Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0638

 

2020 оны 10 сарын 08 өдөр              Дугаар 128/ШШ2020/0638              Улаанбаатар хот

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “В**д*дл**не М**го*иа” ХХК /РД:54*****/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Э.З нар

Гомдлын шаардлага: “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Б, Э.З нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Г.Б, Э.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “... “В**д*дл**не М**го*иа” ХХК 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, цахилгаан тоног төхөөрөмжийн худалдаа, барилга, засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл эрхэлдэг, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн болно.  

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Б, Э.З нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 23,283,438 төгрөгийн нөхөн татвар, 6,985,031 төгрөгийн торгууль, 4,892,548 төгрөгийн алданги, нийт 35,161,018 төгрөгийн шийтгэлийн хуудас бичсэн болохыг олж мэдсэн. Үүний үндэслэлээ “хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан төсөвт төлөх татварыг багасгасан” гэжээ.

Бид 2016 онд зөрчилд заасан, “Да******” ХХК-иас 35 сая төгрөг, “И* ********** жиг**р” ХХК-иас 242,218,320 төгрөгөөр бараа худалдаж авч, өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн.

Гэтэл татварын улсын байцаагч нар бодитойгоор шалган тогтоолгүй, ямар нэгэн компанийн захирал, нягтлан бодогч гэх мэт эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, зөрчлийн хэрэг үүсгэн хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд татварын хяналт шалгалт хийх журмыг үе шат тус бүрээр нь тодорхойлж, хийгдэх ажиллагаа, түүнийг баталгаажуулах талаар заасан. Гэтэл эдгээр ажиллагааг явуулаагүй, шалгагдаж байгааг этгээдэд мэдэгдэлгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлд 25.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана” гэж заасныг зөрчсөн.

Татварын улсын байцаагч нарын хяналт шалгалт хийсэн тухай баримт, материалуудад зөвхөн улсын байцаагч нарын гарын үсэг, тэмдэг байгаагаар энэ нь нотлогдох болно.

Хэрэв эдгээр ажиллагаа зохих ёсоор хийгдсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг авах, тэмдэглэл үйлдэх журмын дагуу албажсан байх ёстой. Гэтэл хуульд заасантай нийцэхгүй байгаа нь мөн дээрх үндэслэлийг нотлох болно.

Манай компани тухайн шийтгэлийн хуудасны тухай жил гаруй хугацааны дараа мэдсэн бөгөөд шүүхэд хандахад нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Гэвч улсын байцаагч нарын үйл ажиллагаа нь хуулийг илэрхий зөрчсөн, “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл бүрдээгүй байхад буюу шалгалтыг хийлгүйгээр шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй’ гэж заасанд хамаарч байгаа тул илт хууль бус захиргааны акт байна.

Өөрөөр хэлбэл, хянан шалгалтын ажиллагааг эрх нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэлгүйгээр явуулж, 35,161,018 төгрөгийн шийтгэлийн ногдуулж уг этгээдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, үндэслэл бүрдээгүй байхад гарсан захиргааны акт нь илт хууль бус гэж үзэж байна.

Иймд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Б, Э.З нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болохоор заасан.

Улсын байцаагч нарын үйл ажиллагаа нь хуулийг илэрхий зөрчсөн, “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл бүрдээгүй байхад буюу шалгалтыг хийлгүйгээр шийтгэл ногдуулсан нь гэж заасанд хамаарч байгаа тул дээрх үндэслэлд хамаарах шинжийг агуулж байна.

Хянан шалгалтын ажиллагааг эрх нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэлгүйгээр явуулж 35,161,018 төгрөгийн шийтгэл ногдуулж уг этгээдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.” гэжээ.

Хариуцагч Э.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Б, Э.З бид Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/*******, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10а-3/827 тоотууд, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Татварын хяналт шалгалтын 24180300171 тоот томилолтыг үндэслэн 5461995 регистрийн дугаартай “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтөд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр, хэсэгчилсэн татварын хяналт шалгалт хийсэн.

“В**д*дл**не М**го*иа” ХХК нь 56***** тоот регистрийн дугаартай “Да******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр НӨАТ-ын худалдан авалтын 106816764 тоот падаанаар 31,818,181.82 төгрөгийг, ******* тоот регистрийн дугаартай “И* ********** жиг**р” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр НӨАТ-ын худалдан авалтын 268667161 тоот падаанаар 181,833,927.27 төгрөгийг, 268667238 тоот падаанаар 19,182,272.73 төгрөгийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, НӨАТ-ын падаан, Татварын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаны тоотууд, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор тус тус нотлогдсон тул уг зөрчилд татварын улсын байцаагчийн ******* тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

“В**д*дл**не М**го*иа” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Татварын улсын байцаагч нар бодитойгоор шалган тогтоолгүй, ямар нэгэн компанийн захирал, нягтлан бодогч гэх мэт эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, зөрчлийн хэрэг үүсгэн хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байна мөн тухайн шийтгэлийн хуудасны тухай жил гаруй хугацааны дараа мэдсэн бөгөөд шүүхэд хандахад нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан” гэж дурдсан байна.

Татварын хяналт шалгалтад хамруулахаар тус компанийн захирал Г.Б-той 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 99904332 дугаарын утсаар холбогдон тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт ирүүлэхийг мэдэгдэхэд маргааш өглөө нягтлангаа явуулъя гэсэн тайлбар хэлсэн.

Мөн татварын хяналт шалгалтад хамрагдах тухай мэдэгдэхээр 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 96649100 дугаарын утас руу залгахад ня-бо Б.А утсаа аваагүй. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр компанийн захирал Г.Б-той 99904332 дугаарын утсаар холбогдон баримтуудаа яаралтай авч ирэхийг сануулахад захирал Г.Б нь 2017 оны тайландаа залруулга хийх болсон тул ня-бо-г явуулъя гэсэн тайлбар өгсөн. 2018 оны 04  дүгээр сарын 09-ний өдөр залгахад утсаа аваагүй болон утсаа салгаж байсан. /Хавсралтаар/

Тус компанийн захирал Г.Б татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хяналт шалгалтын ажил хийгдэж байх явцад мэдсэн бөгөөд татварын тайландаа залруулга хийлгэх хүсэлт илэрхийлсэн ярилцлагын тэмдэглэлд тусгагдсан байдаг. /Хавсралтаар/

Захирал Г.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын 2017 оны 03 дугаар сарын залруулсан тайлан 4 хуудас, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, “И* ********** жиг**р” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хуулбар 3 хуудсыг тус тус татварын хяналт шалгалтад ирүүлсэн. Санхүү, татварын тайлан болон бусад анхан шатны баримтуудыг ирүүлээгүй. 2018 оны 04 дүгээр сарын 23, 26-ны өдрүүдэд захирал Г.Б-ийн 99904332 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй болон утсаа салгаж байсан. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот шийтгэлийн хуудсыг үйлдэж, захирал Г.Б-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол ******* тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан байв. /Хавсралтаар/” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Талуудын тайлбар болон тэдгээрээс гаргаж өгснөөр хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Э.З нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б, Э.З нар нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590, 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10а-3/827 тоотууд, Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07/******* тоот, Татварын хяналт шалгалт хийх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24180300171 тоот томилолтыг үндэслэн “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 232,834,381.80 төгрөгийн зөрчилд 23,283,438.20 төгрөгийн нөхөн татвар, 6,985,031.50 төгрөгийн торгууль, 4,892,548.90 төгрөгийн алданги, нийт 35,161,018.60 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас “...”В**д*дл**не М**го*иа” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл бүрдээгүй байхад буюу шалгалтыг хийлгүйгээр шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй’ гэж заасанд хамаарч байгаа тул илт хууль бус захиргааны акт гэж маргаж, хариуцагчаас “В**д*дл**не М**го*иа” ХХК нь татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, НӨАТ-ын падаан, Татварын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаны тоотууд, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор тус тус нотлогдсон тул уг зөрчилд татварын улсын байцаагчийн ******* тоот шийтгэлийн хуудсыг үйлдсэн гэж харилцан маргажээ.

Татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 240010973 тоот актаар “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж 291,716,835.10 төгрөгийн зөрчилд 29,171,683.50 төгрөгийн нөхөн татвар, 8,751,505.10 төгрөгийн торгууль, 6,542,316.00 төгрөгийн алданги, нийт 44,465,504.60 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан байна. Хэрэгт татвар төлөгч “В**д*дл**не М**го*иа” ХХК нь энэхүү актаар ногдуулсан төлбөрийг төлсөн талаарх баримт байхгүй, талууд төлсөн эсэх талаар маргаагүй байна.

1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10а-3/827 тоот Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б-д хүргүүлсэн албан бичгээр “...Эрүүгийн 201725020896 дугаартай хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 дугаартай дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаартай дүгнэлтүүдэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү” гэжээ.

Уг албан тоотын хавсралт ““Да******” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын шивэлт хийлгэсэн тайландаа залруулга хийгээгүй аж ахуйн нэгжийн нэрс”-ийн хүснэгтийн 19-д “В**д*дл**не М**го*иа” ХХК татвар ногдуулах нийт орлогын дүн 31,818,181.82 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,181,818.18 төгрөг, нийт дүн 35,000,000.00 төгрөг гэжээ.

Дээрх Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10а-3/827 албан тоотын дагуу Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/******* тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст “...Хавсралтад дурдсан аж ахуйн нэгжүүдийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, үр дүнг ирүүлэхийг” мэдэгдсэн байна.

2. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10д/6590 тоот Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б-д хүргүүлсэн албан бичгээр “...Эрүүгийн ******* дугаартай хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд хавсралтад заагдсан 172 аж ахуйн нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү” гэжээ.

Уг албан тоотын хавсралтын 15-д “В**д*дл**не М**го*иа” ХХК  бараа, ажил үйлчилгээний үнэ 210,016,200.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 20,101,620.00 төгрөг, нийт үнэ 221,117,820.00 төгрөг гэсэн байна.

Дээрх албан тоотуудыг үндэслэн гарсан Татварын хяналт шалгалт хийх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24180300171 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч Г.Б, Э.З нар нь “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж шийтгэлийн хуудсаар 232,834,381.80 төгрөгийн зөрчилд 23,283,438.20 төгрөгийн нөхөн татвар, 6,985,031.50 төгрөгийн торгууль, 4,892,548.90 төгрөгийн алданги, нийт 35,161,018.60 төгрөгийн төлбөр ногдуулах шийтгэл ногдуулжээ.

Татварын байцаагч Г.Б, Э.З нар нь ““В**д*дл**не М**го*иа” ХХК нь “Да******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр НӨАТ-ын худалдан авалтын 106816764 тоот падаанаар 31,818,181.82 төгрөгийг, “И* ********** жиг**р” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр НӨАТ-ын худалдан авалтын 268667161 тоот падаанаар 181,833,927.27 төгрөгийг, 268667238 тоот падаанаар 19,182,272.73 төгрөгийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил” гэж үзсэн байх ба хэрэгт уг 2 компанид холбогдох прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэг авагдсан байна. Иймд “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн татварын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөр нь үндэслэлтэй болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдож байна. Үүнд:

1. “Да******” ХХК-ний хувьд:

Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч *******ын ирүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, ШБМХ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн шийдвэрийн дагуу “*******д холбогдох эрүүгийн хэрэгт шинжилгээ хийх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Д.Н, Б.Ц нар нь “Да******” ХХК-ний 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн татварын улсын байцаагчийн 340000494 тоот дүгнэлтээр нийт 89,826,217,211 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн нь үндэслэлтэй байна. “Да******” ХХК нь 89,826,217,211 төгрөгийн татварын зөрчлөөс 33,649,432,941.80 төгрөгийн зөрчлийг хасч, 56,176,784,269.23 төгрөгийн зөрчилд 5,617,678,426.92 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн төлөхөөр байна. Дүгнэлтийн Хавсралт №3-д “Да******” ХХК-ний борлуулалтын зөрчлийн тооцоо”-ны 64-д “В**д*дл**не М**го*иа” ХХК татвар ногдуулах нийт орлогын дүн 31,818,181.82 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,181,818.18 төгрөг, нийт дүн 35,000,000.00 төгрөг” гэж эдийн засгийн шинжилгээгээр тогтоожээ.

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт бүртгэлт явуулсан 201725020896 дугаартай хэргийг хянаад “Да******” ХХК-ний захирал ******* нь 2016 онд “Да******” ХХК-ний нэрээр 470 аж ахуйн нэгжтэй 55,1 гаруй тэрбум төгрөгийн хуурамч гэрээ байгуулж, Монгол улсын хилээр бусдын импортолсон бараа материалын баримтуудыг хууль бусаар ашиглан импортоор оруулж ирсэн мэтээр гаалийн бүрдүүлэлт хийж гаальд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн боловч татварын тайланд тусгахдаа гаалийн байгууллагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг хэд дахин өсгөн тайлагнаж их хэмжээний буцаан авалт хийлгэж, цахим баримтын системээс татвар төлөгчдөд бараа материал, ажил үйлчилгээ худалдан борлуулсан мэтээр баримт бичиж, бичилт хийсэн мөнгөн дүнгээсээ 2-3 хувийн төгрөгийг авч бусдад онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон хэргийг хаасан байна.

2. “И* ********** жиг**р” ХХК-ний хувьд:

Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч *******ын ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоол, ШБМХ-ийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн дагуу “И* ********** жиг**р” ХХК-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэгт шинжилгээ хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “И* ********** жиг**р” ХХК-ний 2016 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч *******, нарын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 340000490 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Татварын улсын байцаагчийн актаар 2016 онд 34,796,595,966.36 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан гэж үзсэн нь эдийн засгийн шинжилгээгээр 34,566,154,147.87 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнасан байна. Мөн 33,55,477,028.24 төгрөгийн үнэ бүхий бараа материал импортлоогүй, худалдан авч төлбөр төлөөгүй гэж үзсэн нь эдийн засгийн шинжилгээгээр 33,479,102,257.40 төгрөгийн нотлогдохгүй импортын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан байна. “Худалдан авалтын буцаалт хийгээгүй нэр бүхий 169 аж ахуйн нэгж байгууллагыг харуулсан хүснэгт”-ийн 16-д “В**д*дл**не М**го*иа” ХХК бараа, ажил үйлчилгээний үнэ 210,016,200.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 20,101,620.00 төгрөг, нийт үнэ 221,117,820.00 төгрөг, худалдан авалтын буцаалт хийгээгүй 201,016,200.00 төгрөг” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтийн Хавсралт №2-д “И* ********** жиг**р” ХХК-ний 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлснээр тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг худалдан авагч аж ахуйн нэгж байгууллагууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа буцаалт хийсэн болон буцаалт хийгээгүй тооцоо”-ны 29-д “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний нийт дүн бараа, ажил үйлчилгээний үнэ 210,016,200.00 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 20,101,620.00 төгрөг, нийт үнэ 221,117,820.00 төгрөг, худалдан авалтын буцаалт хийгээгүй 201,016,200.00 төгрөг” гэж шивэгдсэн байна.

2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 03 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор “И* ********** жиг**р” ХХК-ний захирал У... нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт бүртгэлт явуулсан эрүүгийн ******* дугаартай хэргийг хянаад ******* нь “И* ********** жиг**р” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий 677 аж ахуйн нэгжтэй ямар нэгэн бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах, борлуулах үйл ажиллагаа явуулаагүй атлаа 45.6 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтыг бүрдүүлэн бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, татвар ногдох орлогыг санаатайгаар бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх эрүүгийн ******* дугаартай хэрэгт яллагдагчаар татсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дүгнэвэл, “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний 2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлын талаар прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт гараагүй ч “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний хий бичилттэй падаануудыг бичсэн гэх нэр бүхий 2 компанид хийсэн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоол зэрэг баримтуудад “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний нэр бичигдсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан байх ба уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т “Анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ” гэж заасан ба “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний анхан шатны санхүүгийн баримт болох “Да******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НӨАТ-ын худалдан авалтын 106816764 тоот падаан, “И* ********** жиг**р” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн НӨАТ-ын худалдан авалтын 268667161 тоот падаан, 268667238 тоот падаан, “И* ********** жиг**р” ХХК-тай байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” зэрэг баримт хэрэгт авагдсан боловч төлбөрийн нэхэмжлэх, нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулга, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэрэг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр татвараа тайлагнасан гэдгийг нотлох санхүүгийн анхан шатны бусад баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Мөн “Да******” ХХК, “И* ********** жиг**р” ХХК-иудын хий бичилттэй падаан бичсэн нь Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноос үзвэл “В**д*дл**не М**го*иа” ХХК нь албан татвараа бууруулсан болох нь нотлогдож байна.

Гомдол гаргагчаас “улсын байцаагч нарын үйл ажиллагаа нь хуулийг илэрхий зөрчсөн, “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл бүрдээгүй байхад буюу шалгалтыг хийлгүйгээр шийтгэл ногдуулсан” гэж маргасан.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-т “...Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний төлбөр төлсөн төлбөрийн баримт байхгүй, Татварын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаны тоотууд, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолууд, мөн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн огноотой Татварын улсын байцагчийн хяналт шалгалтын ажлын утасны тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дардастай шуудангийн байгууллагын тэмдэглэл зэргээс үзвэл Г.Б-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол ******* тоот хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаас үзвэл татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчиж, албан татвараа бууруулсан, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлогоо, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн 23,283,438 төгрөгийн нөхөн татвар, 6,985,031 төгрөгийн торгууль, 4,892,548 төгрөгийн алданги, нийт 35,161,018 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байх тул  хариуцагчийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн нэхэмжэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байгаагүй буюу хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “В**д*дл**не М**го*иа” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “...Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, хүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасныг зөрчиж “Да******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр НӨАТ-ын худалдан авалтын 106816764 тоот падаанаар 31,818,181.82 төгрөгийг, ******* тоот регистрийн дугаартай “И* ********** жиг**р” ХХК-иас 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр НӨАТ-ын худалдан авалтын 268667161 тоот падаанаар 181,833,927.27 төгрөгийг, 268667238 тоот падаанаар 19,182,272.73 төгрөгийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, хий бичилттэй падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан болох нь тогтоогдож байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Б, Э.З нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай “В**д*дл**не М**го*иа” ХХК-ний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА