Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 388

 

   М.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                                                                  

            прокурор Б.Чинбилиг,

            шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1808 0578 11626 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

/Ургийн овгоо тодорхойлоогүй/ М-н Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тодорхой оршин суух хаяггүй, /РД: ..../;

 ....... дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 13 жил 5 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

............дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ......дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

........... дүүргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;

М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-22 тоотод байрлах иргэн С.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 43 инчийн “Sony” загварын лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоотод оршин суух иргэн Г.Э-н монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар М.Б-г 3 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан 3 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Б-н цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Б нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч М.Б-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлж барагдуулсан гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан. Иймд М.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан, ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх М.Б-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан, ял шийтгэл оногдуулсан. М.Б-н давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 7-22 тоотод байрлах иргэн С.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 43 инчийн “Sony” загварын лед зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны өдрийн орчим, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 17-10 тоотод оршин суух иргэн Г.Э-н монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “Sharp” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Б-н “... Гэрээсээ гараад ажилдаа явахдаа гэрийнхээ хаалгыг цоожилсон. Ажлаа тараад иртэл хаалга цоожтой, харин вакум цонх онгорхой байдалтай байсан. Гэртээ ороод хартал “Sony” загварын 43 инчийн лед зурагт хулгайд алдагдсан байсан. ...” /1 хх 14/,

хохирогч Г.Э-н “... Архангай аймгаас хотод гэртээ ирэхэд манай монгол гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь гэртээ ороод үзтэл “Sharp” загварын 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. ...” /1 хх 60-61/,

гэрч А.Б-н “... 2018 оны 12 дугаар сарын 17-ны шөнө гэртээ унтаж байтал хаалга нүдээд байхаар нь онгойлготол хадам аавын хуурай дүү гээд байсан Б гэгч залуу байсан. Тэрээр “хоёр ширхэг зурагт оруулаад түр тавьчихъя, өглөө авъя” гээд манайд оруулсан. ...” /1 хх 20/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 3-7, 53-56/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 28-29, 69/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 30/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 45-47, 104-105/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч М.Б-д анхан шатны шүүхээс 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч М.Б-с “...хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэдийгээр М.Б нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тэрээр энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, түүний хувийн байдал зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.