Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/643

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч А.Ариунаа, шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Н.Н, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл гурав, эхнэр, хадам эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран * гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд Toyota Prius" маркийн ** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.8-т заасан “а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын тусгаарлах хашлагыг давж, замын гэрэлтүүлгийн шонг мөргөж, улмаар зорчигч Ш.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, БНХАУ-ын иргэн А.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д 1,600,000 төгрөг, Б.Н-д 9,140,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн Нийн Н нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замд Toyota Prius" маркийн **-** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.8-т заасан “а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын тусгаарлах хашлагыг давж, замын гэрэлтүүлгийн шонг мөргөж, улмаар зорчигч Ш.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, БНХАУ-ын иргэн А.Т-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д 1,600,000 төгрөг, Б.Н-д 9,140,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал), 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 6-14 дэх тал), 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 15-21 дэх тал)

-Хохирогч БНХАУ-ын иргэн А.Т-ы /***/ “...Т.Приус 20 маркийн ** УБВ улсын дугаартай автомашиныг Н.Н жолоодоод жолоочийн хажуугийн суудал дээр Ш.Уа, ард талд би, миний хажууд Б.Мэ сууж явсан. Сонсголонгийн замаар урдаасаа хойшоо чиглэлд Н.Н 50-60 км/цаг хурдтай явж байгаад гэнэт машин нааш цааш болоод юм мөргөсөн, энэ үед би хэсэг ухаан алдсан, нэг сэрсэн машин дотор хөдөлж чадахгүй сууж байсан... Одоо миний зүгээс жолооч Н.Н-ад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23, 132 дахь тал)

-Гэрч Б.М-ийн “...Н ах автомашинаа жолоодоод би арын суудалд  У эгчийн нөхрийн хамт, харин У эгч урд суугаад Сонсголонгийн замаар урдаасаа хойшоо өгсөөд явж байтал Н замын голын хашлага мөргөсөн. Энэ үед автомашины жолооны хүрд ажиллахгүй байсан. Жолоодлогогүй болоод замын гэрэлтүүлгийн шонг мөргөсөн. Н ах хашлага мөргөхийн өмнө хурд багатай явж байгаад хашлага мөргөх үедээ тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн байх, замын гэрэлтүүлгийн шонг маш хүчтэй мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9411 дугаартай “...Ш.У-ын биед цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 68-69  дэх тал)

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өрийн 9762 дугаартай “...А.Т-ны биед баруун шаант, тойг ясны далд хугарал, өвдөгний үе орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал)

-Хохирогч БНХАУ-ын иргэн А.Т-ы “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 28-35 дахь тал)

-“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын 2022 оны 02 дугаар сарын 17-ны 22/04 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал)

-Иргэний нэхэмжлэгч З.Н-ийн “...Гэрэлтүүлгийн шонгийн доод суурь хэсгийг мөргөж, шонгийн суурь, амперын боолтын хамт дахин ашиглаж болохгүй болгосон, шонг засварт оруулахаас өөр арга байхгүй... нийт 1,600,000 төгрөг болж байгаа...” гэсэн мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 37 дахь хуудас)

-“Төгс гэрэлтүүлэг” ХХК-ний 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/52, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/10 дугаартай албан бичгүүд (1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал, 3 хавтаст хэргийн 115 дахь тал)

-“Toyota Prius” маркийн ** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

-“Ашид Билгүүн” ХХК-ийн “Toyota Prius” маркийн ** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 9,140,000 төгрөгөөр тогтоосон 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1663 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал),

-Иргэний нэхэмжлэгч Б.Н-ын “...Надад одоо ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал)

-Иргэний нэхэмжлэгч Ш.У-ын “...Надад одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Н нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...ач охин Н-ын эзэмшлийн ** УБВ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодоод Нисэхээс хүүхдүүдээ тосож аваад гэр лүүгээ явах замдаа Сонсголонгийн замаар явж байгаад бетон зуурмагийн үйлдвэрийн зүүн талын уулзвараар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад өөдөөс ирж явсан машины хурц гэрэлд нүд гялбасан юм. Чигээрээ явтал замын голын тусгаарлах зурвас дээгүүр мордоод би сандарсандаа хаазаа гишгээд тэр чигээрээ яваад тусгаарлах зурвас дээр байсан гэрэлтүүлгийн шонг мөргөөд зогссон. Би нэг хэсэг ухаан санаа балартсан байсан...” гэж (3 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон...” хэмээн мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан хууль тогтоомжид хамаарах тул уг дүрмийн ямар заалтыг зөрчсөн болохыг шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаагаар тогтоохгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчид нь тусгай мэдлэгийн хүрээнд хурд, замын нөхцөл, чиглэл, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ослын шалтгаан гэх мэтчилэн нөхцөл байдлыг тогтоох ёстой. Харин шинжээчийн тогтоосон нөхцөл байдалд үндэслэн хууль хэрэглэх эрх бүхий эрх зүйн мэдлэгтэй субьект хууль тогтоомжийн хэм хэмжээг сонгон хэрэглэх учиртай. Иймд нэг дэх хавтаст хэргийн 123-125 дахь талд авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шинжлэн судалсан баримт болох хууль тогтоомж зөрчсөн эсэх талаар дүгнэсэн 22/04 дугаар шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйн хэрэг.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Н нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өрийн 9762 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Т-ны биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь үндэслэлтэй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Н-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Н-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч А.Т, иргэний нэхэмжлэгч Б.Н, Ш.У нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК нь “гэрэлтүүлгийн шонг дайрч улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан” талаар алба тоот ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 109 дэх тал), жолоочийн үнэмлэхийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 104 дэх тал) АСАП сангийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 105 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 111 дэх тал), тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 112 дахь тал), эд хөрөнгийн лавлагаа (3 дахь хавтаст хэргийн 113 дахь тал), гэрлэлийн бүртгэлийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 114 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, оршин суух тодорхой хаягтай, тээврийн хэрэгсэлгүй боловч үл хөдлөх эд хөрөнгөтэй, гэрлэсэн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын дотор төлүүлэхээр тогтсугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Н-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА