Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 44

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Х.Анхцэцэг,                        

шүүгдэгч М.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт М.Баасанжавыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010707 дугаар хэргийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян-Уулын 16 дугаар гудамж, 01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Урианхад овогт Мандахын Баасанжав /РД:СЗ90051031/.

Шүүгдэгч М.Баасанжав нь 2016 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, “Эгүүшин” нэртэй караокед хохирогч Г.Бат-Өлзийгийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргасан зүй бус авирын улмаас түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Баасанжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Эгүүшин нэртэй караоке түрээслэж ажиллуулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. 2016 оны 3 дугаар сарын 05-06-ны шөнө 23 цагийн үед ажил дээрээ ирсэн. Хохирогч Бат-Өлзий хойд талынхаа ширээнд сууж байсан 2 эмэгтэйг хэл амаар доромжлоод байсан. Би салгах гэсэн боловч салахгүй, хэл амаар доромжлоод нүүр рүү мангасдаад, түлхээд байсан. Тэгээд хаалга уруу гаргах гээд явж байтал нөгөө эмэгтэй шил шидээд түүнийг нь Бат-Өлзий өшиглөөд хаалга оночихоор нь би уурлаад шанаа хавь руу нь цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

201626010707 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Г.Бат-Өлзийн: “Би 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр найз Ариунболд, Эрдэнэбат хоёртой “Эгүүшин” караокед 21 цагийн үед орсон. Тус бүр 3 ширхэг пиво уугаад 22 цагийн үед гарсан. Баянхошууны хуучин эцсийн хажууд Ариунболдын найзтай уулзаад 2,5 литрийн пиво хувааж уусан. ...Ариунболд бид 2 буцаад караоке ороод 3 үирхэг пиво уусан. Би суугаагаараа унтсан байсан. Намайг хэсэг хугацааны дараа сэрэхэд Ариунболд хажуу ширээний эмэгтэй хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд би босоод найзыгаа аваад гарах гэтэл тэр хоёр эмэгтэй араас пивоны шил шидсэн. Тэр шилийг нь хөлөөрөө өшиглөсөн чинь Баасанжав гэх залуу миний нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Одоо 1 800 000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлын мөнгө гаргуулаад авчих юм бол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-15, 16/,

Гэрч Г.Булганцэцэгийн: “...ард талд сууж байсан хоёр залуугийн нэг нь ирчихээд хамт сууж дуу дуулья гээд байсан. Бид хоёр зүгээр цаашаа яв, бид хоёр хоёулахнаа баймаар байна гэж хэлсэн чинь манай найз болон намайг хэл амаар доромжлоод эхэлсэн. “Эгүүшин” караокены Баасанжав гэх залуу Бат-Өлзий болон түүний найзын хажууд очоод гаргах гэсэн чинь гарахгүй Баасанжав болон бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан. Энхтуул бид хоёрыг хэл амаар доромжлоод байхаар нь пивоны шил аваад газар шидсэн. Тэгсэн чинь Бат-Өлзий нөгөө шилийг хөлөөрөө өшиглөөд караокены хаалгыг өшиглөөд байсан. Баасанжав уур нь хүрээд Бат-Өлзийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод тэр хоёр залууг гаргасан” гэх мэдүүлэг /хх-19/,

Гэрч Д.Энхтуулын: “...Хажууд сууж байсан хоёр залуугийн нэг залуу нь манай ширээн дээр ирээд хамт дуулах уу гээд байсан. Тэгэхэд нь бид хоёр хоёулахнаа баймаар байна гэж хэлсэн. Тэр эрэгтэй намайг налаад байхаар нь би түлхсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Нөгөө залуу нь ширээгээ налаад унтаж байсан. Тэгээд гарлаа гэсэн чинь нөгөө хэл амаар доромжлоод байсан залуу унтаж байгаа залуу дээрээ очоод сэрээх гээд байсан. Тэгэхэд Баасанжав тэр хоёр залууг гаргах гээд хаалганы хажууд очсон. Бат-Өлзий хаалганы хажууд зогсоод намайг хэл амаар доромжлоод байхаар нь би газар руу пивоны шил шидсэн. Тэгсэн чинь Бат-Өлзий гэх залуу тэр шилийг хөлөөрөө өшиглөсөн. Баасанжав тэр үед зүгээр гаргах гэхэд гарахгүй хэл амаар доромжлоод байсан. Баасанжав нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон, өөр зодож цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч М.Баатарчулууны: “...Бат-Өлзий сэрснээ манай ах Баасанжавыг зодох гээд хэл амаар доромжлоод байсан. Баасанжав ах Бат-Өлзийг караокеноос гаргах гээд зогсож байтал 2 эмэгтэй пивоны шил аваад Бат-Өлзийгийн араас шидсэн. Тэгсэн Бат-Өлзий нөгөө шилийг хөлөөрөө өшиглөөд хаясан чинь манай ах Баасанжавын уур хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Баасанжав ах эрүүл байсан. Бат-Өлзий манайд орж ирэхдээ л согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-21/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.03.10-ны өдрийн 3370 дугаар актын  дүгнэлтэд: “1.Бат-Өлзийн биед баруун хацар яс, хацар ясны нумны хугарал, гайморын хөндийн урд ба гадна ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.7.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэжээ /хх-25/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-13/, гэрч М.Жаргалын мэдүүлэг /хх-18/, гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх-17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/ хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хохирлын баримтууд /хх-56-59, 62-65, 73/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Баасанжав нь 2016 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, “Эгүүшин” караокед хохирогч Г.Бат-Өлзийгийн согтуурсан үедээ гаргасан зүй бус авирын улмаас түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж бие махбодид нь баруун хацар яс, хацар ясны нумны хугарал, гайморын хөндийн урд ба гадна ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Баасанжавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Бат-Өлзий нь “хохиролд 1 380 000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-73/-ийг ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Баасанжавыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Баасанжав бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхад овогт Мандахын Баасанжавыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч М.Баасанжавыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Баасанжавт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Баасанжав цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар М.Баасанжавт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай. 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Баасанжавт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Баасанжавт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР