Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0446

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны алблны царгын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000448446 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Б-д дүүргийн Засаг даргын 2008 оны 192 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлж, 507 м.кв-аар Сургуулийн 1983а хаягаар бүртгэсэн байна. Харин газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо хаягийг андуурч Сургуулийн 1330 гэж бичжээ.

Харин Б.О-д дүүргийн Засаг даргын 2011 оны 66 дугаар захирамжаар 611 м.кв газрыг эзэмшүүлж, гэрчилгээг олгохдоо Сургуулийн 1329 гэж андуурч бичсэн. Түүний хүсэлтээр алдааг залруулж, гэрчилгээг 2013 онд нөхөн олгосон. Б.О-ы 2010 оны 09 дүгээр сарын 02-нд тус албанд гаргасан өргөдөлд 1330 хаяг дахь газрыг эзэмшихээр дурдсан, мөн хорооны Засаг даргын тодорхойлолтууд, кадастрын зургаар Б.Батаа болон Б.Отгон нарын эзэмшил газар давхцаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан.

...Бид анх 1999 онд тус газарт хашаа байшин барьсан. Уг хашаандаа нутгийн танилаа суулгасан байсан ч 2006 онд Б.Б-г биднээс зөвшөөрөл авалгүйгээр суулгасан байсан. Дараа нь Б.Б нь биднийг очиход манай хашаа гэх болсон. Б.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн газрын гэрчилгээг хуурч санаатайгаар давхар гэрчилгээ гаргуулсан.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 392 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000448446 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээд Б.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар захирамжийн Б.Батаад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Б.Б-ийн нэхэмжлэлтэй БЗД-ийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж гарсан Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 09-р сарын 10-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Б.Б миний бие нь "надад БЗД-ийн Засаг даргын 2008 оны 192 тоот захирамжийн дагуу 0181377 тоот гэрчилгээгээр БЗД-ийн 23-р хороо, Сургуулийн 3-р хэсэг. 1330 тоот хашааг гэр бүлийн зориулалтаар олгосон, гэтэл миний одоо амьдарч байгаа газрыг Б.Отгон гэх хүнд БЗД-ийн Засаг даргын 2011 оны 66 тоот захирамжийн дагуу БЗД-ийн 23-р хороо, Сургуулийн 1329 тоот хаягаар гэрчилгээ бичиж, олгосон байснаа 2013 оны 4-р сарын 10-ны өдөр Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх нь албан тушаалаа ашиглан дур зоргоороо гэрчилгээний хаягийг сольж, дахин гэрчилгээ олгохдоо манай хаягаар буюу 1330 тоотоор олгосон байх тул түүнийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл шүүх нь Өмч, газрын харилцааны албаны даргын хууль бус үйлдэлд хууль ёсны үнэлэлд дүгнэлт хийхгүй, "эрх ашиг, соёрхолгүй зөрчөөгүй", "байршил давхцаагүй" гэсэн өрөөсгөл дүгнэлт хийж хууль бус буруу шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч Б.Б миний бие нь БЗД-ийн 23-р хороо, Сургуулийн 3-р хэсэг, 1330 тоот хаягт байрлах хашаа, газрыг 2006 онд Д.Бв (гуравдагч этгээдийн нөхөр)- тай тохиролцон худалдан авахаар болж, тодорхой хэмжээний төлбөрийг төлж, түүний зааж зөвлөсний дагуу дүүргийн газрын албанд өргөдөл гаргасан юм. Энэ тухай удаа дараа мэдүүлж, гэрчийн мэдүүлэг өгүүлсэн болно (2-р хавтаст материалын XX 2). Гэтэл шүүх тэдгээрийг үгүйсгэн, улмаар гэрчийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь ИХШХШХ-ийн 40-р зүйлийн 40.2-г "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” мөн хуулийн 116-р зүйлийн 116.3-т 'шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана", мөн хуулийн 118-р зүйлийн 118,4-т "нотлох баримтын хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэсний тус тус зөрчсөн хууль бус, буруу шийдвэр болсон гэж үзэж байна.

Хоёр. Хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа нэгж талбарын № 1865231060**** болон нэгж талбарын №1865331106**** кадастрын зургууд нь хэзээ, хэний хүсэлтээр үйлдсэн нь ойлгомжгүй тодорхойгүй, хэрэгт хэрхэн хамааралтай нь бүрэн нотлогдоогүй байхад тэдгээрийг хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдаагүй байна. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч” ХХК-аар хийлгэсэн 700,6 м.кв талбай бүхий эзэмшиж байгаа газрын кадастрын зураг" гэж үндэслэл болгож байгаа нотлох баримтыг дурдсан байх боловч "Н" ХХК-ийн 2014 оны 04-р сарын 14-ны өдрийн албан бичгээр "тухайн зургийг "Н" ХХК-аас үйлдээгүй" гэсэн агуулга байгаа нотлох баримтыг мөн хэрэгт хавсаргасан /2-р хавтаст материалын х.х-15/ байх бөгөөд эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтууд хоорондоо илт зөрүүтэй, зөрчилдөөнтэй байхад зөвхөн нэг баримтыг нь үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүх ИХШХШХ-ийн 40-р зүйлийн 40.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ан холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ", мөн хуулийн 116-р зүйлийн 116.3-т "шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана\ мөн хуулийн 118-р зүйлийн 118.4-т ". . нотлох баримтын . . хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэсний тус тус зөрчсөн хууль бус, буруу шийдвэр гаргасан тул Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 09-р сарын 10-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Б. нь “Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 000448446 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд Б.О-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 66 дугаар захирамжаар “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн 1330 тоот байршилд амины хашааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ бичилтийн алдаа гаргаж, 1329 тоот байршилд 611 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0325881 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” гэж тул дээрх захирамжаар гуравдагч этгээд Б.О-д газар эзэмшүүлэхдээ газрын байршил, хаяг зэргийг түүний эзэмшихээр хүсэлт болгосон газраас өөр хаяг, байршилд газар эзэмшүүлж буруу бичилт хийсэн техникийн чанартай алдаагаа зөвтгөж залруулан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1330 тоот хашааны газрыг эзэмшүүлэхээр 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 000448446 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.О-д олгосон Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны үйлдэл нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар шүүх нь нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлагдахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болох хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалттай.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 192 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1330 тоот хашааны газрыг нэхэмжлэгч Б.Батаа нь эзэмшиж байгаа гэх боловч уг газар нь түүний анх хүсэлт болгосон газар биш бөгөөд гуравдагч этгээд Б.О-ны амьдарч байсан хашааны газрыг түүнд олгож, захирамж, гэрчилгээнд газрын хаяг, байршлын буруу бичилт хийсэн" гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Тодруулбал, Гуравдагч этгээд Б.О, түүний нөхөр Д.Б нар нь 1999 оноос Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1330 тоот хашаанд амьдарч байсан бөгөөд 2006 оноос уг хашаандаа нэхэмжлэгч Б.Б-г түр суулгаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, гэрч А.С болон бусад гэрч нарын тайлбараар тогтоогдож байгаа.

Өөрөөр хэлбэл, 2007 онд Б.Б нь Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтэд гаргахдаа “Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн задгайд’’ гэж газрын байршлаа тодорхойлсон, түүний хүсэлтдээ хавсаргаж өгсөн “Н” ХХК- ийн гаргасан газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургаар маргаж буй газрыг Б.Б нь хүсэлт болгоогүй болох нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд мэдүүлэхдээ “гуравдагч этгээд Б.О нөхөр Д.Б-аас худалдаж авсан” гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон дүүргийн газрын мэдээллийн санд Б.Б нь 18653311062063 нэгж талбарын дугаартай 507 м.кв талбай бүхий Баянзүрх дүүргийн Сургуулийн 1903а тоотын газрын эзэмшигч болох нь нотлогдсон байна.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэгт тулгуурлан хэрэгт цугларсан нотлох баримтууд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны энэ үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                          ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

               ШҮҮГЧИД                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                  Э.ЗОРИГТБААТАР

                                                  Э.ХАЛИУНБАЯР