Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/424

 

 

 

 

     2022          05          26                                     2022/ШЦТ/424

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч: М.М-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005027421082 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.М- нь хуурч 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийн Янзага зуслан” ХХК-ний гүйцэтгэх захирал С.М-тай “амрагч хүүхэд” авах нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 56 хүүхэд амрахаар тохиролцон 13.462.000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр М+тай 2 дахь удаагаа МҮИС-н 1 давхарт байрлах зуслангийн оффис дээр уулзаад хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 90 хүүхдийг манай зуслан дээр 7 хоногийн хугацаатай хамтарсан сургалт хэлбэрээр зохион байгуулна. Харин төлбөр тооцоог Олны элч ТББ-с хийхээр болсон. Төлбөрийн урьдчилгаа 30 хувийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, үлдэгдэл 70 хувийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хийхээр болсон боловч нэг ч төгрөг надад өгөөгүй. 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 56 хүүхдийг манай зусланд амраасан. Харин тэр хүүхдүүдийг явах өдөр автобусанд суулгах үеэр нь би тэр хүүхдүүдээс та нар төлбөрөө төлсөн үү гэж асуугаад бүртгэж авахад бүх хүүхдүүд бид нар төлбөрөө М+ гэдэг хүний хувийн данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед М+гаас юу болоод байгаа талаар асуухад М+ нь хүнтэй уулзаад үдээс хойш төлбөрөө хийнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүн рүү чинь цуг явмаар байна гэж хэлэхэд би өөрөө очиж уулзана, та санаа зоволтгүй хүүхдүүдээ аваад явж бай би араас чинь хүнээсээ мөнгөө аваад явна гэж хэлээд ирээгүй. Тэгээд заримдаа утсаа аваад, заримдаа бүр утсаа авахгүй утсаа авахаараа одоо өгнөө, хүнтэй уулзаж байна одоохон шилжүүлнэ гэж хэлээд алга болсон. ...М+ нь манай хүүхдийн янзага зусланд 56 хүүхэд амраагаад 14.112.000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 150.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг өгсөн. Ингээд бодохоор одоо би М+гаас үлдэгдэл буюу 13.462.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Яллагдагч М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг 89-90/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 16/, хохирогчийн өргөдөл /хх-н 19-20/, хамтран ажиллах гэрээ /хх-н 39-40/, депозит дансны хуулга /хх-н 62-73/, шүүгдэгчийн гаргасан баталгаа /хх-н 32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-48, 57, 78-80, 96-115/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч М.М- нь хуурч,зохиомол байдлыг зориуд бий болгон 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүүхдийн Янзага зуслан” ХХК-ний гүйцэтгэх захирал С.М-тай “амрагч хүүхэд” авах нөхцөлөөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 56 хүүхэд амрахаар тохиролцон 13.462.000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.М-гийн мэдүүлэг, хамтран ажиллах гэрээ, дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.М- нь хохирогч С.М-тай хүүхдүүд амраана гэж хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар 56 хүүхдийг Янзага зусланд амраасан атлаа түүний төлбөр 13.462.000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй залилаж, хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч М.М- болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүх хуралдаанд хохирогч С.М- “шүүгдэгч М+ нь хохирол барагдуулсан” гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч М.М-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шүилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР