Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/444

 

 

 

 

    2022          06          03                                     2021/ШЦТ/444

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Шүүгдэгч: Б.Ш- нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Ш-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2203001580244 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ш-, ....тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 05 минутын орчим Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Toyota Harrier маркийн 70-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш- шүүх хуралдаанд: “...3 дугаар сарын 24-ний өдөр 08 цаг 05 минутын үед хүргэн ахын хамт, төрсөн ахынх нь машиныг хүргэж өгөхөөр явсан. 25-р эмийн сангийн автобусны буудал дээр зам хөндлөн гарсан хүн мөргөж гэмтэл учруулсандаа харамсаж байгаа” гэв.

Хохирогч Т.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчим 5 дугаар сургуулийн орчим байрлах гэрээсээ гараад 25 дугаар эмийн сангийн урд байрлах найз Г-ын гэрт нь очсон. Тэндээ нэг шил архи авч ороод найзтайгаа хувааж уух гэтэл манай найз уухгүй маргааш ажилтай гэхээр нь авч очсон архиа ганцаараа уусан. 0.5 литр архи байсан. Тэгээд тэндээ байж байгаад найзаас тамхины мөнгө гэж 8.000 төгрөг аваад автобусны буудлын ТҮЦ рүү алхсан. Энэ үед цаг шөнийн 00 цаг 20 минутын орчим болж байсан байх. Тэгэхээр зам хөндлөн гарах үедээ зүүнээс баруун буюу хотын төвөөс 10 дугаар хороолол явах чиглэлд хөдөлгөөн бага зэрэг байгаа харагдсан. Замын дундах хашлага дээр зогсож байгаад баруун гар тийш буюу ертөнцийн зүгээр зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг харахад 3 дугаар эгнээ буюу зүүнээс ирэх хөдөлгөөний хамгийн зүүн гар талын эгнээнд нэг тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь тэр тээврийн хэрэгслийн урдуур гүйж гарч амжина гэж бодоод зам хөндлөн гүйж байтал нөгөө 3 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслийн баруун талаар нь буюу 2 дугаар эгнээгээр өөр тээврийн хэрэгсэл ирж намайг мөргөсөн. Тэгээд тэндээсээ 5-6 м орчим үсрээд газарт унасан. Тэгээд нэг ухаан орсон чинь тэдгээр хүмүүс намайг машиндаа суулгаад аваад явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би энэ Toyota Harrier маркийн 70-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 01 дүгээр сард байх бэлэн мөнгөөр хувь хүнээс худалдаж авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. ...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 50 минутын орчим Тэнгис кино театрын хажууд байдаг ресторанд 2 найзын хамт гурвуулаа ороод тэндээ юм ярьж суунгаа 4 пиво орчим уугаад мөн виски граммаар авч уусан. Тэгээд согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор өөрийн төрсөн дүү Билгүүнбаатарыг хүрч ирээд миний тээврийн хэрэгслийг жолоодож хүргээд өг гэхэд дүү Билгүүнбаатар манай эхнэрийн дүү Ш-дагуулж ирсэн. Ингээд дүү Шижир-Эрдэнэ намайг хүргэж өгөхөөр болоод баруун зүгт явахдаа манай найз хамт пиво уусан Энхбаатарыг 25 дугаар эмийн сангийн орчим буулгаж өгөхөөр тохироод тэндээсээ Шижир-Эрдэнээр тээврийн хэрэгслээ жолоодуулаад хөдөлсөн. Тэгээд баруун зүг явж байх замдаа 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд замд нэг явган зорчигч мөргөсөн. Тэгээд нөгөө хүнээ суулгаж аваад эмнэлэг явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-29/,

Гэрч Э.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...миний ажиллуулдаг ТҮЦ 25 дугаар эмийн сангийн урд талын баруун зүгт явах автобусны буудал дээр байрладаг. Ингээд ажлаа хийж байтал 24-ний шөнө 00 цаг 15 минутын орчим санагдаж байна, гадна талд тас хийх чимээ гарч гадуур хүмүүс шуугилдаад байхаар нь дотор шилэн хаалгаар харахад нэг эрэгтэй хүний цээжин бие дээшээ харсан байдалтай хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Шинжээчийн 4947 тоот дүгнэлтэд: “...Т.М-гийн биед титэм заадсаас зүүн чамархай яс руу үргэлжилсэн хугарал, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, баруун чамархайд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-н 43-44/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...бараан өнгийн хувцастай явган зорчигч гарч ирэн ертөнцийн зүгээр хойд зүгт зам хөндлөн гарч байгаад бичлэгийн 01 минут 03 дахь секундэд баруун зүгт зорчиж явсан хар өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлэн газарт унаж байна” гэжээ /хх-н 39/,

Мөрдөгчийн 458 тоот магадалгаанд: “...Toyota Harrier маркийн 70-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ш- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг засах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Т.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-н 77-78/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-11, 14-19/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40, 97-101, 111-113/, техникийн шинжээчийн 126 тоот дүгнэлтэд /хх-н 51-56/, хохирогчийн өвчний түүх /хх-н 60-67/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 71-72/, хохирогчийн хүсэлт /хх-н 109/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 05 минутын орчим Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн урд замд Toyota Harrier маркийн 70-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2. “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.М-, гэрч Э.Мөнхсолонго, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.У- нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Ш- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ш- нь Toyota Harrier маркийн 70-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам хөндлөн гарч байсан хохирогч Т.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ш- нь хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ш- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Т.М-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь эмчилгээний төлбөрт шүүгдэгчээс 3.000.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 109/ гаргасан тул шүүггдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан баримттай хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ш-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.Ш- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ш-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Ш-д улсын яллагчийн оногдуулсан ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1356344 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ш-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, жолоочийн 1356344 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР