Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0447

 

 “Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10- ны өдрийн 397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Н.О-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Н.О нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Ж” ХХК-аас 20 000 000 төгрөгийн үнийн дүнд ... материалыг Гурвалжин дахь Дөрөөт захаас бэлэн мөнгөөр худалдан авалт хийж “Э” ХХК-д гэрээний дагуу материалыг нийлүүлсэн. 2012 оны 08 сарын 31-ний өдөр “Д” ХХК-аас 10000000 төгрөгийн үнийн дүнд бэлэн мөнгөөр худалдан авалт хийж ДЦС-4 ТӨХК-д гэрээний дагуу нийлүүлсний төлбөр 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харилцахаар ирсэн.

“Д” ХХК-аас 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 19000000 төгрөгийн үнийн бэлэн мөнгөөр худалдан авалт хийж “Э” ХХК-д гэрээний дагуу материалыг нийлүүлсэн ба бараг нийлүүлсний төлбөр 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр харилцахаар орж ирсэн болно. 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Г” ХХК-аас 30580000 төгрөгийн үнийн дүнд бэлэн мөнгөөр худалдан авалт хийж ДЦС-4 ТӨХК-д гэрээний дагуу нийлүүлсний төлбөр 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр харилцахад орсон болно.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Н.О, Д.Б магадлагч Татварын улсын байцаагч Ж.Э нар дээрх худалдан авалт хийсэн анхан шатны баримтууд болон НӨАТ-ын падаануудыг тамга тэмдэгтэй үнэн зөв, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайланд хоёр талдаа шивэлттэй бүрэн тусгагдсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа мөртөө цагдаагийн байгууллагаас 4 байгууллагын нэр ирсэн болон манай байгууллагыг бэлэн мөнгөөр тооцоо хийж нөгөө талд татвараас зугтах боломж олгосон гэсэн үндэслэлээр 7234.5 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 2170.4 мянган төгрөгийн торгууль, 374.0 мянган төгрөгийн алданги нийт 9778.9 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан юм.

Татварын ерөнхий хуулийн 15.1.2-д зааснаар “Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасаж тооцно” гэсэн заалт байгаа болохоос бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийг хориглосон болон бэлнээр тооцоо хийхэд үнийн дээд.доод хязгаарыг тогтоосон заалт байхгүй байгаа тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 05 дугаар сарын 14- ний өдрийн 253704 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр баталсан “Хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу “Б” ХХК-ийн 2010-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийсэн. “Б” ХХК нь 2012 онд дараах компаниудаас 72,345,454.00 төгрөгийн бараа материал худалдан авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй эдгээр компаниас бараа материал худалдан авснаар нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хасалтыг хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан байна. Үүнд:

  1. Г ХХК, 0012750496 тоот падаан, 27,800,000.00 төгрөг
  2. Д ХХК, 00123402414 тоот падаан, 17,272,727.00 төгрөг
  1. Ж ХХК, 0011112079, тоот падаан, 18,181,818.00 төгрөг
  2. Д ХХК, 0012241594 тоот падаан, 9,090,909.00 төгрөг

Энэ нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр акт тогтоосон. Нийслэлийн Татварын Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 85 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 253704 тоот актыг хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон болно.

Улсын мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газарт ирүүлсэн, хий бичилттэй гэх “Б” ХХК-ийн “Д” ХХК, “Г” ХХК, “Ж” ХХК, “Д” ХХК-аас худалдан авсан гэх бараа материалын анхан шатны баримт хий бичилттэй нь Улсын мөрдөн байцаах газрын мэдээллээр нотлогдож байх тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэсэн гэж дүгнэх боломжгүй тул татварын улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гарсан бөгөөд тус Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хангаж өгнө үү гэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 397 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 253704 дүгээр актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.О давж заалдах гомдолдоо: Тус хэлтэст бүртгэлтэй татвар төлөгч “Б” ХХК-д татварын улсын байцаагч Н.О, Д.Б нар хяналт шалгалт хийж 253704 дугаартай акт бичсэнийг 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хянан хэлэлцээд хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр 397 дугаартай шийдвэр гаргасан. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “...Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянаж шалгана...” гэж заасны дагуу тус аж ахуйн нэгжийн татвар төлөлтөд шалгалт хийж акт тавигдсан бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэгэнт тавигдсан актыг дахин шинээр гаргах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий актыг хэргийн нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Татварын Ерөнхий газрын даргын (25/13) 5790 дүгээр хяналт, шалгалт хийх удирдамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2010-2012 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 253704 дүгээр актаар Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.6, 74.3 дахь хэсгийг үндэслэн “Ге” ХХК, “Де” ХХК, “Ж” ХХК, “Д” ХХК-иудаас бараа материал худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх татвараа бууруулсан гэж үзэн “Б” ХХК-д акт тогтоожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...татварын улсын байцаагч нар нь Улсын мөрдөн байцаах газрын мэдээллийг үндэслэн ашиг цуглуулах зорилгоор акт тавьсан, манайх дээрх компаниудаас бараа материалыг худалдан аваад өгсөн падааныг хуурамч бичилттэй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, манайх гэрээний дагуу ДЦС-4 ТӨХК, “Э” ХХК-аас шилжүүлсэн урьдчилгаа мөнгөөр бараа материалыг худалдан авч шилжүүлсэн...” гэж тайлбарлан маргаж байх ба хавтаст хэрэгт “Г” ХХК, “Д” ХХК, “Ж” ХХК, “Д” ХХК-иудаас худалдан авсан бараа материалаа “Э” ХХК болон ДЦС-4 ТӨХК-д гэрээний дагуу нийлүүлсэн талаарх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд [1] , нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд[2], дээрх компаниудтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ[3] зэрэг баримтууд авагджээ.

Харин хариуцагч татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч “Б” ХХК- ийг дээрх нэр бүхий дөрвөн хуулийн этгээдээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан эсэх, худалдан авсан бол санхүүгийн анхан шатны баримтад зөв тусгагдсан эсэх, падаан өгсөн компаниудтай гэрээтэй байсан эсэх, түүнчлэн нэхэмжлэгч компанийн бэлтгэн нийлүүлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөөр худалдан авалт хийж, бараа материалыг шилжүүлсэн нь үнэн эсэх зэргийг нэг бүрчлэн тулгаж шалгаагүй хэр нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй нь үнэн, падаанаа буруу бичсэн, өөрөөр хэлбэл барааны нэр, нэг бүрийн үнэ, нийт үнэ зэрэг задаргааг бичээгүй, нягтлан бодох бүртгэлийн хууль журмын дагуу падаан нь бичигдээгүй, ...гэрээ нь нэг өдөр байгуулагдсан мэт ижил гарын үсэг хэлбэртэй тул хуурамч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар “Г” ХХК, “Д” ХХК, “Ж” ХХК, “Д” ХХК-иудын үйл ажиллагааны чиглэл тохирохгүй байгаа, Улсын мөрдөн байцаах газарт дээрх компаниудын захирал нягтлангууд нь хуурамч падаан зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн эдгээр үндэслэлээр акт тавьсан, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Г” ХХК, “Д” ХХК, “Ж” ХХК, “Д” ХХК-иудаас худалдан авсан бараа материалын үнэ төлсөн кассын орлогын ордерууд4, зарлагын баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд тамга тэмдэгтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хоёр талдаа шивэлттэй бүрэн тусгасан байхад, татварын улсын байцаагч нар нь Татварын Ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийн 3.2.1-д заасанчлан “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны үндсэн баримттай нэг бүрчлэн тулган, ...харилцагчдаас дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийг төлсөн эсэх, нэмэгдсэн өртгийн албан татварыг үнэн зөв, тогтоосон хугацаанд төлсөн эсэхийг тодорхойлж, үлдэгдлийг баталгаажуулах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдож байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас “...нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд буруу бичигдсэн, харилцагч байгууллагуудтай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээнүүд нь хуурамч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар падаан өгсөн ХХК-иудын үйл ажиллагааны үндсэн чиглэл тохирохгүй байгаа...” гэх үндэслэлүүдийг дурдан маргадаг ч маргаан бүхий акт буюу татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 253704 дүгээр акт болон давж заалдах гомдолд дурдагдаагүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа дээрх үндэслэлүүдийг шалган тогтоогоогүй байх тул шүүхэд гаргасан энэхүү тайлбарын хууль зүйн үндэслэлийг хянаж, дахин гарах шинэ актад тусгах боломжтойг дурдах нь зүйтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН  

                        ШҮҮГЧИД                                      Д.БАТБААТАР

                                                                               Э.ЗОРИГТБААТАР

                                                                                Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1]Хавтаст хэргийн 20-48 дахь тал

[2] Хавтаст хэргийн 27,28,35,42 дахь тал

[3] Хавтаст хэргийн 89-102 дахь тал