Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00123

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр            Дугаар 153/ШШ2018/00123             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, ПЮ57080717 регистрийн дугаартай, Хар соёон овогт Гүндэвдоржийн Бямбадоржийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Бямбадорж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Бямбадорж нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1957 онд төрсөн. Би 1978 онд цэргээс халагдаж ирээд 1978-1981 он хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт, 1981-1982 онд Ахуй үйлчилгээнд ажиллаж байгаад 1983-1991 онд малчнаар ажилласан. Мөн Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 1983 оноос 1991 он хүртэл 1 дүгээр бригадад адуучнаар ажиллаж байсан. Миний ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул намайг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Бямбадорж нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1458 дугаартай лавлагаа, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаа,

 

-Ховд аймгийн Буянт сумын 1-р бригадын 1988-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

-Ховд аймгийн социалист хөдөлмөрийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 202 дугаартай “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар,

-Г.Бямбадоржийн цэргийн батлах,

-Г.Бямбадоржийн 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр,

-Гэрч Ш.Загайгийн “Г.Бямбадорж нь 1983 оноос 1991 оны 03 дугаар сард бага хувьчлал явагдах хүртэл Ховд аймгийн Соёл нэгдлийн 1-р бригадад мал маллаж байсан. Тус нэгдэл нь 1991 оны 03 дугаар сард тарсан. Би 1983 оноос нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад тоо бүртгэгч, нягтлангаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Дамдингийн “би 1983 оноос Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад Г.Бямбадоржтой хамт ажиллаж байсан. Бид хоёр нэгдэл тарах хүртэл адуучнаар ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Г.Бямбадоржийн 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсныг нотлох баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа, түүнчлэн ажиллаж байх үеийн холбогдох тушаал болон цалингийн баримтууд нь Аймгийн архивын тасагт хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1458 дугаартай лавлагаа, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.Бямбадоржийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Г.Бямбадорж нь 1988-1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин Г.Бямбадоржийн 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ш.Загай, Х.Дамдин нарыг гэрчээр асуусан ба гэрч нар нь  Г.Бямбадоржийг 1983 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Соёл нэгдлийн 1-р бригадад мал маллаж байсныг гэрчлэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд  хүсэлт гаргагч Г.Бямбадорж нь 1983-1991 он хүртэл Ховд аймгийн Соёл нэгдлийн 1-р бригадад мал маллаж байсан хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар соёон овогт Гүндэвдоржийн Бямбадоржийн 1988-1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Г.Бямбадорж нь 1983-1991 он хүртэл Ховд аймгийн Соёл нэгдлийн 1-р бригадад мал маллаж байсан хугацааны талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА