Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/638

 

                             

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Мягмардорж, шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овгийн Д.Н, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ам бүл зургаа, эцэг, эх, хоёр дүү, эхнэрийн хамт, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын ** тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ө-тай “чи эхнэрээ дарамталдаг гэл үү” гэх маргаанаас үүдэлтэйгээр ус ууж байсан аягаараа толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, И овгийн Д.Н нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын ** тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ө-ыг өөр хүнтэй андуурсны улмаас ус ууж байсан аягаараа толгойн тус газарт нь цохиж түүний биед “зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Ц.Ө-ын “...тэр согтуу залуу чи намайг таньж байна уу гэж асуухаар нь би чамайг өмнө нь 2-3 удаа харж байсан, таньж байна гэж хэлсэн. Тэгтэл танай эхнэр бага ангийн багш юм уу гэж асуухаар нь би тийм гэж хэлсэн. Тэр хүн босоод гэрийн зүүн урд талд аяганд ус хийгээд ууж байгаад “чи эхнэрээ дарамталдаг гэл үү” гэж хэлэхээр нь би “юу гэнээ” гэтэл ууж байсан аягаараа миний толгойны баруун дээд хэсэгт 1 удаа цохисон. Цохичхоод “уучлаарай би хүн андуурчихжээ” гэж хэлсэн...би гомдолтой байна, зардлын дагуу хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), гэрч Л.Г-ийн “...Д-тай хамт архи ууж байсан эрэгтэй манай хүүг “чи эхнэрээ зоддог гэл үү...” гээд архи ууж байсан шилэн аягаараа толгой руу нь цохиод хагалсан байсан. Тэгээд манай хүү эхнэр лүү яриад энэ талаараа хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), гэрч Л.Ө-ы “...манай нөхөр Н-тэй цуг,  авчирсан архийг нь хувааж ууцгаасан юм. Удалгүй гаднаас Ө орж ирээд хорхгийн чулуу авна гэхээр нь би гаднаас ууттай хорхгийн чулуу аваад ороод иртэл газар аяга хагарчихсан, Ө-ын толгойноос цус гарч байсан. Би юу болсон талаар асуутал манай 13 настай охин Т “Н ах Ө ахаас юм асуусан чинь ямар овоо муу гар вэ” гээд ууж байсан аягаараа толгой руу нь цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрч Б.Д-н “...Н босоод ус ууя гэхэд нь манай 7 дугаар ангийн охин Т ус хийж өгсөн. Н усаа уучхаад ууж байсан аягаараа Ө-ын толгой руу нь цохиод хагалчихсан. Тэр хоёрыг яг юу ярьж, юунаас болж муудалцсаныг нь сайн мэдэхгүй байна. Толгойг нь цохичхоод Н гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 580 дугаартай “...Ц.Ө-ын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Н нь яллагдагчаар: “...Д ахтай архи уугаад сууж байтал гаднаас миний үеийн нэг залуу орж ирсэн. Тэгээд би өөрийн найз болох З-той андуураад ширээн дээр байсан аягаар толгойн тус газар нь нэг удаа цохисон. Нэг мэдэхэд би доошоо алхаж байсан. Би тэр үед их согтсон байсан ч гэсэн юу болсныг санаж байна...” гэж (хавтаст хэргийн 46-47 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж хэлэх зүйлгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 580 дугаар дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Н-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Ө-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Д.Н-ийн хохирогчийн толгой руу шилэн аягаар цохисон үйлдэл болон хохирогч Ц.Ө-ын зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.Ө нь эмчилгээний зардалд баримттайгаар нийт 511,150 төгрөг  нэхэмжилсэн бөгөөд хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ээс 511,150 төгрөгийг таван сарын дотор гаргуулан хохирогч Ц.Ө-т олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд нь ял шийтгэлгүй, хувиараа барилгын ажлын туслах хийдэг нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч нь шүүгдэгчээс 511.150 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), хувь хүний орлогын албан татвар төлдөггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 57 дахь тал), нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй талаарх албан тоот (хавтаст хэргийн 59 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх албан тоот (хавтаст хэргийн 63 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 49-52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн өөрийн нэр дээр эд хөрөнгөгүй, тээврийн хэрэгсэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг тогтоов.

 Шүүгдэгч хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт хувиараа барилгын ажил эрхэлж байгаа гэх боловч энэ талаар баримт байхгүй, орлого нотлогдохгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа тул шүүх торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг санууллаа.

    1. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.И овгийн Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлсон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Н-ээс 511,150 төгрөгийг таван сарын дотор гаргуулан хохирогч Ц.Ө-т олгосугай.

6.Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА