Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2018/00133

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр           Дугаар 153/ШШ2018/00133              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, ПИ55042401 регистрийн дугаартай, Олгонууд овогт Хадаагийн Чулуунхүүгийн хүсэлттэй Хотгойд овогт Дуламын Мөнхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Чулуунхүү, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Чулуунхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Мөнхжаргалтай 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан, би Д.Мөнхжаргалтай хамт амьдрахаас өмнө хүү Ч.Ягаан, хүү Ч.Цагаанцоож, хүү Ч.Идэш, хүү Ч.Хашбат нарыг төрүүлсэн байсан, харин Д.Мөнхжаргал нь охин М.Лхагвацэцэгтэй хамт амьдарч байсан. Бид хоёр хамтран амьдрахаасаа өмнө хоёулаа хүүхдүүдтэй байсан. Д.Мөнхжаргал бид хоёр хамт амьдраад 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Ч.Хишигтогтох, 1996 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин М.Булган нар төрсөн,  хүү Ч.Хишигтогтох нь миний нэрээр, охин М.Булган нь эцэг Д.Мөнхжаргалын нэрээр овоглосон.

2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид охин Лхагвацэцэгийн Өсөхбаярыг үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаад, нөхөр Д.Мөнхжаргал 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өвчний учир нас барсан. 2014 оны 01 дүгээр сараас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч эхэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс тэжээгчээ алдсаны тэтгэмж өгөхийг зогссон, шалтгаан нь Нийгмийн даатгалын байгууллагаас бид хоёрыг 1990 оноос 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоолго гэсэн тул миний бие Д.Мөнжаргалтай 1990 оноос 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Чулуунхүү нь Хотгойд овогт Дуламын Мөнхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Чулуунхүү нь Д.Мөнхжаргалтай 1990 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан, тэдгээр нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан, хүсэлт гаргагч Х.Чулуунхүү нь Д.Мөнхжаргалтай хамт амьдрахдаа хүү Ч.Ягаан, хүү Ч.Цагаанцоож, хүү Ч.Идэш, хүү Ч.Хашбат нарыг төрүүлсэн байсан, Д.Мөнхжаргал нь охин М.Лхагвацэцэгтэй хамт амьдарч байсан, улмаар Х.Чулуунхүү, Д.Мөнхжаргал нарын дундаас 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Ч.Хишигтогтох, 1996 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин М.Булган нар төрсөн,  хүү Ч.Хишигтогтох нь эх Х.Чулуунхүүгийн нэрээр, охин М.Булган нь эцэг Д.Мөнхжаргалын нэрээр тус тус овоглосон болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын тодорхойлолт, Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, охин М.Булганы мэдүүлэг, охин М.Лхагвацэцэгийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн Х.Чулуунхүү, Д.Мөнхжаргал нар нь охин М.Лхагвацэцэгийн 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү М.Өсөхбаярыг үрчлэн авч, 0000887665, ТГ-02/01 дугаартай төрсний гэрчилгээ авсан, улмаар Д.Мөнхжаргал нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 0000887665, ТГ-02/01 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин М.Булган, М.Лхагвацэцэг нарын мэдүүлэгүүд, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Олгонууд овогт Хадаагийн Чулуунхүү нь Хотгойд овогт Дуламын Мөнхжаргалтай 1990 оноос 2013 оны 12 дугаартсарын 26-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д зааснаар Олгонууд овогт Хадаагийн Чулуунхүү нь 1990 оноос 2013 оны 12 дугаартсарын 26-ны өдрийг хүртэл Хотгойд овогт Дуламын Мөнхжаргалтай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МАРИНА