Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/423

 

 

 

 

   2022          05          25                                     2022/ШЦТ/423

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

Хохирогч: Ц.Э-,

Өсвөр насны шүүгдэгч П.М-, түүний хууль ёсны төлөөлөгч, О.П-,

Өсвөр насны шүүгдэгч А.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б-,

Өсвөр насны шүүгдэгч О.Ч-, түүний хууль ёсны төлөөлөгч О.А-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.М-, А.М-, О.Ч- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001080 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... тоот регистртэй,

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... тоот регистртэй,

 

 

 Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 32-р байрны гараашны гадна хохирогч Ц.Э-ын биед халдаж “IPhone XR” маркийн гар утас, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч П.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч А.М- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Ч- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Э- шүүх хуралдаанд: “2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө алхаад явж байтал 3 залуу гарч ирээд тамхи асуусан. Тэгээд юм асууя гээд дагуулаад явсан. Эхлээд гарааш руу буулгаад намайг элэгдсэн. Утас, түрүүвчээ гаргаад ир гэсэн. Тэгээд нэг гар орж ирээд түрүүвчийг авсан. Тэгээд хажуугаас цохиж, нөгөө талын халааснаас утсыг авсан. Тэгээд намайг зодож, гар утасны кодыг гарга гэж хэлэхээр нь гаргахгүй гэхэд намайг зодсон. Намайг хоёр нь зодсон. Тэгээд би орилоход зугтаарай гэж хэлсэн. Өнөөдөр 300.000 төгрөг хүлээн авсан. Эд зүйлийг буцааж авсан” гэв.

Хохирогч Ц.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23 цагийн орчимд ...32 дугаар байрны хойд талд явж байтал 3-н залуу гарч ирээд урдаас тосож ирээд халзан дуу толгойтой залуу нь надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би тамхи байхгүй гэсэн, тэгсэн уг залуу юм асуух гэсийн дагаад яв гээд уг 32-р байрны урд талд гражийн хаалганы хэсэгт дагуулж ирээд халзан толгойтой залуу “мөнгө байна уу” гэж асуухдаа шууд “элэгдсэн” тэгсэн араас нэг цоохор куртиктэй, урт буржгар дуу үстэй залуу “хавирч унагаасан” тэгээд би буцаад боссон чинь хоёр удаа зүүн шанаа руу цохисон тэгээд "манараад яаж байна хөгшөөн" гэсэн чинь халзан дуу толгойтой залуу нь миний халаас руу гараа хийгээд түрийвч авсан, тэгсэн нөгөө нэг хар куртиктэй ягаан өнгөтэй малгайтай цамцтай залуу баруун шанаа руу нэг удаа шанаадсан тэгсэн нөгөө халзан залуу ахиад нөгөө халаас ухаад миний Айфоне ХР нэртэй гар утас аваад утасныхаа кодыг гарга гэхээр нь үгүй гэсэн чинь нөгөө халзан залуу шанаадсан. Тэгсэн нөгөө буржгар үстэй цоохор крутиктэй залуу бас хажуунаас цохиод кодоо гаргаач гэсэн тэгэхээр нь би уур хүрээд халзан толгойтой нөхөртэй барьцалдаад авсан чинь хажуунаас хар куртиктэй, нил ягаан цамцтай залуу бас цохисон. Тэгээд би тэр гурвыг эсэргүүцээд хоёр гурав цохисон чинь гурвуулаа нийлээд цохисон тэгээд би "яаж байнаа" гээд орилсон чинь буржгар үстэй нь зугтаарай гээд тэр гурав зугтсан би араас нь хөөж байтал миний хамраас их цус гараад байхаар нь зогссон. Тэгсэн нөгөө гурван залуу байр тойроод зугтаагаад явсан. Тэгээд би цагдаа дуудаад цагдаа нар ирээд үзлэг хийгээд камер хайгаад явж байтал 32-р байрны урд талд нөгөө хүүхдүүдийн зугтаасан зам дээр миний түрийвч байсан тэгээд дотор талыг юмаа үзсэн чинь бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Насанд хүрээгүй гэрч И.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед 3, 4 хорооллын эцэст И-март худалдааны төвд өөрийн найз Ч-, М-, М- нарын хамт хорооллын төвд гулгаж тоглоод гараад бид нар хоол идэхээр болж хоолонд ороод найз охидуудыг нь автобусанд суулгаж явуулаад алхаж байхад надад М-, Ч-, М- нар найз охинтойгоо гарах гэж байгаа маргааш мөнгөний хэрэг байгаа гээд Ч- мөнгөний хэрэг байна согтуу хүн байвал дээрэмдэх талаар хэлээд явж байхад М-, М- хоёр ирээд согтуу хүн байвал мөнгийг нь авъя  гэж хэлээд хэлэхээр нь би Ч- сая хэлсэн гэж хэлээд бид нар love клубийн хажууд хүн хайгаад хүлээж байгаад олдохгүй байхаар нь Баянгол дүүргийн 8-р хорооны нутагт явж байхад нэг шар куртиктэй утсаар яриад явж байсан эрэгтэй хүүхэд явж байхаар нь М- намайг дагаад явж бай гэж хэлээд би араас нь дагаад явж байхад уг эрэгтэй модны хоёрын зүг явчихсан. Тэгээд би буцаад алхаад явж байхад Ч-, М-, М- байхгүй байхаар нь намайг хаяад явчихсан юм шиг байна гээд дээшээ алхаад явж байхад гэнэт М- зугтаарай гээд араас нь Ч-, М- нар гүйгээд гараад ирэхээр би дагаад гүйгээд явж байхдаа М-оос яасан авчихсан юм уу гэж асуухад авчихсан гэж надад хэлээд бид нар гүйгээд 10-р хорооллын далангийн орчимд очиход М- чамд ноогдох хувь бага шүү гэж хэлээд Ч- “IPhone XR” маркийн гар утас халааснаасаа гаргаж ирсэн. Харин М- авсан түрүүвчээ унагаачихсан. Харин гар утасны гэрийг хэн нэгэн аваад хаясан. М- утасны сим авч хаяад 10-р хороололд байрлах CU-д орж байж байгаад эргээд харих замдаа түрүүвч хаясан газартаа түрүүвчийг хайхаар болоод очоод хайхад олоогүй байж байтал цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэст авчирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Шинжээчийн 3534 тоот дүгнэлтэд: “...Ц.Э-ын биед духанд зулгаралт, зулай, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 59-60/,

Өсвөр насны яллагдагчаар П.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ний орой Ч-, М-, А- бид дөрөв найз охидуудыгаа автобусанд суулгаж өгчхөөд ...М-, Ч-ээ хоёр “намайг явах юм уу” гэхээр нь “заза” хамт явъя гээд бид дөрөв хорооллын эцсийн зам дагуу уруудаад явж байхдаа хэн нь түрүүлж хийхийн гээд газар тэнгэрдээд А- эхлээд явахаар болоод нэг эрэгтэй хүний араас дагаад явсан М-, Ч- бид гурав араас нь дагаад явж байсан тэгсэн А-ын хажуугаар бас нэг залуу зөрөөд алхаад гараад ирсэн чинь Ч- уг залууг дуудаад тамхи асуусан чинь байхгүй гэсэн чинь Ч- нөгөө залууг дагуулаад 32-р байрны гараашны хэсэг рүү дагуулж ороод “мөнгө байна уу” гэсэн чинь “байхгүй” гэсэн тэгсэн Ч-ээ элэгдээд араас нь М- хавираад унагаасан тэгээд босоод ирэхэд нь Ч-ээ халаасыг нь ухаад түрүүвч утсыг нь аваад түрүүвчээ М-д өгөөд өөрөө утсыг нь халааслаад тэгсэн чинь нөгөө залуу М-ыг цохих гэж дайраад тэгэхээр нь би уг залууг татаж хана руу түлхээд хоёр удаа цохиод тэгсэн Ч-ээ хоёр удаа цохиод бид гурав зугтъя гээд зугтацгаагаад гүйж байтал А- зам дээр зогсож байсан. Тэгээд бүгд хамт зугтаад 10-р хорооллын CU ороод сууж байгаад М- нөгөө залуугаас авсан түрүүвчээ унагаачихсан байна очиж үзчихээд байхгүй бол манайд очиж унтъя гээд нөгөө газар руугаа явж байхад цагдаа нар барьж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 80-81/,

Өсвөр насны яллагдагчаар А.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15-16 цагийн орчимд найз Ч-, А-, М- гуравтай хорооллын И-мартын 5 давхарт уулзаад ройлкоор гулгаж байгаад Ч-, М- бид гурав утсаар зодооны бичлэг үзэж байсан. Тэгээд бид нар маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бид дөрөв найз охидуудтайгаа уулзаж кино үзэж гадуур явах гээд мөнгөний хэрэг байсан учир Ч- орой явж хүн дээрэм хийх үү гэхээр нь тэгье гээд орой 21 цагийн үед уг газраасаа гараад найз охидуудтай юм идэж байгаад А-д хэлсэн чинь хамт явъя гэсэн. Тэгээд найз охидуудаа хорооллын эцсийн урд талын автобусны буудлаас суулгаж өгчхөөд бид дөрөв доошоо 32 дугаар байр руу уруудаж байгаад хэн эхлэхээ үзээд А- эхлэхээр болоод нэг хүн дагаад явсан. Тэгээд араас нь Ч-, М- бид гурав алхаж байтал нэг залуу урдаас утсаар яриад гараад ирсэн чинь Ч-ээ уг залууг дуудаад юм яриадахъя гээд 32-р байрын гараашны хэсэг рүү оруулаад эхлээд Ч-ээ элэгдээд тонгойход нь халааснаас утас, түрүүвч хоёрыг нь аваад надад түрүүвчийг нь өгсөн би халаасандаа хийсэн. Тэгээд би түлхээд нөгөө хоёр цохиод ахиад босоод ирэхэд нь би алгадаад тэгсэн нөгөө залуу босож ирээд намайг нэг цохиод заамдаад авсан. Тэгээд би доошилсон чинь нөгөө хоёр нөгөө залууг салгах гээд ноцолдоод байтал нөгөө залуу М-ыг цохиод тэр хооронд би жаахан холдоод тэгсэн. Ч- нөгөө залуугийн гар утсаар нь толгой руу нь цохиод явъя гээд бид гурав зугтаагаад гараашны хэсгээс гарч ирээд засмал замаар гүйж байсан чинь А- гарч ирэхээр нь А-ыг дуудаад бүгд зугтсан. Тэгчхээд 10 дугаар хорооллын СU орж сууж байгаад нөгөө залуугаас авсан түрүүвч байхгүй тэнд унагаачихсан шиг санагдаад ахиж нөгөө газар руугаа очоод цагдаа нарт баригдсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 90-92/,

Өсвөр насны яллагдагчаар О.Ч-ий мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед 3, 4 хорооллын эцэст И-март худалдааны төвд М-, М-, А- нартай хамт гулгадаг тоглоомын газарт гулгаж байхдаа найз охидуудаа аваад гадуур гарах талаар яриад мөнгө байхгүй байсан тул хүний 100.000 төгрөг хэрэгтэй байсан. Тэгсэн М- над дээр ирээд хүн дээрэмдэх үү гэж яриад М-ыг дуудчих гээд М-ад хүн дээрэмдэх талаар хэлэхэд М- тэгье гээд гулгаж байгаад гараад найз охидуудтайгаа хоолонд ороод явж байхдаа би А-д дээрэм хийх талаар М- хэлэх гэж байгаад болиод би хэлхээр болж А-д хэлэхэд за тэгье гэж хэлээд бид нар найз охидуудаа суулгаад 3, 4-р хорооллын эцэст буудал дээрээс салаад Баянгол дүүргийн 8-р хорооны 32 байрны хажуугийн 5 давхар байрны хажууд очоод байж байгаад хэн нь эхлэхээ үзээд тэгсэн А- эхлэхээр болоод нэг хүн дагаад явсан тэгсэн А- нөгөө хүнээ дуудаж чадахгүй дагаад яваад байсан. Тэгэхээр нь би тэр хавьд явж байсан хүмүүсээс 18-20 орчим настай урт хар куртиктэй залууг “тамхи байна уу” гэж би дуудаад хоёулаа энд уулзаадахъя гэж хэлээд гараашны хаалганы орчимд аваачаад “мөнгө байна уу” гээд би асуухад араас М-, М- нар ирчихсэн хажууд зогсож байсан. Харин уг залуу “мөнгө байхгүй” гэхээр нь би гэдэс рүү нь гараараа цохиод, М- хавираад газарт унагаад уг залуу босоод ирэхээр нь би халаасыг нь ухаад куртикний зүүн халаасанд байсан хар өнгийн түрүүвчийг аваад М-д өгөөд баруун халааснаас нь “IPhone XR” маркийн гар утас байхаар аваад халаасандаа хийсэн. Гэтэл уг залуу М-ын баруун шанаа руу зүүн гараараа цохиод М- харин уг залуугийн гараас бариад авахад М-ын цохиод байсан. Харин би зүүн гарыг нь баруун гараараа барихад миний давсаг руу хөлөөрөө жийж өөрөөсөө холдуулсан. Харин М- “боль, боль” гээд зугтаагаад явсан араас нь М- бид хоёр гүйгээд явж байтал М- нөгөө залуугийн түрийвчийг газар унагаасан. Тэгээд зугтаад гүйж байгаад ...байрны хажууд очиход А- зогсож байсан. Тэгээд тэндээсээ бид хэд 10-р хорооллын СU очоод сууж байгаад М-ын унгаасан түрүүвч байж магадгүй гээд М-, М-, А- нартай хамт очоод түрүүвчээ хайгаад байж байхад цагдаа нар ирээд шалгахад “IPhone XR” гар утас нь хаана байна гэж надаас асуухаар нь би халаасандаа байсан гар утсыг цагдаад гаргаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 101-103/,

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-4/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-12/, өсвөр насны шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /хх-н 13-18/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 57/, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргуулсан 50.000 төгрөгийн баримт /хх-н 58/, өсвөр насны шүүгдэгч П.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 104-110/, өсвөр насны шүүгдэгч О.Ч-ий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 111-116/, өсвөр насны шүүгдэгч А.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 117-127/, компьютерт томографийн шинжилгээ /хх-н 132-133/, хохирлын баримтууд /хх-н 135/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 32-р байрны гараашны гадна хохирогч Ц.Э-ын биед халдаж “IPhone XR” маркийн гар утас, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Э-, гэрч И.А-т нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 32-р байрны гараашны гадна хохирогч Ц.Э-ын биед халдаж “IPhone XR” маркийн гар утас, түрийвч, бичиг баримт зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар дээрэмдэн авсан нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул өсвөр насны шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч нар нь дээрэм хийнэ гэж урьдаас үгсэн тохирч, улмаар хохирогч Ц.Э-ыг явж байхад нь дуудаж түүнийг цохиж, зодож эд зүйлсийг авсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нар урьдаас үгсэн тохирч, санаатай нэгдэж нь хохирогч Ц.Э-ын дээрэмдсэн тул тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь хохирогч Ц.Э-ын эд зүйлсийг дээрэмдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Өсвөр насы шүүгдэгч нар нь хохирогчийг дээрэмдэх явцдаа түүнийг цохиж, зодсон нөхцөл байдал тогтоогдсон ба шинжээчийн 3534 тоот дүгнэлтээр хохирогч Ц.Э-ад гэмтэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд эд зүйлээ буцаан авсан, эмчилгээний зардал 300.000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж  шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт тус бүр 3 жилийн хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх”, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч “ял хойшлуулах боломж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол хор уршгийг харгалзан нийгмээс тусгаарлахгүй шийдвэрлэж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасныг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.5 дугаар зүйлд “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...”, 3 дахь хэсэгт “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй болох нь нас тоолсон тэмдэглэлээр /хх-н 13-18/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүлэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, насанд хүрээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.М-, А.М-, О.Ч- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                 1. П.М-, А.М-, О.Ч- нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлилйн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарт авсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус даалгасугай.

                 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч П.М-, А.М-, О.Ч- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР