Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2016/0047/Э |
Дугаар | 47 |
Огноо | 2016-06-30 |
Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 47
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Дашням,
улсын яллагч Б.Энэрэл,
насанд хүрээгүй хохирогч С.Урангоо, хууль ёсны төлөөлөгч Ж.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Болормаа, өмгөөлөгч Н.Цэрэндулам,
шүүгдэгч Б.Баярмаа, Г.Эрдэнэ-Очир, өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5-д заасан гэмт хэрэгт Б.Болормаа, Б.Баярмаа, Г.Эрдэнэ-Очир нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010678 дугаар хэргийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-188 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Баатарчулууны Болормаа /РД:УУ91092486/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-188 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36-18 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, Дарьганга овогт Баатарчулууны Баярмаа /РД:ХВ85072903/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36-18 тоотод түр оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 3 сар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэгдсэн, Боржигон овогт Гиймаралын Эрдэнэ-Очир /РД:МА87022411/.
Шүүгдэгч Б.Болормаа нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд Б.Баярмаа, Г.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн “дуудахад ирсэнгүй, танихгүй гэж хэллээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн насанд хүрээгүй С.Урангоо, Б.Цэрэндулам нарыг зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч Б.Баярмаа нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд Б.Болормаа, Г.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн “дуудахад ирсэнгүй, танихгүй гэж хэллээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн насанд хүрээгүй С.Урангоо, Б.Цэрэндулам нарыг зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очир нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах зүйл хэрэглэсэн байхдаа Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд Б.Болормаа, Б.Баярмаа нартай бүлэглэн “дуудахад ирсэнгүй, танихгүй гэж хэллээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн насанд хүрээгүй С.Урангоог зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэж амалж байна. Хохирогч С.Урангоогоос уучлалт гуйж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн учраас мэдүүлэг өгөхгүй. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч С.Урангоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн үед найз Цэрэндуламтай дэлгүүр ороод явж байсан. Урд 3 хүн байсан ба нэг эмэгтэй нь газар унасан байсан. Та хавираад унагачихлаа гээд яриад байсан. Бид хоёр хажуугаар нь зөрчихсөн чинь араас дуудсан. Тэгээд зодсон. Өлзийбаяр ирэхээр нь ээж аавыг дуудчих гэж хэлсэн. Эмчилгээ оношилгоонд хамрагдаж зохих эмчилгээ хийлгэсэн. Хохиролд 150 000 төгрөг авсан. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
201626010678 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч С.Урангоогийн: “2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр найз Цэрэндуламын хамт явж байхад гудамжны үзүүрт манай хажуу айлын Баярмаа, нөхөр Эрдэнэ-Очир, сүүлд нэрийг нь мэдэх болсон Болормаа нар зогсож байсан. Бид 2 тэдний хажуугаар гарсан чинь араас Болормаа “хөөе” гэж дуудахаар нь бид 2 эргэж хараагүй. Гэтэл Болормаа дахиж араас “хөөе хоёроо” гэхээр нь эргээд харахад Болормаа хүрч ирээд “та 2 хаанахынх юм” гэхээр нь “эндхийнх” гээд гэр лүүгээ заатал “та 2 намайг мэдэх үү” гэхээр нь “мэдэхгүй” гэсэн чинь Болормаа Цэрэндуламыг үсдээд, над руу ойртсоноо нөгөө гараараа энгэрээс заамдаж татаад нүүр лүү мөргөсөн. Намайг үсдэж газар унагасан чинь хажуунаас нь Баярмаа ирээд миний зүүж байсан ороолтноос татаад хоолой боохоор нь би ороолтоо тайлаад босоод хартал Болормаа Цэрэндуламыг газар унагачихсан зодож байсан. Тухайн үед миний хамраас цус гарч байсан болохоор би хамраа дараад доошоо суутал Болормаа над руу явахаар нь би холдоод зогсож байтал Эрдэнэ-Очир хүрч ирээд намайг хавирч унагаахад Баярмаа миний нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Нэг мэдэхэд хажуу айлын Өлзийбаяр ирчихсэн байхаар нь би “аав, ээжийг дуудаарай” гэж хэлэхэд удалгүй ирж тэд нарыг болиулсан. Тэгээд цагдаа дуудаад ирэхээр нь Баярмаагийн гэр лүү ороход Болормаа, Эрдэнэ-Очир нар байгаагүй. Цагдаа нарыг явсны дараа Болормаа манай гэрийн гадаа ирээд “цагдаа гэхгүй нэг нэгээрээ зодолдье” гээд дайраад байхаар нь ээж тэр хүүхнийг хөөж явуулсан. ...Тухайн үед Болормаа, Баярмаа нар нэлээн согтолттой, Эрдэнэ-Очир тэр хоёрыг бодвол гайгүй байсан. Цэрэндуламыг Болормаа, Баярмаа 2 зодоод байсан, Эрдэнэ-Очир хажууд нь хараад зогсож байсан. Зодоон болсны дараа Цэрэндуламын нүүрийг харахад гутлын мөр гарчихсан, нүд нь улайгаад уйлсан байсан” гэх мэдүүлэг /хх-9-10/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Цэрэндуламын: “2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 20 цагийн үед Урангоо бид 2 дэлгүүр орж чийдэн авчихаад буцаад явж байхад гудамжинд танихгүй 2 эгч, 1 ах буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Болормаа, Баярмаа, Эрдэнэ-Очир нар зогсож байсан. Бид 2-ыг хажуугаар нь өнгөрөхөд Болормаа нь “хөөе” гэж дуудахаар нь бид 2 эргэж хараагүй. Тэгсэн чинь дахиад араас “хөөе” гэхээр нь бид 2 эргээд харсан чинь Болормаа хүрч ирээд “намайг таних уу” гэхээр нь “үгүй” гэсэн чинь “хаана байдаг юм танайх” гэхэд Урангоо “энд байдаг” гээд гэрээ заасан чинь Болормаа үгийн зөрүүгүй намайг үсдэж, Урангоог мөргөсөн. Тэгээд Болормаа Урангоог үсдээд газар унагаж зодсон, би салгах гэсэн чинь намайг үсдэж унагаад нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг орхиод Урангоо руу явахаар нь би босоод зогсож байхад Баярмаа нь хүрч ирээд намайг үсдэж газар унагаад, чирээд, зүүн хацрыг маажсан. Тэгтэл Урангоогийн хажуу айлын Өлзийбаяр гэдэг банди хүрч ирэхэд Урангоо “аав, ээжийг дууд” гээд удалгүй Урангоогийн ээж, аав тэд нарыг салгасан. Урангоогийн гэрт очоод толинд харахад миний нүүрэн дээр гутлын мөр гарчихсан, нүүр маажуулаад урагдчихсан байсан, цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарыг ирэхэд Болормаа, Эрдэнэ-Очир нар байгаагүй бөгөөд цагдаа нарыг явсны дараа Болормаа Урангоогийн гэрийн гадаа ирээд “цагдаа гэхгүйгээр зодолдье” гээд орилоод байхаар нь Урангоогийн ээж хөөж явуулсан. Миний биед учирсан хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл Болормааг өшиглөхөд үүссэн, харин зүүн шанаанд үүссэн маажуулсан зулгаралтыг Баярмаа учруулсан. Хэрэг болох үед тэд нар дунд зэргийн согтолттой байсан. Миний харснаар Болормаа Урангоог мөргөөд, үсдэж унагасан. Мөн нэг харахад Эрдэнэ-Очир хавираад унагааж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Насанд хүрээгүй гэрч Э.Өлзийбаярын: “2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед найз Оюунсувдын гэрт байхад Урангоо Цэрэндуламын хамт орж ирээд “дэлгүүр орж гэрлийн чийдэн авад ирье” гээд тэр 2 дэлгүүр явсан бөгөөд би хэсэг хугацааны дараа гарахад гудамжинд хүмүүс орилоод байхаар нь хашаан дээгүүрээ хартал Урангоо, Цэрэндулам 2 хүмүүстэй маргалдаж байх шиг байхаар нь тэдэн дээр очиход манай тэр хавьд амьдардаг Баярмаа дүү Болормаатайгаа байсан. Болормаа нь Урангоог үсдээд доошоо дарчихсан, хажуунаас нь Баярмаа Урангоогийн ороолтноос татаад байсан. Мөн тэд нарын хажууд Цэрэндулам нүүрээ дараад доошоо суучихсан байсан. Болормааг болиулах гэхэд ерөөсөө болихгүй байхаар нь би Урангоогийн гэр лүү очиж аав, ээжийг нь дагуулаад гарч ирэхэд Урангоо газар уначихсан үсдэлцсэн байсан. Тухайн үед Баярмаа, Эрдэнэ-Очир, Болормаа нар согтуу байсан. Урангоогийн хамарнаас цус гарчихсан, Цэрэндуламын нүүр ам шороо болчихсон, шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-18/,
Гэрч Я.Болор-Эрдэнийн: “2016 оны 2 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн үед Сэлбэ-10-аас “Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд зодуулсан хүн байна” гэсэн дуудлагын дагуу очиход Урангоо, Цэрэндулам нарыг хажуу талынх нь айлд ирсэн хүүхэн зодсон байсан. Хажуу айлд нь ороход Баярмаа гэдэг хүүхэн нэлээн согтуу байсан. Энэ охидыг зодсон хүн хаана байна гэхэд байхгүй гараад явсан, би мэдэхгүй гэсэн. Очиход зодуулсан гэх 2 охины хамар нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.02.28-ны өдрийн 2894 дүгээр актын дүгнэлтэд: “1.Урангоогийн биед тархи доргилт, хамрын нуруу, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-28-29/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.02.28-ны өдрийн 2893 дугаар актын дүгнэлтэд: “1.Цэрэндуламын биед тархи доргилт, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанааны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-34/,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “Урангоогийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд, мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байсан. Түүний биед учирсан хамрын нурууны гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт, дагзны хуйханд үүссэн гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Цэрэндуламын биед учирсан гэмтлүүд мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байсан. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдна” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Б.Болормаагийн яллагдагчаар өгсөн: “...Хэрэг болдог өдөр тэр 2 охин хажуугаар өнгөрөхдөө муухай хараад, хоорондоо шивнэлдээд байхаар нь миний уур хүрээд тэд нартай муудалцсан, гар хүрсэн. Тухайн үед бид нар бага зэргийн согтолттой, өөрсдийн үг яриа, үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Урангоо, Цэрэндулам нарт надаас өөр гар хүрсэн хүн байхгүй. Зодоон болоход Эрдэнэ-Очир, Баярмаа нар хажууд байсан, Баярмаа эгч намайг салгасан. Эрдэнэ-Очир бол зодоонд оролцоогүй. Бид нар руу ойртоогүй” гэх мэдүүлэг /хх-59/,
Б.Баярмаагийн яллагдагчаар өгсөн: “...Би Болормааг Цэрэндулам, Урангоо нартай муудалцаж байхад нь очиж Урангоогийн ороолтноос нь татаж болиулсан юм. Надад Урангоо, Цэрэндулам нарыг цохиж зодсон зүйл байхгүй. Мөн манай нөхөр Эрдэнэ-Очир тэр хоёрыг цохиж зодоогүй. ...Эрдэнэ-Очир, Болормаа бид 3 нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан, бүгд бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед Эрдэнэ-Очир бид 2 түрүүлээд алхаж явсан ба ард явсан Болормаа нь Урангоо, Цэрэндулам 2-той муудалцсан. Тэгээд би очиж салгасан” гэх мэдүүлэг /хх-53/,
Г.Эрдэнэ-Очирын яллагдагчаар өгсөн: “...Би бол хэрэг болох үед Урангоод огт гар хүрээгүй. Түүнийг унагаасан зүйл байхгүй. Энэ талаар эхнэр Баярмаа мэдэж байгаа. Хэрэг болох үед Урангоо, Болормаа нар зодолдсон. Урангоогийн биед учирсан гэмтлийг Болормаа учруулсан” гэх мэдүүлэг /хх-65/,
гэрч Г.Эрдэнэтунгалаг, О.Амарбаясгалангийн мэдүүлэг /хх-22, 23/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67, 70, 72/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-75/, шүүгдэгч нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-78-81/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд зэргийг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв
Шүүгдэгч Б.Болормаа нь согтуурсан үедээ Б.Баярмаа, Г.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд “дуудахад ирсэнгүй, танихгүй гэж хэллээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж насанд хүрээгүй С.Урангоо, Б.Цэрэндулам нарыг зодож, тэдний биемахбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч Б.Баярмаа нь согтуурсан үедээ Б.Болормаа, Г.Эрдэнэ-Очир нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд “дуудахад ирсэнгүй, танихгүй гэж хэллээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж насанд хүрээгүй С.Урангоо, Б.Цэрэндулам нарыг зодож, тэдний биемахбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очир нь согтуурсан үедээ Б.Болормаа, Б.Баярмаа нартай бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 36 дугаар гудамжинд “дуудахад ирсэнгүй, танихгүй гэж хэллээ” гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж насанд хүрээгүй С.Урангоог зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар, насанд хүрээгүй хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Баярмаа, Б.Болормаа, Г.Эрдэнэ-Очир тус бүрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд үүнтэй холбоотой хохирлын баримтаа гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нар нь насанд хүрээгүй хохирогч С.Урангоод 150 000 төгрөг, Б.Цэрэндуламд 50 000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч С.Урангоо шүүх хуралдаанд “хохиролд 150 000 төгрөг хүлээж авлаа, одоо шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт гаргасан, насанд хүрээгүй хохирогч Б.Цэрэндулам нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтаа жич бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очир нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар буюу тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Б.Болормаа, Г.Эрдэнэ-Очир нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Баярмаа нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүү Э.Мөнхжаргал, Э.Азжаргал нарыг төрүүлсэн болох нь төрсний бүртгэлийн хуулбарууд /хх-79-80/-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж дүгнэж, түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Баатарчулууны Болормаа, Дарьганга овогт Баатарчулууны Баярмаа, Боржигон овогт Гиймаралын Эрдэнэ-Очир нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Б.Болормааг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,
шүүгдэгч Б.Баярмаа, Г.Эрдэнэ-Очир тус бүрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Болормаа, Б.Баярмаа тус бүрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,
Г.Эрдэнэ-Очирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Болормаа, Б.Баярмаа, Г.Эрдэнэ-Очир нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Цэрэндулам, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Б.Болормаад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Г.Эрдэнэ-Очирт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн Б.Болормаа, Г.Эрдэнэ-Очир нарт хяналт тавихыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Б.Баярмаад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Б.Баярмаа хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээс зайлсхийвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Болормаа, Б.Баярмаа Г.Эрдэнэ-Очир нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР