Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2018/00112

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 07 өдөр             Дугаар 153/ШШ2018/00112              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 07-09 тоотод оршин суух, ПЗ67031902 регистрийн дугаартай, Цагааншувуу овогт Гомбодоржийн Нямцоожийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Нямцоож, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Нямцоож нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 06 сарын 25-ны өдөр МХЗЭ-ийн илгээлтээр гарч 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч Мянгад сумын Давшилт нэгдлийн 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саалчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байна. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Нямцоож нь 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадын 1984-1989 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Г.Нямцоожийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 062045 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г.Нямцоожийн ажиллаж байхдаа шагнуулсан гэх 1988 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн баярын бичиг, 1985 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн баярын бичиг, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн баярын бичиг,

-Г.Нямцоожийн 150 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх,

-Г.Нямцоожийн 062045 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Д.Нямцоожийн “Г.Нямцоож бид нэг сумын, нэг ангийн, нэг бригадын хүмүүс. Би Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 1983 оны 06 дугаар сард төгсөөд илгээлтээр хөдөө гарсан. Манай ангийхан бүгд илгээлтээр гарсан. Би Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад малчнаар 1991 он хүртэл ажилласан. Би малчин болсон, Г.Нямцоож саальчин болсон” гэх мэдүүлэг,

-Гэрч Л.Лхамсүрэнгийн “би Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийг 1983 оны 06 дугаар сард төгсөөд илгээлтээр хөдөө гарч Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад малчнаар 1991 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хүсэлт гаргагч Г.Нямцоож нь 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 21, 22, 25-д авагдсан 1987 оны гэх баярын бичгүүд дээрх нэр 1987 онд бичигдсэн эсэх, тухайн баярын бичгүүд нь 1987 оных мөн эсэх нь эргэлзээтэй, мөн хэргийн 41-д авагдсан 1983 онд 8-р анги төгсөж ХАА-д хувиаарлагдсан хүүхдүүдийн нэрсийн 29-31 дүгээрт авагдсан Нямцоожийн нэр бүхий гурван хүүхдийн нэрс нь 1983 онд бичигдсэн эсэхэд эргэлзээтэй байх тул дээрх материалуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагааншувуу овогт Гомбодоржийн Нямцоожийн 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА