Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

 

 

 

   2022          05          26                                     2022/ШЦТ/425

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Намжил,

Шинжээч: Ц.Оюун-Эрдэнэ, Т.А-,

Хохирогч: Г.Д-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч: Т.А-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000673 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.А-, ..... тоот регистртэй,

 Шүүгдэгч Т.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 13 тоотод хохирогч Г.Д-гийн гэрт, түүнийг өөрийн эхнэртэй хардаж, хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь цохих явцдаа, ир үзүүртэй зүйлээр зүсэж, зүүн хацар, зүүн чихний зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.А- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргачхаад байж байтал эхнэр захирал дуудаад байна гээд ажил руугаа явна гэж байснаа гэртээ дуудсан байсан. Тухайн өдөр Д-гийн гэрт эхнэрийн хамт очиж “манай эхнэрийг гэртээ битгий дуудаад бай, ажилтай бол ажил дээрээ дуудаж бай” гэж уулзаж хэлээд салсан. Тэгээд орой нь найзтайгаа уучхаад эхнэр лүүгээ залгахад ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгээд найзтайгаа согтуу явж байгаад Д- ажил дээрээ манай эхнэртэй виски уусан байсан. Тэгээд тухайн үедээ хохирогчийн гэрт очиж маргалдаад зодолдсон байх. Тэр талаар сайн санахгүй байгаа” гэв.

Хохирогч Г.Д- шүүх хуралдаанд: “...Т.А- нь 25-наас 26-нд шилжих өдрийн оройн 10 цагийн үед над руу ярьсан. Тухайн өдрийн өдөр нь эхнэр нь тамга даруулахаар ирэхэд хамт гэрт ирсэн. Тухайн орой түүний эхнэр ажлаа болино, ажил төрлөө хүлээлцэх талаар ярьсан. Тэгээд Т.А- нь тухайн өдөр согтуу залгаад хоолойг чинь хэрчинэ гэж заналхийлсэн байдлаар над руу ярьсан ба удалгүй манай гэрийн үүдэнд ирсэн. Тэгээд маргалдаж эхэлсэн. Намайг цохиж, боосон болохоор хэсэг ухаан балартсан. Тэр хооронд хутгаар нүүрийг зүссэн байсан. Би тухайн үед хамраас цус гарч байна гэж бодоод нойлын өрөөнд орж угаахад миний нүүрийг гэмтээсэн байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэрийн давхрын камерын бичлэгээс харахад намайн эмнэлэг явсаны дараа 2-3 удаа манай гэр лүү орж гарсан байдаг. Одоо миний нүүрэнд үүссэн сорви огт арилахгүй. Сорви арилгах мэс засал хийлгэхэд 30 хувиар бүдгэрнэ. Хуучин хэвэндээ ордоггүй юм аа гэхэд хамгийн боломжит эмчилгээг Солонгос Улсад эмчлүүлнэ. Солонгос Улсын эмнэлгээс асуухад нэг нь 35 сая, нөгөө нь 25 сая төгрөг болох талаар хэлсэн байгаа. Үүнд онгоцны тийз, эмчилгээний төлбөр орсон байгаа. Иймд нийт 35 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Г.Д-гийн биед үзлэг хийсэн. Хэсэг газрын үзлэгээр зүүн хацрын доод хэсгээс зүүн чихний ар хэсэг хүртэл үргэлжилсэн 0.1х24 см урттай ирмэг тэгш шарханд мэс заслын оёдол тавигдсан, зүүн чихний дэлбэн доод хэсгээр хүрэн хар өнгөтэй. Амбулаторийн картыг үндэслэж дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа Рефлекс эмнэлгийн дүгнэлт гарсан. Тухайн үед хэсэг газрын үзлэг хийсэн. Үзлэгээр ирмэг, тэгш, мэс заслын оёдолтой байсан. Тухайн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Мэс засалтай холбоотой асуудлыг дүгнэлтдээ тусгаагүй. Шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэл яаж эдгэрэх тал дээр тухайн цаг хугацаанд тогтоох боломжгүй байдаг. Шарх гэмтэл нь арьсны бүх давхрыг гэмтээдэг. Ийм учраас эдгэрэлтийн хугацаа шаарддаг учраас гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн гэмтэлд хамаарна” гэв.

Шинжээч Т.А- шүүх хуралдаанд: “...Хохирогчийг дуудаж үзсэн. Хэргийн материалтай танилцаж, 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д-гийн биед үзлэг хийж, нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид оношлуулахаар явуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны нүүрний зүүн талд амны булангийн харалдаа хацар чих рүү зүсэгдсэн, зүсэгдсэн хэсгээс доош хүрэхэд мэдээ муу, өвдөлтгүй, хөдөлгөөн хэвийн, ам хатна. Неврологийн статус: Нүүр тэгш хэмтэй бус, зүүн хацарт тууш сорвитой, нүүрний хөдөлгөөн ижил, нүүрний мэдрэхгүй зүүнд хацрын доод хэсгээр гипостези, гипостези, гипоальгези. Клиникийн онош: Гурвалсан мэдрэлийн 3-р салааны гэмтэл. Электронейрографийн шинжилгээнд: N.Facialis-ын захын хариу тод үүснэ, хөдөлгөөний хариу потенциалын амплитуд хэвийн латез зөрөөгүй. Blink reflex-ыг шалгахад эрт үеийн хариу болох R1 үүснэ, латенз зөрүүгүй, хожуу үеийн хариу болох R2 үүснэ гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайн хүний нүүрний төрх илтэд өөрчлөгдсөн, нүүрний тэгш хэм алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшнээс дээш овойж хатуурч эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хүнд зэрэгт хамаарна. Гэтэл хохирогчийн нүүрэнд үүсэн шарх гэмтэл нь сорви тогтож эдгэсэн байсан. Үүссэн сорви нь нүүрний төрхийг илтэд өөрчилж, нүүрний тэгш хэмийг алдагдуулаагүй, нүдний зовхи, аньсага хамрын самсаа уруулын хэлбэрийг алдагдуулаагүй, илтэд татагдаж, хонхойсон сорви үүсээгүй байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5 дүгээр зүйлийн 4-т нүүрний дүр төрх илтэд өөрчлөгдсөн байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл Д- гэдэг хүнийг танихгүйгээр нүүрний хэлбэр өөрчлөгдсөн байхыг хэлнэ. Энэ заалтад заасан гэмтлүүд бүгд цогцоороо байж нүүрний хэлбэр илтэд өөрчилсөн гэж үзнэ. Хохирогчийн зүүн хацрыг зүссэн, тууш сорви байдаг. Уруулын хэлбэр алдагдсан зүйл байхгүй, харин сорви тогтсон бол нөхөн сэргээх мэс засал зайлшгүй шаардлагатай. Сорви арилахгүй бөгөөд бүдгэрнэ. Нүүрэнд үүссэн сорви нь танигдахгүй болсон тохиолдолд хүнд гэмтэлд хамаарна. Бусад тууш сорви нь нөхөн сэргээх мэс засал хийлгэх учраас хүнд гэмтэлд хамаарахгүй. Нүүрний дүр төрийг алдагдуулсан гэж үзэхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5-4-т хамаарахгүй гэж үзсэн” гэв.

Хохирогч Г.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлынхаа өрөөнд виски уусан. ...23 цаг 55 минутад ганцаараа гарсан. Сараа ажил дээрээ үлдсэн. Тэгээд гэр рүүгээ алхаж яваад байр руугаа ороход лифт онгойход манай гэрийн үүдэнд А- архи үнэртүүлсэн буюу согтуу байсан. Намайг ажил дээр байхад А- над руу залгаад “чамайг ална, хоолойг чинь хэрчинэ” гээд байхаар нь “чиний хоолой хэрчинэ гэж юу байдаг юм бэ, хүрээд ир” гэхэд гэрийн үүдэнд ирсэн юм байна лээ. Тэгээд А-тэй цуг гэр рүүгээ орсон. ...Гал тогооны өрөөнд маргалдаж байхдаа хоёулаа барьцалдаж аваад заамдалцаад бие, биеэ цохисон. ...би газарт унахад нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж байсан. ...тухайн үед нүүр гар хувцас цус болохоор нь хамраас цус гарчихлаа гэж бодоод ариун цэврийн өрөө ороод нүүрээ угаах гэхэд уруулаас дээшээ чихний доод гэдэс хүртэл зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 16-17/,

Гэрч Э.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр болох А- нь Д-тэй нэг нутгийн найз бөгөөд бид хоёрыг нэг компанид ажилладаг гэдгийг мэдэхгүй. ...намайг Д-тэй хардсанаас болоод тийм зүйл хийсэн байх. Тухайн өдөр эрүүлжүүлэхэд орчхоод гарч ирчхээд би буруутай зүйл хийсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Шинжээчийн 2364 дугаартай дүгнэлтэд: “...Г.Д-гийн биед зүүн хацар, зүүн чихний зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй үйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 19-20/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 322 дугаар дүгнэлтэд: “...Г.Д-гийн биед тухайн үед үүссэн зүүн хацар, чихний гэдэс, чихний ар хэсгийн зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нүүрэнд сорви тогтож эдгэсэн гэмтэл учиржээ. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.Д-гийн биед тухайн болсон хэргийн цаг хугацаанд зүүн хацар, чихний гэдэс, чихний ар хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл учирсан ба уг гэмтлийн улмаас нүүрэнд сорви тогтож эдгэсэн байна. Г.Д-гийн нүүрэнд учирсан шарх /сорви/ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.02.07-ны өдрийн 2364 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Д-гийн нүүрэнд учирсан шарх гэмтэл нь сорви тогтож эдгэсэн ба үүссэн сорви нь нүүрний төрхийг илтэд өөрчилж, нүүрний тэгш хэмийг алдагдуулаагүй, нүдний зовхи, аньсага хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулаагүй, илтэд татагдаж хонхойсон сорви үүсээгүй байна. Г.Д-гийн нүүрэнд үүссэн сорви нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшнээс дээш овойж хатуурч эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй болно” гэжээ. /хх-н 91-92/,

Яллагдагчаар Т.А-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цагийн үед эхнэрийг манай найз болох хамт ажилладаг Д- миний тамгыг аваад ир гэж хэлээд манай эхнэрийг гэртээ дуудсан. Тэгэхээр нь би эхнэртэйгээ цуг гэрт нь очсон. Манай эхнэрийг урд өмнө нь манай найз болох Д- нь гэртээ хэд хэдэн удаа ямар нэгэн юм аваад ир гэж хэлээд дуудаад байдаг байсан. Манай найз болох Д- нь ганц бие хүн байдаг болохоор нь би эхнэртэйгээ хамт тэдний гэрт тамга аваачиж өгөхөөр очсон. Тэгээд би найз болох Д-гийн гэрт очоод Д-д хандаж ажил хэргийн ажил байдаг бол ажил дээрээ ярилц, битгий гэр орондоо манай эхнэрийг дуудаад бай гэж хэлчхээд би эхнэрээ аваад Д-д тамгыг нь өгчхөөд гараад явсан. Тэндээс гараад би ажил руугаа эхнэр ажил руугаа явсан. Тэгээд би ажлаа дуусчхаад найз болох Амгаатай 0.75 литрийн архи 1 шилийг, 4 лааз 0.45 литрийн пиво уусан. Тэгээд би согтчихсон байсан юу болсныг санахгүй байна. Тухайн үед миний утсанд найз болох Д-гээс манай гэрт хүрээд ир гэсэн мессеж явуулсан байсан юм билээ би маргааш өглөө нь мэдсэн. Тэр мессеж ирсэн болохоор би тэдний гэрт очсон юм шиг байна лээ. Би тухайн үед тасарчихсан байсан. Дараа нь би гэнэт ухаан ороод сэргэтэл найз болох Д-гийн хацраас цус гоожоод байсан тэгэхээр нь би Д-гийн хацрын цусыг тогтоох гэж 00-ийн өрөө рүү орсон боловч тогтохгүй байсан болохоор нь гэмтэл рүү аваад явсан. Тэгээд тэнд очоод Д-г үзүүлээд байж байсан гэрийнхэн нь цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа нар гэмтлийн эмнэлгээс авч явж эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 39-40/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-7/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-н 23-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-72/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 103-105/, хохирогчийн өвчний түүх /хх-н 107-113/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Т.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шөнийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 68 дугаар байрны 13 тоотод хохирогч Г.Д-гийн гэрт, түүнийг өөрийн эхнэртэй хардаж, хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь цохих явцдаа, ир үзүүртэй зүйлээр зүсэж, зүүн хацар, зүүн чихний зүсэгдсэн шарх” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Д-, гэрч Э.Э- нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн зэвсэг, хэрэгслийг тогтоох талаар арга хэмжээ аваагүй. 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.А-д холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана” гэж, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж тус тус хуульчилжээ.

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч шинжээч томилж, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээч Ц.Оюун-Эрдэнэ 264 тоот дүгнэлт гаргасан ба тухайн дүгнэлтийг хохирогчийн өмгөөлөгч эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн 322 тоот дүгнэлт гарчээ.

Тухайн шинжээч нарын гаргасан дүгнэлт эргэлзээгүй гарсан ба шинжээч нар нь шүүх хуралдаанд оролцож тухайн гаргасан дүгнэлтээ баталж оролцогч нарын асуултад ойлгомжтой, тодорхой, эргэлзээгүй хариулсаныг шүүх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн байх ба хохирогч, шүүгдэгч нар нь хэн аль нь ямар эд зүйлээр хохирогчид гэмтэл учирсаныг мэдэхгүй, хэргийн газрын үзлэгээр гэмтэл учруулсан эд зүйл тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг гарснаас хойш 5 сар шахуу хугацаа өнгөрсөн ба мөрдөн байцаалтаар тухайн эд зүйлийг олох боломжгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хүнийг санаатай алахыг завдсан гэж үзэн зүйчлэлийг өөрчлөх боломжгүй. Хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогчид учирсан хохирол, хор уршигийн шинж чанараар гэмт хэргийг зүйлчилсэнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Д-г эхнэртэйгээ хардаж, хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь цохих явцдаа, ир үзүүртэй зүйлээр зүсэж, зүүн хацар, зүүн чихний зүсэгдсэн шарх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.А-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Т.А- нь хохирогч Г.Д-гийн нүүрэн тус газар нь ир үзүүртэй зүйлээр зүссэн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Г.Д-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд Солонгос Улсад сорви арилгах эмчилгээ хийлгэнэ, эмчилгээний зардал болон бусад зардалд шүүгдэгчээс 35.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хохирогчийн эмчилгээний зардалд хэдэн төгрөгийн хохирол, хор уршиг гарах эсэх нь тодорхойгүй байх тул тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь хохирогчийн хохиролд 5.000.000 төгрөг өгсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Хохирогчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлага буюу ялын талаар дүгнэлт гаргаагүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Т.А-ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.А-ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Г.Д- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР