Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2018/00113

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 07 өдөр            Дугаар 153/ШШ2018/00113               Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух, ПН77072406 регистрийн дугаартай Харгайнхан овогт Лхүндэвийн Байгальмаагийн  хүсэлттэй Ц.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Байгальмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Байгальмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:Л.Байгальмаа миний бие Ц.Төмөрбат гэдэг залуутай 2010 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан. Тэгээд дундаасаа эхний хүүхэд болох Б.Соёмбыг 2011 оны 07 дугаар сарын 25-нд, дараагийн 2 дахь хүүхэд болох Б.Номин-Эрдэнийг 2013 оны 05 дугаар сарын 25-нд төрүүлсэн. Ингээд 2 хүүхдээ эцгээр нь овоглох гэсэн чинь 2 хүүхдийн эцэг болох Ц.Төмөрбат надтай танилцахаас өмнө Завхан аймгийн харьяат эхнэр авч Завхан аймагт амьдран, тэр хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн гэсэн. Тэгээд тэр авгайгаа хаян хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зугтан Ховд аймагт ирсэн. Дараа нь надтай танилцсан. Ингээд 2 хүүхдийн эцэг болох Ц.Төмөрбатын нэр дээр бүртгүүлэх гэсэн чинь өмнөх авгайгаас салаагүй учир энэ 2 хүүхдийг ээжийнх нь буюу Л.Байгальмаа миний нэр дээр бүртгэсэн. Энэ хүнтэй 2010 оны 10 дугаар сарын сүүлээс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 жил хамтран амьдарсан. Энэ хүнтэй амьдрах хугацаанд тэрээр өөрийн гэсэн ажилгүй байнга архи ууж, намайг зодож цохин 2 хүүхэдтэйгээ хүртэл гадаа хонож явсан. Миний үсийг зулгаан толгойн арын үсийг зулгаан юу ч үгүй болгосон. Ховд аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй, их архи ууж агсам согтуу тавьдаг, танхай этгээд байсан. Ийнхүү дараа нь намайг уран үгээр аргадан өдий хүртэл амьдарсан.

Ц.Төмөрбат нь эх н.Даваахүү, эгч н.Болдтуяа нартай нийлж 2 удаа намайг хүүхдийн минь өмнө зодсон. Мөн амьдрах хугацаандаа 1 микро машин, 1 суудлын машин, 2 мотоциклыг өөрийн цалингаар зээлээр авч өгч энэ хүнээр эвдүүлсэн. Мөн зээл их авч энэ хүнийг өөд нь татах гэж их оролдсон. Ажилгүй болохоор Ховд аймгийн Чандмань суманд олон нийтийн цагдаагаар ажиллуулсан боловч, архи ууж хөөгдсөн. Тэгээд амьдралаа дээшлүүлнэ гэж Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайд жолооч хийхээр гэрээсээ 2016 оны 08 дугаар сарын 20-нд явахад нь Чандмань сумын сум хөгжүүлэх сангаас 500,000 мянган төгрөгийн зээлийг би өөрийн нэр дээр авч явуулсан. Одоо гэртээ ирэлгүй 1 жил 5 сар болж байна. Энэ хугацаанд хамтран амьдрагч Ц.Төмөрбаатараас зээлээ төлөхийг гуйхад өөрөө төл, би ямар зээл авсан юм уу гэх мэтээр заналхийлж байсан. Саяхан 1 сарын өмнө энэ хүнийг бас хамтран амьдрагчтай болж байгааг мэдсэн. Иймд Ц.Төмөрбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Л.Байгальмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Л.Байгальмаа нь Ц.Төмөрбат гэдэг залуутай 2010 оны 10 дугаар сарын сүүлээр танилцсан байдаг. Тэгээд дундаасаа 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.Соёмбо, 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Номин-Эрдэнэ нар төрсөн. Хоёр хүүхэд хоёулаа эхээрээ овоглодог. Ц.Төмөрбат, Л.Байгальмаа нар нь 2010 оны 10 дугаар сарын сүүлээс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 жил хамтран амьдарсан.

Тэгээд Ц.Төмөрбат нь амьдралаа дээшлүүлнэ гэж Өмнөговь аймгийн Таван толгойн уурхайд жолооч хийхээр гэрээсээ 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр явсан бөгөөд одоог хүртэл гэртээ ирээгүй. Байгальмаа нь эхэндээ хамтран амьдрагч Ц.Төмөрбаатартай холбогдож байсан бөгөөд зээлээ төлөхийг гуйхад өөрөө төл, би ямар зээл авсан юм уу гэх мэтээр заналхийлдэг байсан. Дараа нь Ц.Төмөрбаатар нь бүр холбогдохгүй болж, хаана байгаа нь тодорхойгүй болсон. Иймд Ц.Төмөрбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.Байгальмаа нь Ц.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн Ц.Төмөрбат нь хүсэлт гаргагч Л.Байгальмаатай хамтран амьдарч байсан, тэдгээрийн дундаас  2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.Соёмбо, 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б.Номин-Эрдэнэ нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, багийн засаг даргын албан бичиг, хүсэлт гаргагчийн хүсэлт зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Л.Байгальмааийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  иргэн Ц.Төмөрбатыг эрэн сурвалжлуулах үндэслэлээ тайлбарлахдаа “иргэн Ц.Төмөрбатад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон зээлийн төлбөрийг гаргуулахыг хүссэн хэргийг шийдвэрлүүлэх гэсэн Ц.Төмөрбат олдохгүй байгаа”  гэжээ.

Хариуцагч болох Ц.Төмөрбат нь иргэний үнэмлэх дээрх Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-04 тоот хаягтаа оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 212 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Мөн түүнийг хамгийн сүүлд Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин сууж байсан гэх боловч энэ хаягтаа мөн оршин суудаггүй болох нь Чандмань сумын Урд гол багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Л.Байгальмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд ПЮ78053071 регистрийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-04 тоот болон Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суудаг байсан гэх, Алаг адуу овогт Цэнд-Аюушийн Төмөрбатыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар ПЮ78053071 регистрийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 07-04 тоот болон Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суудаг байсан гэх, Алаг адуу овогт Цэнд-Аюушийн Төмөрбатыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.Төмөрбатыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Л.Байгальмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МАРИНА