Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.З,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                       

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Б-ийн З-д холбогдох 2228000720064 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Биеийн байцаалт:   

Ц овгийн Б-ийн З ............................             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.М-гийн эзэмшлийн 72-32 ӨМА улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашины урд талын салхины шилийн гол хэсэгт, жолоочийн талын хаалганы цонхны шил, жолоочийн талын хаалганы бариулны дээд хэсэгт цохиж хонхойлгосон, хаалганы дээд хэсэгт байдаг салхивчны хамгаалалт хуванцар зэргийг чулуугаар цохиж, хууль бусаар хагалан гэмтээж, устгасны улмаас Х.М-д 515.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийн эсрэг хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.З-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.З-тай 2019 оны 08 сард танилцаж байсан. Тэгээд танилцсанаасаа хойш утсаар холбогдож ярьж, уулздаг болж дотно харилцаатай болсон. Гэхдээ нэг гэрт орж хамт амьдраагүй. Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед З-тай уулзаад “Монсуль” шатахуун түгээх станцаас шатахуун авахаар очоод 15.000 төгрөгт шатахуун авсан. Тэгээд “Өнөр бүл” дэлгүүр рүү явж байх замдаа З намайг явдалтай хүүхэн, чамтай учирсандаа ой гутаж байна, чамайг бүжгийн улсууд чинь ярьдаг юм байна лээ гээд бүжгийн портнер Г ахтай хардаж тэдний гадаа очсон. Г ах гарч ирэхгүй байхаар нь надаас утасны дугаарыг нь асуухад би хэлэхгүй байсан чинь миний баруун нүд рүү цохичихсон. Тэгэхээр нь би бие засмаар байна гэж байгаад машинаас буугаад З-ын талаар тойроод очиход З машины хаалгыг дотроос нь түгжчихээд машинд оруулахгүй байхаар нь цагдаагийн газар руу ирж дуудлага өгөхөд жижүүр цагдаа очиж З-ыг авч ирсний дараа би машин дээрээ очиход машин түгжээтэй байхаар нь гэртээ очоод илүү түлхүүрээ авч ирээд нээх гэхэд нээгдэхгүй байхаар нь ажил руу очиж жижүүр ахыг авч ирээд нээлгэх гэхэд миний машины урд талын салхины шилийг гол хэсэгт, жолоочийн талын хаалганы цонхны шилийг цохиж хагалсан, жолоочийн талын хаалганы бариулны дээд хэсэгт цохиж хонхойлгон, хаалганы дээд хэсэгт байдаг салхивчны хамгаалалт хуванцрыг хагалсан байсан. ...Надад хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний машины шил солих, засвар хийлгэхэд гарах зардал зэрэгт үнэлгээ хийхэд 515.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэр зардлыг З төлөөд барагдуулчихсан байгаа болохоор хэргийг хурдан шийдэж өгөхийг хүсэж байна.” /хавтаст хэргийн 9-10 дахь тал/   

Иргэний хариуцагч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... “Шийдэл финанс” ББСБ ХХК нь 72-32 ӨМА улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлдэгч Хүүхнээ овогтой М нь манай байгууллагад барьцаанд тавьж 12 сарын хугацаатай 2.500.000 төгрөгийн барьцаанд тээврийн хэрэгслээ тавьсан. Би зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргийг хэрэгт хавсаргуулахаар авч ирсэн байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг зээлдэгч өөрөө хариуцдаг болохоор тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг тээврийн хэрэгслийн үндсэн эзэмшигч Х.М шийдэх байх. Манай байгууллагын зүгээс хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Санал, хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн ажлын албанд ачигчаар орж одоог хүртэл ажиллаж байна. Намайг ямар нэг буруу зүйл хийгээгүй байхад цагдаа дуудаж бариулсанд нь би уурлаад буцаж явахдаа М-гийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуу бариад цохиж хагалаад цохисон чулуугаа бариад чигээрээ цаашаа алхаж байхдаа барьсан чулуугаа хаячихаад гэртээ харьсан. Би М-гийн бие эрх чөлөөнд халдаж байсан зүйл байхгүй. Харин М өөрөө уурлаж намайг цохиж самардах гэж дайраад байхад нь би цааш нь түлхэж байсан. Бусдаар цохиж зодож байсан удаа байхгүй. Хэрэлдэж маргалдсан талаар урьд нь цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. Би өөрийнхөө бурууг ухамсарлаж М-д учруулсан хохирол болох үнэлгээгээр гарсан 515,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа.” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 924 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “эвдэрсэн эд ангиуд салхины шил /урд/, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 220,000 төгрөг /солих/, хаалганы шил /баруун урд/ 50,000 төгрөг /солих/, хаалга /баруун урд/ 45.000 төгрөг /засах/, борооны хаалт 1 ширхэг, 20,000 төгрөг /солих/, шууд зардлын дүн: 335,000 төгрөг, будах зардал 120,000 төгрөг /ажлын хөлс/, эд анги солих 40,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг шалгуулах /ажлын хөлс/, 100 грамм будаг, туслах материал, лак, өнгө гаргах, 20,000 төгрөг /материалын үнэ/, шууд бус зардлын дүн: 20,000 төгрөг, нийт дүн: 515,000 төгрөг” /хавтаст хэргийн 19-23 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.З-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.З нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Х.М-гийн эзэмшлийн 72-32 ӨМА улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашины урд талын салхины шилийн гол хэсэг, жолоочийн талын хаалганы цонхны шил, хаалганы дээд хэсэгт байдаг салхивчны хамгаалалт хуванцар зэргийг чулуугаар цохиж, хууль бусаар хагалан устгасан, жолоочийн талын хаалганы бариулны дээд хэсэгт цохиж хонхойлгож гэмтээсний улмаас Х.М-д 515.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Х.М-гийн “миний машины урд талын салхины шилийг гол хэсэгт, жолоочийн талын хаалганы цонхны шилийг цохиж хагалсан, жолоочийн талын хаалганы бариулны дээд хэсэгт цохиж хонхойлгон, хаалганы дээд хэсэгт байдаг салхивчны хамгаалалт хуванцрыг хагалсан байсан” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 924 дугаартай “72-32 ӨМА улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашинд 515,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг тогтоосон” үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 19-23 дахь тал/, шүүгдэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...цагдаа дуудаж бариулсанд нь би уурлаад буцаж явахдаа М-гийн тээврийн хэрэгслийн цонхыг чулуу бариад цохиж хагалсан. ...Би өөрийнхөө бурууг ухамсарлаж М-д учруулсан хохирол болох үнэлгээгээр гарсан 515,000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.З-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Х.М-д 515,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 924 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул хохирогч Х.М-д учирсан 515,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг үнэлгээг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.  

Мөн шүүгдэгч Б.З нь бусдын эд хөрөнгөд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М-гийн эзэмшлийн 72-32 ӨМА улсын дугаартай “Toyota Prius” загварын автомашинд 515,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 924 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс уг хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.     

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг гаргав.

Шүүгдэгч Б.З гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч Б.З-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.    

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Мд 515,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Б-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.М-д 515,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ