Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/431

 

 

 

 

   2022          05          27                                     2022/ШЦТ/431

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Ууганбаяр,

Шүүгдэгч: О.М- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205010351357 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.М-,.....тоот регистртэй,

Шүүгдэгч О.М- нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.А-г зодож түүний биед зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт, зүүн шанаа, зүүн хацрын доод хэсэг, дээд уруулын дунд хэсгүүдэд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсгүүдэд цус хуралт, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, хүзүүний баруун дээд хэсэг, урд хэсгүүдэд зулгаралт бүхий эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай найз О-ийн буюу Баянгол дүүрэгт байх гэрт нь очсон хаягийг нь сайн мэдэхгүй байна. ...тухайн үед О-тэй ойр зуур ..гээд вино уусан. Тэгээд М-ыг дуудаад захисан зүйлүүдийг авчирч өгсөн. Тухайн үед бид нар нилээн ууцгаасан байсан учир цаг нилээн орой болсон байсан. Тэгсэн О- надад хандаж наад М-ыг явуул гэж шаардлага тавиад байсан учир М-ыг манай найзын гэрээс явах талаар хэлэхэд гэрээс нь гарахгүй байсан. Хамт яваа найз нь тасраад орон дээр унтаад сэрэхгүй байсан. Тэгсэн М- нь сандал дээр сууж байснаа гэнэт миний урдаас дайраад толгой цохиж, зүүн хөмсөг хэсэг рүү гараараа цохисны улмаас цус ихээр гарсан. Тэгээд О- цагдаа дуудсан. ... Одоо надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт, материал байхгүй. М- нь миний хохиролд 1.800.000 төгрөг шилжүүлсэн ...М- бид хоёр учир зүйгээ олсон. Надаас албан ёсоор уучлалт гуйсан, өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч, их гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38, 74/,

Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үйл явдал болсон цаг хугацааг санахгүй байна. Би гэртээ буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 136-2 дугаар байрны 1402 тоот гэртээ байхад манай найз А- ирээд бид хоёр хамт архи ууцгаасан. Тэгсэн А- найзыгаа дуудсан байсан бөгөөд би тухайн үед тасарчихсан болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Би тасраад унтлагынхаа өрөөнд хэвтсэнээ муухан санаж байна. Нэг мэдэхэд манай гэрт хэрүүл, шуугиан болоод чанга дуу чимээгээр сэрсэн. Тухайн үед унтлагын өрөөгөө дотроосоо цоожлоод орчихсон байсан намайг сэрэхэд А- “аллаа, болиоч” гэсэн дуу чимээ сонсогдоод байсан. ...тэгсэн удалгүй цагдаа нар ирээд манайд байсан хүмүүсийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Шинжээчийн 4393 тоот дүгнэлтэд: “...С.А-гийн зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэг, зүүн шанаа, зүүн хацрын доод хэсэг, дээд уруулын дунд хэсгүүдэд цус хуралт, зүүн бугалгын гадна дээд хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсгүүдэд цус хуралт, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, хүзүүний баруун дээд хэсэг, урд хэсгүүдэд зулгаралт тогтоогдлоо тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 16-17/,

Яллагдагчаар О.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. А-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь миний буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ /хх-н 57-58/,

Шуурхай дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39, 62-65/, хохирогчийн хүсэлт /хх-н 89/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч О.М- нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.А-г зодож түүний биед зүүн хөмсөгний гадна хэсэг, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, духны баруун дээд хэсэгт, зүүн шанаа, зүүн хацрын доод хэсэг, дээд уруулын дунд хэсгүүдэд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэг, зүүн шилбэний урд дээд хэсгүүдэд цус хуралт, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт язралт, хүзүүний баруун дээд хэсэг, урд хэсгүүдэд зулгаралт бүхий эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.А-, гэрч С.О- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.М- нь хохирогч С.А-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзынхаа гэрээс яв гэсний улмаас маргалдаж, түүний толгой болон нүүр рүү нь гараараа цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.М-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч О.М- нь хохирогч С.А-гийн нүүрэн тус газар цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч О.М- нь шүүх хуралдаанд хохирогч С.А-д гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч С.А- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 89/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч О.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР