Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч, хохирогч А.Б,

Өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                        

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ам-ийн Б, Б овгийн А-ийн Г нарт холбогдох 2228000790067 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 Биеийн байцаалт: 

Т овгийн Ам-ийн Б ...............

Б овгийн А-ийн Г ..................    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Замбала” дэлгүүрийн зүүн талд А.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа 4-5 удаа цохиж, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,  

Шүүгдэгч А.Г нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Замбала” дэлгүүрийн зүүн талд А.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний нүүр рүү нь 4-5 удаа, толгойн ар хэсэг рүү нь мөн 4-5 удаа гараараа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын доод салстад шарх, баруун гарын 4-р хуруу, цээжинд зулгаралт, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Б, А.Г нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Тухайн өдөр пиво уусан байсан. Найз хүүхнээсээ болж А.Г дээр очиж ярилцъя гэж хэлсэн. Яриа таарахгүй байна гээд хоёулаа салаад явсан. А.Г эргээд уулзъя гэж дуудаад манайх руу явах замдаа хоёулаа муудалцсан гэв.

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 10.480.673 төгрөгийг нэхэмжилсэн. 4.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Үлдсэн 6.480.673 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан байгаа, гэхдээ цаашид эмчид дахин үзүүлж, нүдний томограф зураг авхуулах шаардлагатай тул үүнтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би хажуу айлдаа сууж байхад 16 цаг өнгөрч байсан байх манай хүүхэд орж ирээд намайг гэрийн гадаа Ц эгчийн машинтай нэг хүн ирээд дуудаж байна гэхээр нь би гараад очсон чинь нэг танихгүй согтуу залуу байсан. ... намайг аваад Замбала дэлгүүрийн тэр хавьд нэг хашаанд ороод машинаа зогсоохоор нь би машинаас буугаад гэр рүүгээ шууд алхсан. Машинд явж байхад би юм дуугараагүй нөгөө залуу надад чи буруу хүнээрээ оролдлоо шоовдрын хүүхдүүд ямар байдгийг харуулна, бэлэг эрхтнээ чамд хөхүүлнэ гэхээр нь би тийм юм байдаггүй юм аа гэж хэлсэн. Тэгээд машинаас буугаад гэр рүүгээ алхаж байхад Ц нөхөртэйгөө ирээд хүргээд өгье гэхээр нь би алхаад явъя гэж хэлсэн чинь араас хөөе гэж нөхөр нь дуудсан. Би эргээд харсан чинь нөхөр нь миний хувцасны захаас заамдаж хоолой боохоор нь тавьж гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд гар руу нь нэг удаа цохисон. Тэгээд тавихгүй байхаар нь би баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон санагдаж байна. Би амьсгалж чадахгүй ухаан балартаж газар унахад нөгөө залуу миний толгой руу өшиглөх шиг болсон сайн санахгүй байна. Ухаан балартаад унасан болохоор хаана яаж юугаар хэдэн удаа цохисон мэдэхгүй байна. ... Хэрэг болох үед миний биед тархины хаван, 2 ухархайн хананы ёроолын хугаралтай, хамрын зүүн тал S хэлбэртэй мурийлттай байна гээд намайг хагалгаанд ор гэж хэлсэн, тиймээс би хагалгаанд орсон. 2022 оны 05 дугаар сарын байдлаар бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эм тарианы мөнгө 153.602 төгрөг, эм 14.700 төгрөг, бензинд 416.988 төгрөг, хоолонд 100.600 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 2.000.000 төгрөг, нийт 2.517.588 төгрөг нэмэгдэнэ. Бас эрүүл мэндийн даатгалаас 2.530.505 төгрөг хөнгөлсөн үүнийгээ нэхэмжилнэ. Одоо эмчилгээ хийлгэхэд даатгалын мөнгө хэрэгтэй учраас тухайн мөнгийг нэхэмжилнэ. Мөн буудалд 400.000 төгрөг зарцуулсан, нийт 10.480.673 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Тухайн үед өмсөж байсан хувцсанд үнэлгээ хийлгэхгүй, хэрэг шийдвэрлэж дууссаны дараа би дээгүүрээ өмсөж байсан цамцаа авах хүсэлтэй байна. Надад эм тариандаа хэрэглэ гээд 500.000 төгрөг Ц өгсөн. Надад баримт нь байхгүй учраас хэргийн материалд хавсаргахгүй.” /хавтаст хэргийн 23-25, 28 дахь тал/   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай эхнэр сарын өмнө над руу уйлж залгаад намайг ажил дээр байхад манай ажлын хүн дарамтлаад надтай маргалдсан тэгээд ажил дээр ирээд намайг толгой руу 2 удаа гараараа цохих гэж оролдсон гэж хэлж байсан болохоор нь би уулзана гэж бодож байгаад тэр өдөр нөгөө залуугийн гэр хаана вэ гэж асуухад энэ гээд надад гэрийг нь зааж өгсөн. Тэгээд би Ц-ыг гэр рүүгээ орохоор нь нөгөө залуугийн гадаа очоод машины эзнийг дуудчих гэж хүнээр дуудуулсан чинь нөгөө залуу халамцуу гэрээсээ гарч ирсэн. Би нөгөө залуутай уулзаад яагаад ядарсан эмэгтэйг дээрэлхээд байдаг юм гэж хэлсэн чинь нөгөө залуу чи хэн юм чамд ямар хамаатай юм гэхээр нь би нөхөр нь болж байна чамд би хэллээ шүү гэж хэлээд явсан. Ц-ыг машин бариад завгүй явж байхаар нь утсыг нь аваад ярьсан чинь нөгөө залуу байсан. Надтай уулзъя гэхээр нь Ц бид хоёр эргэж ажилчдын байранд очоод нөгөө залууг аваад манай гэрт очиж ярилцъя гээд машиндаа суулгаад явсан. Манай хашаанд очоод нөгөө залуу машинаас буугаад шууд алхаад явчихаар нь би хүргэж өгье гэж эхнэртээ хэлсэн. Тэгээд машинтай Замбала дэлгүүрийн хажууд очоод нөгөө залууг суучих хүргээд өгье гэхэд үзье гэж хэлсэн. Би хувцсаа тайлаад машинд хийх гэж байхад араас нөгөө залуу миний толгойны зүүн ар хэсэг рүү 4-5 удаа гараараа цохиод зугтаахаар нь би араас нь гүйж очоод баруун гараараа заамдсан чинь нөгөө залуу миний гарыг мушгиж доош дараад миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Би баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь нөгөө залуу хойшоо бөгсөөрөө газар унахаар нь би баруун хөлөөрөө нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Ц араас ирээд бид хоёрыг салгаад нөгөө залууг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад нөгөө залуу бид хоёр бас маргалдсан. ...Г-ийн бие эрх чөлөөнд халдсан. Би Гийг цамцны захаар нь боож баруун гараараа 1 удаа нүүр рүү нь цохисон, хөлөөрөө нэг удаа толгой руу нь өшиглөсөн. Толгойны хаана нь өшиглөснөө санахгүй байна. Г миний бие эрх чөлөөнд халдсан. Миний толгойны зүүн ар хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон, бас нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон, цамцны захаар боосон. Миний зүүн нүд хөхөрч толгойны зүүн ар хэсэг хавдсан бас миний хэл уруулны дотор тал язарсан. Зүүн гарын долоовор хуруу хавдсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б машинаас буугаад куртикээ тайлаад машинд хийх гэж байхад нь Г араас нь гараараа толгой руу нь 2 удаа цохиод зугтахаар нь Б куртикээ хаяад араас нь гүйж байсан. Би хүн рүү мөнгө шилжүүлэх гээд машиндаа сууж байгаад нэг харсан чинь тэр 2 хашааны буланд нэг нэгнийгээ хувцасны захаар боочихсон харагдсан. Тэгээд би машинаа унаад араас нь очиход Г Б-ыг хувцасны захаар хоолойг нь боогоод нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Дараа нь ахиад харахад Б Гийг хувцасны захаар хоолойг нь боочихсон Г над руу хараад Ц-ий аваач гээд байхаар нь би машинаас бууж Б-ыг гараараа нуруу руу нь цохиж хөөе боль гэж хэлсэн чинь больсон. ... /хавтаст хэргийн 35-36 дахь тал/

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Г Замбала дэлгүүрийн хажууд байхдаа миний нүүр толгой руу гараараа цохиж зодооныг эхлүүлсэн. Уруул язарсан, хэл язарч хавдсан, хоолой зулгарсан. Зүүн гарын долоовор хуруу тулсан. Баруун нүд хөхөрч хавдсан. Толгойны ар хэсэг хавдсан байсан. Тухайн үед миний хамарнаас цус гараад Гийн хувцсыг цус болгосон. Г-өөс цус гараагүй. Толгой өвдөөд байхаар нь би бариачаар бариулаад зүгээр болсон. Эмийн сангаас эмчийн заавраар эм авч уусан. Баримт нь байхгүй болсон. Би эмчилгээний төлбөрт 500.000 төгрөг Г-т өгсөн. Баримт байгаа, хэргийн материалд хавсаргахаар өгсөн. Намайг ажил дээрээ байхад манай найз эмэгтэй Ц уйлж залгаад миний толгой руу 2 удаа цохисон гэж хэлээд бас манай найз эмэгтэйг бөгсөөрөө албан тушаал ахисан гэж хэлсэн. Тэгээд би ядарсан эмэгтэйг дээрэлхэх хүн олон юм гэж бодоод ажлаасаа буусны дараа би Г-тэй уулзах гэж очоод яриа таарахгүй юм байна гээд салаад явсан чинь Г араас дуудаж одоо уулзъя гэхээр нь эргэж очоод манай гэрт уулзъя гэж хэлсэн чинь тэгье гэж хэлээд явж байгаад замдаа муудалцсан.” /хавтаст хэргийн 70 дахь тал/

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би мэдүүлгээ өөрөө гараараа бичиж өгсөн.” /хавтаст хэргийн 72 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Б-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, баруун гарын 4-р хуруу, цээжинд зулгаралт, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. А.Б-ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Б-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 39-40 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Г-т зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт нь хэрэг болохоос өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. А.Гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 52-54 дэх тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-2 дахь тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-17 дахь тал/

Шүүгдэгч А.Б-ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 194 дэх тал/

Шүүгдэгч А.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 68 дахь тал/

Эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 195 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Г, А.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Г, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Замбала” дэлгүүрийн зүүн талд А.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа 4-5 удаа цохиж, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Г нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Замбала” дэлгүүрийн зүүн талд А.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний нүүр рүү нь 4-5 удаа, толгойн ар хэсэг рүү нь мөн 4-5 удаа гараараа цохиж, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын доод салстад шарх, баруун гарын 4-р хуруу, цээжинд зулгаралт, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-ийн “шүүгдэгч А.Б-ын зүгээс хувцасных нь захаас заамдаж хоолойг нь боож, амьсгалж чадахгүй ухаан балартаж газар унахад толгой руу нь өшиглөх шиг болсон сайн санахгүй байна” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25, 28 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Б-ын “шүүгдэгч А.Гийн зүгээс миний толгойны зүүн ар хэсэг рүү 4-5 удаа гараараа цохисон, бас нүүр рүү 4-5 удаа гараараа цохисон, цамцны захаар боосон” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч А.Ц-ын “Б машинаас буугаад куртикээ тайлаад машинд хийх гэж байхад нь Г араас нь гараараа толгой руу нь 2 удаа цохиод зугтсан, нэг харсан чинь тэр 2 хашааны буланд нэг нэгнийгээ хувцасны захаар боочихсон харагдсан, тэгээд би машинаа унаад араас нь очиход Г Б-ыг хувцасны захаар хоолойг нь боогоод нүүр рүү нь гараараа цохиж байгаа харагдсан, дараа нь ахиад харахад Б Г-ийг хувцасны захаар хоолойг нь боочихсон Г над руу хараад Ц-ий аваач гээд байсан” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн “А.Б-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, баруун гарын 4-р хуруу, цээжинд зулгаралт, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн “А.Г-ийн зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч А.Г, А.Б нар хоорондоо таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-ын эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх, баруун гарын 4-р хуруу, цээжинд зулгаралт, зүүн сарвууны 2-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, мөн шүүгдэгч А.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-ийн эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, чамархай, хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 52-54 дэх тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г, А.Б нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ба 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “...А.Г-ийн нэхэмжилсэн 10,480,673 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг А.Б төлж барагдуулан, илүү нэхэмжилсэн 6,480,673 төгрөгийн нэхэмжлэлээсээ А.Г татгалзсаныг, А.Б нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Гийн зүгээс гаргасан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтлийг дахин эмчид үзүүлэх, компьютер томограф зураг авхуулах, шаардлагатай эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхээр хангаж өгөх тухай хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан өвчний түүх, эмчийн үзлэгийн тэмдэглэлд нүдний эмчийн хяналтад байхаар тэмдэглэгдсэн байх тул энэхүү хяналтад холбогдуулан гарсан болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч А.Г, А.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг, өмгөөлөгч, шүүгдэгч нарын хувьд прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

Шүүх шүүгдэгч А.Г, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.Г нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Б, А.Г нар нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн урт ханцуйтай энгэр хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хуучин цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд хуучин 1 ширхэг, хүрэн ягаан өнгийн хагас ханцуйтай фудволк хуучин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Г-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-т 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч А.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, А.Г нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно”, 3 дахь хэсэгт “шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж тус тус заасан бөгөөд хэдийгээр хохирогч А.Гийн хувьд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч Б.Энхтуяагийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй боловч шүүхийн зүгээс хурлын товыг мэдэгдсэний үндсэн дээр шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэй оролцохоор хуульчилсан ба шүүгдэгч, хохирогч А.Б, А.Г нар хоорондоо зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээрээ хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэдий ч шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улмаар прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор шүүхэд шилжүүлсэн, шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан “өнөөдрийн байдлаар хэргийн талаар харилцан эсрэг сонирхол байхгүй” гэх тайлбар, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох шүүгдэгч А.Гийн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөх, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах, дээрх хуулийг зөрчих үндэслэл болохгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овгийн Ам-ийн Б, Б овгийн А-ийн Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.Г нарт тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Шүүгдэгч А.Б, А.Г нар нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, А.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн урт ханцуйтай энгэр хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хуучин цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд хуучин 1 ширхэг, хүрэн ягаан өнгийн хагас ханцуйтай фудволк хуучин 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Гт буцаан олгосугай.

6. Шүүгдэгч А.Б, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Б хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-т 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч А.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Б, А.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ