Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/374

 

 

 

 

 

  2022          05          16                                     2022/ШЦТ/374

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: Н.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105020570695 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Г- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн-Уул” гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Свэе” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Ш.Н-ийг согтуурсан буюу болж байгаа үйл явдлыг мэдэхгүй байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-32” загварын гар утсыг авч, улмаар тухайн гар утасны интернэт банкийг ашиглан иргэн Г.М-ын эзэмшлийн хаан банкны 5134065903 дугаарын дансаар 2.075.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г- шүүх хуралдаанд: “...Би  хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би шүүх дээр гадуур явж байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийсэн. Сүхбаатар дүүргийн шүүхээс захирамж гарч цагдан хоригдсон. Тухайн дүүрэг дээр өөрийн үйлдсэн 8-9 үйлдлээ үнэн зөвөөр нь мэдүүлж шалгуулж байгаа. Энэ хэрэгтэйгээ хамтад нь хэргээ шийдүүлэх саналтай байна” гэв.

Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр найзуудтайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах Дөрвөн-Ээл нэртэй зочид буудалд өрөө авсан юм. Тэгээд өрөөнд ороод байж байтал цуг явсан хүн маань орохгүйгээр буудлын өрөөнөөс гараад яваад өгсөн. Тэгээд би ресепшиний тавцан дээр гар утсаа үлдээгээд гарахдаа авъя гэсэн чинь нөгөө эмэгтэй би гар утсыг чинь авахгүй гээд түлхээд байсан юм. Тэгээд өрөөндөө цаг гаран болсны дараа буудлаас гарахдаа гар утсаа мартаад гараад яваад өгсөн. Тэгээд маргааш өдөр нь Дөрвөн-Уул буудалд очоод гар утсаа асуутал байхгүй гэсэн тул хяналтын камер шүүж үзэхэд улаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн аваад явж байгаа дүрс бичлэг байсан тул цагдаад хандсан юм. Самсунг А-21 маркийн улаан тагтай гар утас. Би тухайн утсыг 2021 оны 5 дугаар сард Солонгосоос 500.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Хохирогч Ш.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Свэе” нэртэй бааранд Д-гийн хамт орсон. Ороод  0.75 литрийн архи аваад хувааж уусан. 00 цагийн орчимд найз Д- ажил гарчихлаа гээд яваад өгсөн. Би тамхи татчихаад ороод ирэхэд миний ширээ, сандлыг зөөгөөд хажууд сууж байсан 3 эмэгтэйн ширээнд тавьчихсан байхаар нь тэд нартай хамт вино уусан. Үүний дараа нэлээд муудаад хэсэг хугацааны дараа танихгүй хүн миний халаасыг ухаад төлбөр тооцоогоо хийгээч ээ гээд байсан. Тэгээд зөөгч миний халаасыг ухахгүй дээ гэж бодоод халаасаа үзтэл утас маань байхгүй болсон байсан. ...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ТБД андууд худалдааны төвийн Хаан банкны Киоск төхөөрөмжөөс дансанд байгаа мөнгөө авах гээд очиход дансанд байсан 2.075.000 төгрөг байхгүй болчихсон байсан. Маргааш нь хаан банкны 3 дугаар эмнэлэгт байрлах салбар дээр очиж иргэний үнэмлэхээрээ дансны хуулгаа аваад үзтэл 2022 оны 02 дугаар сарын 26-ны 05:24 минутад огт танихгүй данс руу “за” гэсэн гүйлгээ хийгдсэн байсан. ...2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр МУИС-н зүүн талд байрлах Жи мобайлын салбараас 890.000 төгрөгөөр авч байсан. ...би хаан банкны карт ашигладаггүй, интернэт банк л ашигладаг, карт ашиглахаар болбол Худалдаа хөгжлийн банкны данс руугаа шилжүүлээд ашигладаг” гэсэн мэдүүлэг /хх-н 86-87/,

 Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед би ээлжтэй байсан тэгэхэд манайд хуучин ажиллаж байсан одоо ажлаасаа гарчихсан Бямбадорж гэх ах надад утсаа цэнэглүүлэх гээд үүдний тек хэсэг дээр утсаа тавьчихсан байсан. Би тэр утсыг нь цэнэглэнэ гэж бодож байгаад тэрүүгээр ойр зуурын юм хийж яваад мартчихсан байсан. Тэгэхэд манайхаар байнга үйлүүлдэг байсан залуу манайд буудлын өрөө авчихсан байсан. Тэгээд дээрээс бууж ирж байсан ба би болон Б- ахыг өөр тийш анхаарлаа хандуулж байх хойгуур Б- ахын гар утыг авчихсан байсан. Тэгээд цагдаад хандсан бөгөөд сүүлд нь камер шүүхэд манайхаар үйлчлүүлдэг залуу ахын утсыг аваад энгэртээ хийж байсан дүрс бичлэг үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрч Г.М-ын мөрдөн байаалтад өгсөн: “...Бичлийн хаан банкны АТМ-н урд нэг залуу гар өргөхөөр нь очиход “Цонхоо буулгаж бай гээд би картгүй болчихлоо, би чиний данс руу мөнгө хийгээд бэлнээр авчихъя” гээд гуйсан. Би машинаа АТМ-н урд байрлуулаад тэр залуутай хамт АТМ руу ороход тэр залуу миний дансыг асуугаад гар утсаараа интернэт банкаараа шилжүүлчихлээ гээд би АТМ дээр картаа хийгээд пин кодоо хийгээд мөнгө гарч ирэхэд тэр залуу мөнгийг нь авсан. Би картаа авсан. Тэр залуу намайг гараад байж бай гэсэн. Би гадаа машиндаа хүлээгээд сууж байхад удалгүй гарч ирээд за баярлалаа гээд 15.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр залуу эрүүл байсан. 165-170 см өндөртэй, 30-35 орчим настай, саарал өнгийн өвлийн малгайтай, цагаан масктай цайвар цэнхэр малгайтай куртиктэй байсан” гэсэн мэдүүлэг /ххх-н 73/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5, 60/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 15, 99/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 16, 98/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 18-22, 64-66/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 36-37/, 78-80/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 112-150/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Н.Г- нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн-Уул” гэх нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Б-ийн эзэмшлийн “Самсунг А-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 407.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Свэе” гэх нэртэй бааранд үйлчлүүлж байсан хохирогч Ш.Н-ийг согтуурсан буюу болж байгаа үйл явдлыг мэдэхгүй байдлыг нь далимдуулан түүний эзэмшлийн 550.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-32” загварын гар утсыг авч, улмаар тухайн гар утасны интернэт банкийг ашиглан иргэн Г.М-ын эзэмшлийн хаан банкны 5134065903 дугаарын дансаар 2.075.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Б-, Ш.Н- нарын мэдүүлэг, гэрч Ц.А-, Г.М- нарын нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. .Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Г- нь хохирогч Д.Б-, Ш.Н- нарын эд зүйлийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Г- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Н.Г- нь шүүх хуралдаанд хохирогч нарын эд зүйлсийг  хулгайлсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Д.Б-ид 407.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Д.Б- нь хохирлоо авсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 16/-р тогтоогдож байна.

Харин хохирогч Ш.Н-ид бэлэн 2.075.000 төгрөг, гар утасны үнэ 550.000 төгрөг нийт 2.625.000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч Ш.Н- нь 612.000 төгрөгийн хохирлыг хүлээн авсан /хх-н 101/ үлдэгдэл хохирол барагдаагүй тул шүүгдэгчээс  2.013.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Н-ид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 2 жил 5 сар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.Г- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

Уг ялыг биелүүлээгүй болох нь шүүхийн гүйцэтгэх хуудас, түүнийг хүнгүй тул хүлээн аваагүй талаарх ШШГА-ны албан бичгээр нотлогдож байх тул уг торгуулийн  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар /600.000:15.000=40 хоног/ тооцож, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид өмнөх тогтоолоор торгуулийн ял оногдуулахдаа шүүгдэгч нь өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан үндэслэлээр Өршөөлийн хуульд хамруулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Г- нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 28 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь эрэн сурвалжлагдаж байсан ба шүүгчийн захирамжаар түүнийг олсон өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч нь тус шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хоригдоогүй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өөр гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул түүний цагдан хоригдсон хоногийг энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоногт нь оруулан тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 01 хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял буюу 1 сар 10 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 10 хоног хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Г-д оногдуулсан 01 жил 01 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- урьд цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Б-ид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-эс 2.013.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Н-ид олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР