Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Базарханд |
Хэргийн индекс | 187/2022/0390/Э |
Дугаар | 2022/ШЦТ/401 |
Огноо | 2022-05-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/401
2022 05 25 2022/ШЦТ/401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ийн М-д холбогдох эрүүгийн 22100 0649 0457 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, “МИАТ” ХХК-д үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ийн М /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн байрны автобусны буудлын орчимд иргэн Н.Э-тай маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А.М-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн хэрэг болох үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гурвуулаа 2.5 литрийн савлагаатай нэг пиво уусан. Тэгээд бид нар явж байхад хохирогч торондоо архи хийгээд барьчихсан байсан ба надад “энэ архийг явуулчих” гэхээр нь би “танихгүй шүү дээ” гэж хэлэхэд “арчаагүй банди” гэж хэлсэн тул маргалдсан. Би хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн.
Надаас эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн, би төлөөгүй байгаа. Би “эмчилгээний баримтаа аваад ир” гэхэд “алга болгочихсон” гэж хэлсэн.“ гэсэн мэдүүлэг,
Гурав: Эрүүгийн 22100 0649 0457 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э-гийн хохирогчоор өгсөн:
“...2022 оны 02 дугаар 13-ны орой 19 цагийн үед ажлын газрын залуу Алтаншагайтай уулзаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт буюу 3, 4 дүгээр хороололд хоёр хоёр пиво уугаад, 23 цаг өнгөрч байхад гэр гэртээ харихаар салцгаасан. Алтаншагайн гэр нь Ганданд байдаг бөгөөд такси бариад явсан. Харин би араас нь такси бариад Нисэх рүү гэр лүү явсан. Тэгээд би Нисэхийн байрны автобусны буудал дээр таксинаас буугаад гэр лүү алхаад явж байхад Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талд байдаг МТ шатахуун түгээх станцад ажилладаг зүс таних залуу өөр хоёр залуугийн хамт явж байхаар нь би “сайн уу дүү” гээд мэндэлсэн чинь “би чамайг танихгүй, цаашаа яв” гэж уурлангуй хэлэхээр нь би “өө чи чинь мэнд усгүй ямар сонин нөхөр вэ” гэж хэлсэн. Зүс таних залуу нь МТ шатахуун түгээх станцад ажилладаг байсан бөгөөд тэдний нэг нь адилхан өндөртэй, нөгөөх нь арай өндөр залуучууд байсан.
Өндөр залуу нь “цаашаа бай, ална шүү” гэхээр нь би “чи илүү шүү дээ, би энэ хүнтэй ярьж байна” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд шууд миний дух руу цохиод авсан. Яг тэр үед миний ухаан балартаад гараараа болиулах гэж хаасан. МТ шатахуун түгээх станцад ажилладаг залуу намайг дахин баруун талын шанаа, хацар, зүүн талын чихний дээд хэсэг, дагз хэсэгт цохисон. Яг хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан маш олон удаа цохисон бөгөөд би “одоо болиоч дээ” гэж хэлсэн.
Тэгээд тэр гурав явах шиг болсон ба би дөрвөн хөллөөд, ухаан санаа орж гараад байсан. Би босоод гар лүү явах замдаа унаж босож явсаар байгаад гэртээ орсон. Тэгээд эмнэлгээр яваад хамар, дух хэсэгтээ оёдол тавиулсан. ...Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бат-Өлзийн гэрчээр өгсөн:
“...2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл Нисэхэд байдаг Оранж нэртэй угаалгын газарт нэг өдөр ажилласан. Тэгээд өдрийнхөө цалин болох 38.000 төгрөгийг аваад ажлаа тараад хамт ажилладаг найз М-ы хамт үсчин орж, үсээ засуулах гэсэн боловч очерь ихтэй байхаар нь бид хоёр 7 дугаар сургуулийн зааланд очсон. Тэнд Батнямтай таараад бид гурав дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай Сэнгүр пиво нэг ширхгийг аваад сургуулийн хойд талын гудамжинд хувааж уусан.
Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад үсчин орж, намайг үсээ засуулж байх хооронд М-, Батням хоёр гадаа хүлээж байсан. Би дуусаад гараад ирэхэд тэр хоёр байхгүй байхаар нь М- луу залгаад хаана байгааг нь асуухад Нисэхийн байрны буудал дээр байна гэхээр нь намайг яваад очиход тэр хоёр байж байсан.
...М- дуудаад “энд нэг хүн сонин сонин юм яриад байна, намайг дээрэлхээд байна” гэхээр нь очиход намайг өмнө нь МТ шатахуун түгээх станцад ажилладаг байхад байнга бензин авдаг зүс таних ах байсан. Би хараад “хүүе ах” гэхэд “өөдөөс юу байна ахын дүү, ах нь жаахан уучихсан явж байна” гэхээр нь “за за, ууж идсэн бол холуур цаашаа харь харь” гэж хэлэхэд “за за ахын дүү” гээд үлдсэн. Тэр ах тортой юм барьчихсан байсан ба тэрийгээ М-д үзүүлээд “архи байна, аягалчих, ууя” гээд байсан ба М- муудалцаад “зүгээр байгаарай, битгий сонин сонин юм яриад бай, таньж мэдэхгүй байна шүү” гэхээр нь би болиулсан.
Би “боль, таньдаг ах байна” гэхэд М зөрж очоод тэр ахыг шууд гараараа нэг удаа нүүр лүү нь цохиод авсан. Тэгэхэд Батням “Сайханаа чинь хүн зодчихлоо шүү дээ, цохиод авчихлаа” гэж байсан. намайг эргээд харахад М- тэр ахын нүүр лүү нь өшиглөж байсан. Газар унгачхаад ямар ч байсан нүүр лүү нь нэг удаа өшиглөж байхыг би харсан. Харин 2-3 удаа хөлөөрөө билүү гараараа билүү цохиж байсан. Тэр ах тэгээд босож ирээгүй хэвтээд байхаар нь би М-ыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал),
3. ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3062 тоот:
1. Н.Э--н биед духны хөндийн гадна ялтас, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 22-23 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.М-ы яллагдагчаар өгсөн:
“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 35-36 дахь тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 41 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 46-48 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.М-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч А.М нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэхийн байрны автобусны буудлын орчимд иргэн Н.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар биед нь халдан нүүр шанаа хэсэгт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодон эрүүл мэндэд нь “...духны хөндийн гадна ялтас, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
- хохирогч Н.Э-гийн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал), гэрч Б.Бат-Өлзийн мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал),
- ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3062 тоот:
1. Н.Э--н биед духны хөндийн гадна ялтас, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 22-23 дахь тал) болон шүүгдэгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 36-37 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч Н.Э-гийн биед учирсан “духны хөндийн гадна ялтас, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.М нь түүний нүүр, шанаа хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.М-ы дээрх гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Н.Э-гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хэргийн нөхцөлд хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нэхэмжлэл, гомдлын шаардлага эрхтэй хэдий ч хэрэгт мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт бүхий нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Иймээс хохирол, уршигтай холбоотой гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 39 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт А.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Бөө овогт Амартайваны М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулахтай холбоотой баримт нотолгоог бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт А.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД