Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/437

 

 

 

 

 

 

 

 2022          05          31                                     2022/ШЦТ/437

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Ууганбаяр,

Шүүгдэгч/хохирогч: М.В-,

Шүүгдэгч О.Э- нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.В- нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205001991344 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Э-, ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.В-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.В- нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вокзалын ар талын автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-ны ойролцоо үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.С-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вокзалын ар талын автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ дотор үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч О.С-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хохирогч М.В-гийн нүүрэн тус газар мөн гараараа 2-3 удаа цохиж хохирогч О.С-, М.В- нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгчээр М.В- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор М.В- шүүх хуралдаанд: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын ард талын автобусны буудлын ТҮЦ-нд найз Э-, Д- нарын хамт ороод бэлэн гоймон авах гээд зогсож байсан чинь хоёр залуу хойноос орж ирснээ “юм авахгүй бол урдуур чинь ороод авчихъя” гээд “авахгүй бол гар” гээд байхаар нь маргалдсан ба /сүүлд нэрийг  мэдсэн/ В-тай Э- барьцалдаж аваад ТҮЦ-ээс гарсан ба хоорондоо зодолдоод эхэлсэн. Би очоод салгах гэсэн чинь В- миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би тэнцвэр алдаад газар уначхаад буцаад босоод ирсэн чинь хамарнаас цус гараад байхаар нь ТҮЦ рүү буцаж ороод салфитика авч цус арччихаад буцаад гараад ирсэн чинь Д- зодолдож байсан хоёрыг салгасан ба удалгүй цагдаа нар ирсэн. Надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг В- хоёр удаа нүүр рүү цохиж учруулсан. Би ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 56-57/,

Хохирогч О.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын ард талын автобусны буудлын ТҮЦ-с бэлэн гоймон авах гээд найз В-гийн хамт орсон чинь ТҮЦ дотор танихгүй гурван залуу байсан ба ТҮЦ-ний худалдагч залуу казак залуу байсан ба тэр залууг жаахан бөөрөлхөөд байх шиг байсан. Тэр үед В- бид хоёр бэлэн гоймон аваад тооцоогоо хийж байсан чинь нөгөө гурван залуу манай найз В-тай муудалцаад байсан ба В- /сүүлд нэрийг нь мэдсэн/ Э- гэх залуутай нь муудалцаад ТҮЦ-с гарсан ба араас нь би гарсан чинь нөгөө залуутай В- зодолдож байсан. Тэгсэн чинь нөгөө гурван залуугийн нэг нь над руу ойртохоор нь би цаашаагаа зугтаасан. Тэгээд би цаашаагаа зугтаачихаад буцаад ирсэн Вандаг Э- гэх залуу нь цохиод зодож байсан ба салгах гэсэн чинь Э- намайг үгийн зөрөөгүй нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Надад учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Э- 2-3 удаа нүүр рүү цохиж учруулсан. Э- миний эмчилгээний зардал хохирлын мөнгө 500.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Хохирогч М.В-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн орчим би Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Вокзалын ард талын автобусны буудлын ТҮЦ орж бэлэн гоймон авах гээд явж байсан чинь ТҮЦ дотор танихгүй гурван залуу хоорондоо “хэдүүлээ энэ ТҮЦ-г дээрэмдчих үү” гээд хоорондоо тоглоод ярилцаж байсан ба тухайн үед би “та нар аятайхан байгаач” гэсэн чинь нөгөө залуучууд өөдөөс үг сөрөөд маргалдсан ба намхандуу залуутай /сүүлд нэрийг  мэдсэн Э-/-тэй барьцалдаж ТҮЦ-с гарсан чинь Э-тэй хамт явсан /сүүлд нь нэрийг мэдсэн/ С- гэх залуу дундуур “болиоч” гээд салгах гээд ороод ирэхээр нь би нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би Э-тэй үргэлжлүүлээд барьцалдаад хоорондоо цохилдоод би газар унасан чинь Э- миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод бие рүү 2 удаа өшиглөсөн. Тэр үед би одоо намайг зодохоо больчихооч гэсэн чинь болиод байж байсан чинь цагдаа ирсэн. Тухайн үед Э- гэх залуу намайг зодож надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээний зардал хохирлын мөнгө 1.000.000 төгрөг Э-өөс авсан. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Араас хоёр танихгүй залуу орж ирсэн ба Э- хоорондоо маргалдаж байсан /сүүлд нэрийг мэдсэн/ В- гэх залуутай Э- зууралдаад барьцалдаж аваад ТҮЦ-с гарсан би Э-ийг салгах гээд татсан чинь салахгүй байсан. Тэгсэн чинь Э-, В- хоёр хоорондоо цохилдоод эхэлсэн болиулах гэсэн чинь хэн, хэн нь үгэнд орохгүй байсан. Энэ үед С- хүрч ирээд бас болиулах гэсэн чинь В-, С-ын нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. ...Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй, намайг тэр үед цохисон хүн байхгүй. Э-, В- хоёр зодолдсон. Э-, С-ыг цохисон. В-, С-ыг цохисон. Би салгаж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 78-79/,

Шинжээчийн 971 тоот дүгнэлтэд: “...М.В-гийн биед доод үүдэн баруун 1-р шүдний сулрал, дээд үүдэн зүүн нэгдүгээр шүдний ирмэг хугарсан, доод уруулын дотор салстад язрал, баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод үүдэн баруун 1-р шүдний сулрал, дээд үүдэн зүүн нэгдүгээр шүдний ирмэг хугарсан, доод уруулын дотор салстанд учирсан язрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн тохойд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-н 68-69/,

Шинжээчийн 972 тоот дүгнэлтэд: “...О.С-ын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд үүдэн зүүн 1-р шүдний ирмэгийн хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээд үүдэн зүүн 1-р шүдний ирмэгийн хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхины дотор булангийн цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-н 73-74/,

Шинжээчийн 984 тоот дүгнэлтэд: “...Б.С-ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор булан хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-н 78-79/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8-9/, шүүгдэгчийн О.Э-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 83-98/, шүүгдэгч М.В-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 99-104/, хохирогч нарын хүсэлт /хх-н 142-144/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вокзалын ар талын автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ дотор үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч О.С-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хохирогч М.В-гийн нүүрэн тус газар мөн гараараа 2-3 удаа цохиж хохирогч О.С-, М.В- нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч М.В- нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Вокзалын ар талын автобусны буудлын орчимд байрлах ТҮЦ-ны ойролцоо үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.С-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.В-, О.С-, Б.С- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.В-, О.Э- нар нь хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч О.Э- нь хохирогч М.В-, О.С- нарыг цохиж зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч М.В- нь хохирогч Б.С-ыг цохиж зодон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2 хүнд учруулж үйлдсэн”,

Шүүгдэгч М.В-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч О.Э- нь хохирогч М.В-, О.С- нарын цохиж, зодсон, шүүгдэгч М.В- нь хохирогч Б.С-ыг цохисон үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.Э-, М.В- нар нь шүүх хуралдаанд хохирогч нарт гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч О.Э-, М.В- нарын хохирогч нарын биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.В-, О.С-, Б.С- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч М.В-, О.С-, Б.С- нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 142-144/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял”,

Шүүгдэгч М.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 490 нэгж буюу 490.000 төгрөгөөр торгох ял” тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч О.Э-, М.В- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Э-, М.В- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 490 нэгж буюу 490.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2 хүнд учруулсан” гэм буруутайд,

- Шүүгдэгч М.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-ийг 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.В-г 490 нэгж буюу 490.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-, М.В- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР