| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2021/1137/Э/220/2022/0218 |
| Дугаар | 2022/ШЦТ/12 |
| Огноо | 2021-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/12
СаСонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Ж.Э-,
хохирогч Д.Э-,
шинжээч Д.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,
шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.С- 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Hyundai Porter” маркийн _____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар).
Шүүгдэгч Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Эмээлтийн замд явж байсан. Урд том машин удаан яваад байхаар нь эгнээ байраа шилжүүлээд 1 дүгээр эгнээнд орохдоо хохирогчийг мөргөж унагасан. Би тэр даруй машинаасаа бууж очоод биеийг нь асууж аав болон эмээ рүү нь утсаар ярьж дуудсан. Дугуйтай зорчигчийг хараагүй. Бороотой, цонх цантай байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дугуйны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед зүгээр байна гэж авч явчхаад дараа нь эвдрэлтэй гээд байгаа. Хохиролд 1,300,000 төгрөг өгсөн, бусдыг төлнө. Уучлалт гуйж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн үед мөргүүлсэн. Намайг толиороо мөргөөгүй, хойноос ирээд мөргөсөн. Хэрэв толиороо мөргөсөн бол тийм хүчтэй унахгүй байсан. Мөргүүлээд миний булчин хавдсан байсан учраас өвдөлтөө мэдрээгүй. 10 орчим минутын дараа хөлөө нугалж болохгүй байсан. Эмнэлэгт үзүүлэхэд булчингийн няцрал гэсэн онош тогтоогдсон. Миний өмсөж явсан хувцас урагдсан. Тухайн хувцсыг надад зориулж захиалгаар оёж өгдөг. Дугуй бас эвдэрсэн байгаа. Би улсын шигшээ багийн тамирчин учраас хамгийн сүүлийн үеийн тоноглолтой дугуй байсан. Цахилгаанаар ажилладаг, 40-50 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Араа солигч, базуур нь бүхэлдээ эвдэрсэн, үүнийг нэхэмжилж байгаа. Хохиролд 1,300,000 төгрөг авсан. Гомдолтой байна” гэв.
Шинжээч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дугуйг бодитоор үзэхэд онцлогтой дугуй байсан. Дугуйг 2 хэсэг салгасан, бусад хэсэг нь ирээгүй. Тэдгээрийг эвдэрсэн гэж хэлж байсан. Бид үнэлгээг хийхдээ заавал хоёр талын хүмүүсийг байхыг шаарддаг. Шүүгдэгчийг ажилтай гээд ирээгүй гэхээр нь нэг талыг байлцуулж үнэлгээ хийсэн. Тухайн дугуйг ашиглах боломжгүй эвдэрсэн гэж үзсэн. Тухайн дугуйг үнэлэхэд бэрхшээл гарсан. Энэ юу вэ гэвэл тухайн дугуй нь Монголд байдаггүй учраас интернэт орчноос судалгааг авч хийсэн. Тухайн дугуйнд хэрэгтэй эд ангиуд комоороо зарагддаг” гэв.
Эрүүгийн ____ дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Э-ийн: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 09 цаг өнгөрч байхад дугуйн бэлтгэлээ хийгээд Эмээлтийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд баруун талаа шахаад унадаг дугуй унаад явж байсан. Миний хойноос Портер маркын ачааны автомашин дугуйны хойд обуд руу мөргөөд би шороон зам руу унасан. Тухайн үед дугуй засмал зам дээр унасан байсан. Би босоод дугуйн дээрээ очсон. Намайг мөргөсөн машин урагшаа зогссон байсан. Жолооч нь бууж ирээд миний биеийг асуухад “би хөлөө нугалж чадахгүй байна” гэж хэлсэн. Дугуйн тоног, обуд эвдэрсэн. Миний өмсөж явсан бэлтгэлийн хувцас урагдсан. Учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-19-20),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.08.04-ний өдрийн 6995 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Э-ийн биед зүүн гуяны булчингийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хх-47-49),
Иргэний хариуцагч Л.Э-ын: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчим би _____ улсын дугаартай Портер маркын машиныг найз С-гээр бариулаад өөрөө урд нь Фусо маркын том ачааны машинтай явж байсан. Толиндоо хартал ард С- машинтайгаа нэг дугуйтай хүүхэдтэй зогсож байхаар нь би яваад очтол С- дугуйтай хүүхдийг машинаараа шүргэчихлээ гээд зогсож байсан. Юу болсон талаар асуухад “хоёрдугаар эгнээгээр чиний араас дагаж явж байгаад нэгдүгээр эгнээ рүү орох үедээ буруу талынхаа толиороо шүргэчихлээ” гэж хэлсэн. Би хоёрдугаар эгнээгээр зорчиж явсан. С- миний араас уг нь хоёрдугаар эгнээгээр дагаад явж байсан юм. Намайг толиндоо харах үед С- машинтайгаа нэгдүгээр эгнээ рүү ороод зогссон байсан...” гэх мэдүүлэг (хх-33),
Шүүгдэгч Г.С-гийн яллагдагчаар өгсөн: “2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 09 цаг 10 минутын орчим найз Э-ын эзэмшлийн _____ улсын дугаартай Портер маркын автомашиныг жолоодон Эмээлтийн замд зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад 1 дүгээр эгнээнд шилжин орохдоо зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зорчиж явсан дугуйтай хүүхдийг машиныхаа баруун урд талын толиороо шүргэж унагасан. Тухайн үед бороо орж байсан бөгөөд би толиндоо харахад араас машин харагдаагүй тул шууд дараад орсон. Тэр хүнийг огт хараагүй...” гэх мэдүүлэг (хх-37),
“___” ХХК-ийн 2021.08.03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-567 дугаар тайланд: “1. Унадаг дугуй (Avangers брэндийн уралдааны дугуй, базуур, базуурын резин, пердаж, гинж, араа хүрд, 30 хувийн элэгдэл тооцсон. Монголд сэлбэг олдохгүй, захиалгаар ирнэ) 1 ширхэг 4,900,000 төгрөг, Обуд (сэнсэрсэн, засвараар) 1 ширхэг 150,000 төгрөг, нийт 5,050,000 төгрөг” гэжээ (хх-66-70),
“___” ХХК-ийн 2021.08.03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-566 дугаар тайланд: “1. Хар өнгийн борооны цув (хэрэглэж байсан, зах зээлийн дундаж ханш) 1 ширхэг 250,000 төгрөг, 2. Цэнхэр өнгийн комбинзон (дугуйчны өмсгөл, солонгос, зах зээлийн дундаж ханш) 1 ширхэг 200,000 төгрөг, 3. Саарал өнгийн бээлий (хэрэглэж байсан, зах зээлийн дундаж ханш) 1 ширхэг 40,000 төгрөг, нийт 490,000 төгрөг” гэжээ (хх-73-76),
“___” ХХК-ийн 2021.10.07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-816 дугаар тайланд: “Avenger маркийн дугуй (спорт D12 тоногтой, мэргэжлийн спортын дугуй, 30 хувийн элэгдэл тооцсон) 1 ширхэг 9,002,726 төгрөг” гэжээ (хх-81-84),
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021.09.21-ний өдрийн 211 дугаартай магадлагаанд: “1. Hyundai Porter маркын _____ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Унадаг дугуйн жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” магадлагаа (хх-87),
“___” ХХК-ийн 2021.09.28-ны өдрийн 21/19 дүгээр албан бичигт: “...Тамирчин Д.Э-ийн унаж байсан дугуй нь Тайвань улсад үйлдвэрлэсэн “Avenger” бүтэн карбон (шилэн нүүрстөрөгч) материалтай дугуй ба 2020 онд интернэтээр захиалан 20 сая төгрөгөөр худалдан авсан болно. 1. Хойд обуд: Тайвань улсын “Ferei” бренд, карбон цагирагтай, 32 хигээстэй, хүчтэй цохилтын улмаас цагираг нь сэнсэрч, хигээснүүд нь суларч эвдэрсэн. Засвар авах боломжтой. Хос обудны авсан үнэ 4 сая төгрөг. Засварын үнэлгээ 500,000 төгрөгт багтана. 2. Тоормосны базуур буюу араа, хурд солигч: Японы “Shimano-Dure-Ace 9160” брэнд, хүчтэй цохилтын улмаас тахийж гулзайсан, доторх араа шүд нь ажиллагаагүй болсон. Дахиж ашиглах ямар ч боломжгүй. 3. Араа солигч: Японы “Shimano-Dure-Ace 9160” брэнд, 11 давхар арааных, хүчтэй цохилтын улмаас мурийж гулзайсан, дахин ашиглах ямар ч боломжгүй. 4. Араа гинж: Японы “Shimano-Dure-Ace 9160” брэнд, хүчтэй цохилтын улмаас араа гацаж эргэхээ больсон, гинж мушгирч эвдэрсэн. Дахин ашиглах ямар ч боломжгүй. 5. Шатунь буюу дунд систем: Японы “Shimano-Dure-Ace 9160” брэнд, шатун нь гулзайсан, 53 шүдтэй хүрд нь мөн сэнсэрч гулзайж эвдэрсэн. Дахин ашиглах ямар ч боломжгүй. 6. Араа солигч: Японы “Shimano-Dure-Ace 9160” брэнд, 11 давхар арааных, хүчтэй цохилтын улмаас мурийж гулзайсан, дахин ашиглах ямар ч боломжгүй. Японы “Shimano-Dure-Ace 9160” брэнд буюу ком тоног нь олон улсын зах зээл буюу интернет худалдаанд шинэ нь 5200 америк долларын ханштай байгаа болно. Үнэлгээг “Аттила” унадаг дугуйн дэлгүүрийн мэргэжлийн засварчид гаргав” гэжээ (хх-93-94),
Монголын дугуйн холбооны 2021.09.29-ний өдрийн 21/72 дугаар: “Монгол Улсад унадаг дугуйн төрөлжсөн мэргэжлийн дистрибютер 7 компани буюу дэлгүүр ажилладаг бөгөөд Дугуйн холбооны дэргэдэх мэргэжлийн түнш байгууллагаар “___” ХХК ажиллагдаг тул дугуйн үнэлгээн дээр хамтран ажилладаг болно. Шигшээ багийн тамирчин Д.Э- нь дугуйтай бэлтгэл сургуулилтаа хийж байх үед Портер машин араас нь хүчтэй мөргөн эрүүл мэндээр хохироож, ...түүний хувийн мэргэжлийн дугуй болох Тайвань улсад үйлдвэрлэгдсэн “Ferei” брэндийн карбон дугуй нь эвдэрч гэмтсэн...” гэх албан бичиг (хх-95),
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-11), шүүгдэгчийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-14), хохирлын баримт (хх-23-30), гэрч Э.Халиуны мэдүүлэг (хх-40), гэрч Г.Ө-гийн мэдүүлэг (хх-43), Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021.08.05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-55-61), мөрдөгчийн тогтоол (хх-80), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-108), жолоочийн лавлагаа (хх-111), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-117-119), бакалаврын дипломын хуулбар (хх-120) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүгдэгчийн дансны хуулга 2 хуудас зэрэг бичгийн баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.С- нь хайхрамжгүй байдлын улмаас зам тээврийн осол гаргаж хохирогчийг мөргөж хүндэвтэр хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. 4 төрлийн хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардалд 1,688,880 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч 1,300,000 төгрөг шилжүүлсэн байна. 388,880 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй. Дугуйны хувьд онцлог, дахин давтагдашгүй гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдож байна. Дугуйны төлбөрт 5,050,000 төгрөг, хувцасны төлбөрт 490,000 төгрөг, нийт 7,740,880 төгрөг үнээс 1,300,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 6,431,880 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна. ...Өмгөөлөгчийн зүгээс заавал мөргөсөн бол эвдрэл үүсэх ёстой гэж байна. 2 тээврийн хэрэгслийн биет байдлыг харж үзвэл дугуй нь харьцангуй хөнгөн чанартай. Мөн толиороо мөргөсөн гэж байна. Портерын толь нэлээн дээр байрлалтай байдаг. Мөн хохирогч “явж байхад миний дугуй руу мөргөх үед шидэгдсэн” гэж байна. Хэрэв толиороо мөргөсөн бол хохирогчийн нуруу, толгой руу мөргөх ёстой байсан. Гэтэл дугуй руу нь мөргөсөн байдаг. Хохирогчийн хувьд тухайн үед өмсөж явсан хувцсаа шинжээч дээр авч очоод үнэлүүлсэн байдаг. Хохирогчийн хувьд осолд орсноор нөхөж болшгүй зүйлүүдээ алдсан гэж ярьж байна. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр маргаж байгаад харамсаж байна. Тийм учраас хохирогчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй. Эмчилгээний зардлыг зөвшөөрч 1,300,000 төгрөг төлсөн. Дугуйны үнэлгээ дээр эргэлзээ үүсэж байна. Хэргийн газарт үзлэг хийхэд дугуйнд ямар нэг эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Одоо шүүх хурал дээр цахилгаанаар ажилладаг дугуй байсан гэж байна. Тухайн үед цахилгаанаар ажилладаг гэдгийг тогтоогоогүй. Шинжээчийн зүгээс энэ дугуйг үнэлэх сан байхгүй, ойролцоогоор үнэлсэн гэж байна. Шүүх шинжилгээний хуульд зааснаар бодитой байдалд тулгуурласан дүгнэлт гаргах ёстой. Энэ үнэлгээ эргэлзээтэй байна. Шинжилгээгээр дугуйнд ямар, ямар гэмтэл гарсан гэдгийг оношлоод түүний дагуу үнэлгээ гарах ёстой. Сая шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч обудаар мөргөсөн гэж байна. Обудаар мөргөсөн бол яагаад обудоо үнэлүүлэхгүй үлдээсэн бэ гэх зэрэг эргэлзээтэй зүйлүүд байна. Үүнийг хуулийн дагуу хийж үнэлсэн бол бидэнд асуудал гарахгүй байсан. Хувцсан дээр мөрдөн байцаах ажиллагаа хийгдээгүй, тухайн хувцас хаана яаж урагдсан, унахдаа урагдсан уу, төмөрт гогодсон уу, тухайн үед өмсөж явсан хувцас мөн үү, биш үү гэдгийг тогтоож байж үнэлгээ яригдах ёстой. Прокурор ийм дүгнэлт хийгээгүй учраас хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүсэж байна. Тийм учраас үнэлээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр давхар оролцож байна. Иргэний хариуцагчийн хувьд гарсан хохирол болгоныг төлж барагдуулна. Гэхдээ дугуй, хувцас зэргийн үнэлгээ эргэлзээтэй байгаа учраас төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Үлдэгдэл мөнгийг төлнө гэж дамжуулсан. Машины урд талаар мөргөсөн бол машины урд хэсэгт эвдрэл үүсэх ёстой, мөн дугуйны ар хэсэгт эвдрэл үүсэх ёстой. Гэтэл өнөөдөр энэ ослоос болж толь эвдэрсэн гэдэг дүгнэлт гарсан учраас хохирогчийн ярьж байгаа зүйл нотлогдон тогтоогдохгүй байна. Иймд гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Прокурор хууль дүрэм журмын дагуу шүүх хуралдаанд мэтгэлцэх ёстой. Гэтэл прокурор өөрөө хяналт тавих ажиллагаагаа дутуу хийсний үндсэн дээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан үүсэж байна. Прокурор дахин давтагдашгүй гэж ярьж байна. Манай дархан урчуудын хийсэн зүйлүүдийг дахин давтагдашгүй гэж ярьдаг болохоос уралдааны дугуйг үйлдвэрлэж байгаа, тийм л дахин давтагдашгүй гэж үзэж байгаа бол ганцхан энэ хүнд зориулж дугуйг үйлдвэрлэсэн гэдэг нотлох баримт хэрэгт байх ёстой. Тийм нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын ажиллагаа асар их сул байна гэдэг нь харагдаж байна. Энэ хүнийг хохирсон гэдгийг бидний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Үнэлгээний хувьд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байна. Иргэний хариуцагчийн хувьд “төлөх ёстой мөнгийг өөрөө төлнө, дараа нь шүүгдэгчээс нэхэмжлэх асуудлаа шийднэ” гэж дамжуулсныг өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй байна...” гэж,
хохирогч “Гомдолтой байна. Хохирол төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.С- нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд Л.Э-ын эзэмшлийн “Huyndai Porter” маркын _____ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Д.Э-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Э-ийн “...зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд баруун талаа шахаад унадаг дугуй унаад явж байсан чинь хойноос Портер маркын ачааны автомашин дугуйны хойд обуд руу мөргөөд би шороон зам руу унасан. Тухайн үед дугуй засмал зам дээр унасан байсан...” гэх мэдүүлэг (хх-19-20), шүүх эмнэлгийн 6995 дугаар “1. Д.Э-ийн биед зүүн гуяны булчингийн няцрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-47-49), иргэний хариуцагч Л.Э-ын “...Би толиндоо хартал С- Портер машинтайгаа нэг дугуйтай хүүхэдтэй зогсож байхаар нь очтол дугуйтай хүүхдийг машинаараа шүргэчихлээ гээд зогсож байсан...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-33), мөрдөгчийн 211 дугаар “...Х.Портер маркийн _____ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч ...чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-87) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас зэрэгцээ эгнээнд чигээрээ явсан унадаг дугуйтай зорчигч Д.Э-ийг мөргөсөн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 5,540,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1,688,880 төгрөг, дугуйн хохиролд 5,050,000 төгрөг, хувцасны хохиролд 490,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 503,000 төгрөг, нийт 7,731,880 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, шүүгдэгч эмчилгээний зардалд 1,300,000 төгрөг төлсөн болно.
Иймд шүүгдэгч Г.С-, иргэний хариуцагч Л.Э- нараас 6,431,880 (зургаан сая дөрвөн зуун гучин нэгэн мянга найман зуун ная) төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж, хохирогч Д.Э- (_____)-т олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “Тухайн хэрэг гарах үед дугуй эвдэрсэн талаар яриагүй байж сүүлд ярих болсон. Үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хувцсанд шинжилгээ хийгээгүй, обуд руу мөргөсөн гэдэг нь тогтоогдоогүй. Дугуйн үнэлгээг зөвшөөрөхгүй” гэх гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Түүнчлэн энэ хэрэгт мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалуулсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, нягтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэлээ.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...Унадаг дугуйнд ил харагдах гэмтэлгүй. Дугуйчны биед ил харагдах гэмтэлгүй байв” гэж тусгагдсан байгаа хэдий ч унадаг дугуйнд болон хохирогчийн өмсөж явсан тамирчны бэлтгэлийн хувцсанд гэмтэл учирсан, обуд руу мөргөсөн болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар буюу хохирогчийн мэдүүлэг (хх-19), шинжээчийн Ц-567, Ц-566 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-66-70, 73-76), “___” ХХК-ийн албан бичиг (хх-93-94), Монголын дугуйн холбооны албан бичиг (хх-95), шинжээчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн болно.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг дугуйн зах зээлийн үнэлгээг ашиглалтын 30 хувийн элэгдэл тооцон 9,002,726 төгрөгөөр тогтоож, улмаар эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг нарийвчилж буюу ашиглалтын 30 хувийн элэгдэл тооцон 5,050,000 төгрөгөөр тогтоосон, уг гэмт хэргийн зүйл болсон Тайвань улсад үйлдвэрлэгдсэн унадаг дугуй нь бүтэн карбон материалтай, шинжээч нь “Уг дугуй Монгол Улсад түгээмэл байдаггүй онцлогтой дугуй байсан учраас цахим орчинд судалгаа хийж үнэлгээг хийсэн” гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, мөн дугуйн мэргэжлийн байгууллагуудын албан бичгийг тус тус үндэслэн дугуйнд болон хохирогчийн хувцсанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй байна гэж үзснийг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн. Хэрэв торгох ял оногдуулсан тохиолдолд торгуулийн хамгийн бага хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох боломжгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг учраас торгох ялыг төлөх боломжтой гэж үзэж байна. Улсын яллагчаас 400 цагийн ажил хийлгэх ялын санал гаргаж байна. Үүнийг өдрийн 8 цагаар бодож үзэхэд 5 сарын хугацаанд үргэлжлэх болж байна. Энэ хугацаанд ажил хийхгүй учраас хохирогчийн хохирол төлбөрийг төлж чадахгүй болж байна. Хэрэв 450,000 төгрөгийн торгох ял оногдуулсан тохиолдолд, шүүгдэгч ажил хийж хохирогчийн хохирол төлбөрийг эрт төлж барагдуулахад нэмэртэй болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол гаргахгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү байр эзлэхдээ зэрэгцээ эгнээнд чигээрээ унадаг дугуй унаж яваа хохирогчид зам тавьж өгөлгүй мөргөж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч “Гомдолтой, хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, тодорхой орлого олдог/-ийг үндэслэн шүүгдэгч Г.С-г 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарладаг ял бөгөөд тухайн шүүгдэгчийн болон гэр бүлийн амьдралын ахуй, нөхцлийг дордуулахаар байна гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, жолоочийн 436717 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овогт Г-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, жолоочийн 436717 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Г.С-, иргэний хариуцагч Л.Э- нараас 6,431,880 (зургаан сая дөрвөн зуун гучин нэгэн мянга найман зуун ная) төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Д.Э- (_____)-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР