Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            05           25                                         2022/ШЦТ/400                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Э.Бадрал /томилолтоор/, шүүгдэгч С.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Хт овогт С-ын Ч-од холбогдох эрүүгийн 21100 0706 0471 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хт овогт С-ын Ч- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны Хэрлэн нэртэй дэлгүүрийн үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Ө-тай СӨХ-ийн төлбөрийн асуудлаар маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгч С.Ч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Ч-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Манайх 2019 оноос энэ байрандаа байсан. Сар бүр СӨХ-ийн төлбөрөө зохих журмын дагуу төлөөд явдаг. Төлбөр тооцооны асуудалгүй, өөрийн биеэр орж төлбөрөө төлдөг юм. Гэтэл өмнө байсан айлын СӨХ-ийн төлөгдөөгүй төлбөр 1.100.000 гаран төгрөгийн асуудал гарч ирсэн. Тэгээд энэ асуудлыг тодруулахаар СӨХ-ийн байр луу ороход нягтлан Ө нь байсан. Ө бол манай СӨХ-ийн нягтлан хийдэг хүн. Тэгээд би “яагаад ийм өр төлбөр гарсан бэ” гэж асуухад “танайх дээр гарсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ байранд орсон цагаасаа төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн гэж хэлээд байж байтал асуудлыг шийдэхгүй, тоохгүй гарч явах гээд байхаар нь би “ажлаа хийхгүй гарч явах гэлээ” гэхэд Ө “хуц” гэж хэлсэн.

Би “пизда минь” гэхэд “том боовоороо хошногыг чинь зад шаана шүү” гэж хэлсэн тул би түүнийг зүүн гараараа нэг удаа цохисон. Би өөрийн буруу үйлдлээ болон үр дагаврыг нь ойлгож ухамсарлаж байна. Би одоо ажилд орох гэж байгаа ба сарын 650.000 төгрөгийн цалин амласан. Би хохирогчийн нэхэмжилсэн томографын зураг авхуулсан төлбөр 130.000 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн төлбөр 8.000 төгрөгийг тус тус төлсөн байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав: Эрүүгийн 21100 0706 0471 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ө-ы хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны 114-2 тоотод СӨХ-ийн өрөөндөө байж байсан. Тэгэхэд гаднаас 107-5 тоот айлын оршин суугч С.Ч гэх хүн орж ирээд СӨХ-ийн төлбөрийн талаар маргаан үүсгээд байхаар нь би 2019 оны өрийн талаар тайлбарлаж өгсөн боловч учир ойлгохгүй, над руу дайраад байсан. Тэгэхээр нь би “дэлгүүрээс юм авна” гээд гадаа гарсан. Тэгэхэд С.Ч нь араас гарч ирээд маргаанаа дуусгахгүй яваад байсан.

Тухайн үед би “Хэрлэн” нэртэй дэлгүүр лүү орох гээд шат өөд өгсөж байхад араас татаад миний нүүр лүү цохиод авсан. Би “чи ингэж болохгүй шүү дээ” гэхэд “чи өөрөө наад руугаа хальтираад уначихлаа ш дээ” гэхээр нь би цагдаа дуудсан.

Би томографын зураг 130.000 төгрөгөөр авхуулсан, мөн 8.000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ганбудын гэрчээр өгсөн:

“...2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би Маршал таун хотхон дээр ажлаа хийгээд 110 дугаар байрнаас 103 дугаар байр луу явж байгаад дэлгүүрээс ундаа авах санаатай “Хэрлэн” нэртэй дэлгүүр лүү очиход манай байрны оршин суугч С.Ч болон СӨХ-ийн ажилтан Д.Ө нар жоохон маргалдсан шинжтэй зогсож байсан ба нягтлан Д.Ө-ы хамрын доод тал, уруул дээрээс нь цус гарчихсан байсан. Мөн амны хаалт буюу маск нь цус болчихсон байхаар нь би шинэ маск өгөөд, байрны түлхүүр аваад явсан.

Би Д.Ө-ыг яаж гэмтсэнийг бол хараагүй, тэр хоёрыг зодолдож цохилцсон эсэхийг мэдэхгүй байна. Ойр хавьд нь хүн амьтан харагдаагүй, нэлээн цаана манай байрны жижүүр залуу хогоо асгаад явж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),

 

3. ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3787 тоот:

1. Д.Ө-н биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Ч-ын яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, бага ял шийтгэл оноогоосой гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 43-44 дэх тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 48 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 51 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 52 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ч-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Ч нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны “Хэрлэн” нэртэй дэлгүүрийн үүдэнд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэн Д.Ө-тай СӨХ-ийн төлбөр тооцооны асуудлаар маргаан үсгэж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- хохирогч Д.Ө-ы мэдүүлэг (хэргийн 14-15 дахь тал), гэрч С.Ганбудын мэдүүлэг (хэргийн 19 дэх тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3787 тоот:

1. Д.Ө--н биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 24-25 дахь тал) болон шүүгдэгч С.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 43-44 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч Д.Ө-ы биед учирсан “уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Ч нь тодорхой сэдэлттэй маргааны улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Ч-ын дээрх гэмт үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлон хуульчилсан байна.

 

Хэргийн хохирогч Д.Ө-ы эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.  

 

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хэргийн хохирогч Д.Ө өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөрийн 8000 төгрөг, томографын шинжилгээ хийлгэж, зураг авхуулсны төлбөр 130.000 төгрөгийг нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 52 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан:

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялаас чөлөөлөх” гэсэн саналыг нь харгалзан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас С.Ч-ыг чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт С.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон      

                                                                

                                                      ТОГТООХ нь:

 

1. Хт овогт С-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт С.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

5. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Ч-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД