Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2018/00092/И |
Дугаар | 87 |
Огноо | 2018-03-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 87
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 120в тоотод оршин суух ******* овогт *******ы *******т /*******/ “Зээлийн гэрээний төлбөр 3,621,550 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 120в тоотод оршин суугч ******* овогтой ******* нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Дэд бүтэц хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр 3,500,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Н.*******ийн зээлийн хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн Н.*******ийн үндсэн зээл болон хүү болох 3,528,830, алданги 88,220 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг нийт 3,621,550 төгрөгийг Н.*******аас гаргуулан авч манай сумын төрийн ангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Н.******* нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Тамгын газраас нэхэмжилсэн 3,621,550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын “Зээлийн гэрээний төлбөр 3,621,550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...3,621,550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Н.*******ийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 3,621,550 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 72,895 төгрөгийн тал хувь болох 36,447.5 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Н.*******т /*******/ холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 3,621,550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 72,895 төгрөгийн тал хувь болох 36,447.5 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА