамтран гаргасан хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авсныг тэмдэглэж байна.