| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0204/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/217 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
2022 02 18 2022/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Энэрэл,
хохирогчийн өмгөөлөгч Б.Золзаяа,
шүүгдэгч У.М.........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0299 80045 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт У.........рын М.........р, Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...........................д байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.М.........р нь 22-ын постын орчим хохирогч НР........ртай цувж зогссон нүүрс ачсан тээврийн хэрэгслийн оочир дарааллаас үүдэн хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гар станц 1 удаа шидсэний улмаас эрүүл мэндэд нь 1 шүдний булгарал, 1 шүдний хугарал, уруулд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч У.М.........р нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрсийг тээвэрлэн Улаанбаатар хотод ирсэн байна. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн нүүрсийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус үйлдвэрт буулгахаар хуучнаар 22-ын Товчооны замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дараалал хүлээн зогсохдоо хамт явсан тээврийн хэрэгслийг урдаа оруулах зорилгоор зай аваад зогсож байжээ. Ийнхүү түүнийг тус замд буюу “Монсуль” ХХК-ийн шатахуун түгээх станцын зүүн урд тээврийн хэрэгсэл оруулах зай аваад зогсож байхад ард нь зогсож байсан НР........р ирж “тээврийн хэрэгслээ урагш шахсангүй, урдаа тээврийн хэрэгсэл оруулах гэлээ” гэх асуудлаас болж хоорондоо маргалдан, улмаар хоорондоо маргалдаж байхдаа хохирогч НР........р нь У.М.........рын хөл рүү өшиглөсний улмаас шүүгдэгч нь гартаа барьж байсан холбооны хэрэгсэл болох гар станцыг хохирогч руу шидсэний улмаас НР........рын эрүүл мэндэд нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, уруулд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдлоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч НР........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ...нүүрс ачиж “Таван толгой түлш” ХХК-д буулгахаар ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинтайгаа ирээд дугаарлаж ...байтал урд талын машины жолооч урагшаа зайгаа шахахгүй байсан. Тэгэхээр нь би бууж очоод “машинаа урагшаа шахаач” гэж хэлтэл жолооч нь “хамт явж байгаа машинаа урдуураа оруулах гэж байгаа юм” гэхээр нь би “яахаар тэгдэг юм бүгд дугаарлаад зай гарвал шахаад явж байна” гэх зэргээр маргалдаад зогссон. Тэгтэл нэг залуу хажуугаас ирэнгүүтээ “чи муу юу гээд байгаа юм” гээд намайг бариад авахаар нь “та нар оочроороо ороход яадаг юм” гэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм” гэснээ намайг станц барьсан гараараа толгойн тус газар хоёр удаа цохчихсон. Тэгээд муудалцаад байж байтал араас нэг залуу намайг тэврээд авсан. Тэгсэн намайг цохисон залуу над руу станцаа шидтэл миний урд хоёр шүдийг онож, хоёр шүд маань унаад хугарчихсан, уруул сэтэрчихсэн, мөр мултарчихсан.... миний нүүр рүү станц шидэж оносон бөгөөд миний хоёр шүд хугарсан, уруул сэтэрсэн, мөн баруун мөр мултарсан. Одоо миний шүд, мөр, уруул их өвдөж байна. ...би гомдолтой байна. Эрүүл мэндээрээ хохирсон. Мөн эмчилгээ хийлгэх зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),
- Гэрч Ц.Сундуйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нүүрсээ “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт буулгах гээд ирэхэд ...найз Галхүү, Нараа, М.........р нар дугаар аван хүлээж байсан. Тэгээд “Таван толгойн түлш” ХХК-д нүүр буулгах тээврийн хэрэгслүүдийн дундуур буюу М.........рын тээврийн хэрэгслийн урдуур дугаартаа орсны дараа машинаасаа буугаад очих үед хэрүүл маргаан зодоон болж байсан. Манай найз М.........рыг НР........р ахтайгаа нийлэн 2 талаас нь барьж аван зодож байх үед би очиж салгасан. Тэр үед НР........р танилаа гүйлгэн хүмүүс дуудаж 10 гаруй танихгүй хүмүүс ирж М.........рыг тал талаас нь зодсон. Тэгээд салсан байх үед М.........рыг НР........р ахтайгаа нийлэн дахиж зодсон, тэрний дараа М.........рыг хол яваад хоёулаа тусдаа гараад үзье гэсэн. Тэрний дараа М.........рыг НР........р хойноос газраас чулуу аван гүйж ирж толгойн болон нуруу хэсэгт цохисон. Үүний дараа бид нар салгатал М.........р гарт байсан станцыг НР........р рүү шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Гэрч М.Д........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нүүрсээ “Таван толгой түлш” ХХК-н үйлдвэрт буулгах гээд дугаарлаж байхад гурван дүү болох Галхүү, Нараа, М.........р нар дугаар аван хүлээж байна гэсэн. Тэгээд өдөр Таван толгой түлшний үйлдвэрийн оочирт яваад очоод оочиртоо орсны дараа машинаасаа буугаад очих үед хэрүүл маргаан зодоон болж байсан...М.........рыг миний харснаар 2-3 залуучууд зодож байгааг харсан ба М.........р тойроод зугтаж байсан. Тэд нарыг очоод салгатал НР........р манай дүү М.........рыг чулуугаар цохиж мөн хэл амаар доромжилсон. Тэгээд салгатал М.........р гарт байсан станцыг НР........р руу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
- Гэрч Г.Г........энгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...НР........р ...ах ...тэнд зогсож байсан 4 залуутай маргаан үүсгэсэн бөгөөд нэг залуу нь НР........рыг бариад авчихсан байсан...нэг залуу нь цохих гэж байхаар нь салгасан. Тэгээд эвлэрэх санаатай ярилцаж байгаад ахин муудалцсан бөгөөд хамт байсан хар саарал хувцастай малгайтай цамцтай залуу нь гар станцаар НР........р ахыг цохисон...тэр үед НР........р ах тэр залууг нэг удаа өшиглөсөн. Өшиглөсний дараа ахин гар станцаар цохисон. Тэгээд салгах явцад НР........р ахын гар эвгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
-Гэрч П.Н........чирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Таван толгой ХХК-ны нүүрсний үйлдвэр рүү ах П.Галхүүтэй нүүрс тээвэрлэж явахад зам маш их түгжрээтэй байсан ба хоцорсон Д........м ахдаа оочир аван зогсож байх үед НР........р ирж хаалга онгойлгон ахыг харааж татан машинаас буулгасан. Тэгээд муудалцаад байж байх үед М.........р ирж хэрэг явдлын талаар асуухад НР........р, М.........р нар маргалдаж НР........р М.........рыг заамдаад хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед М.........р бас НР........рын хөл рүү өшиглөсөн. Тэгээд салгаад 2 тийшээ салаад байж байх үед НР........р газраас чулуу барин ирж М.........рын толгой руу цохисон. Тэгээд НР........р М.........р руу дахин чулуугаа шидэх оролдлого хийх үед М.........р гарт байсан станцаа НР........р руу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
- Гэрч П.Галхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...НР........р ирж хаалга онгойлгон пизда минь замаа шахаад зогс гэж хэлсэн. Тэгээд намайг буугаад ир гээд машинаас татаж буулгасан тэр үед манай найз болох М.........р ирээд чи болиоч гэж хэлэхэд чи хэн юм пизда минь гээд манай найз М.........р руу НР........р М.........рыг заамдаад хөл рүү өшиглөсөн тэр үед М.........р ч бас НР........рын хөл рүү өшиглөсөн. Түүний дараа хүмүүс тэр хоёрыг болиулаад салгасан байж байх үед НР........р чулуу барьж ирээд М.........рыг зохисон ба НР........р М.........рт хандаж хоёулаа машинд суугаад хүнгүй газар очоод үзье гэж хэлсэн ба тэр хоёрыг салгаад байж байх үед НР........р гарт байсан чулуугаараа М.........р руу далайж шидэж үйлдэл хийж байх үед М.........р гарт байсан станцаа НР........р руу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11688 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун мөрөнд боолт хийгдсэн, үүдэн доод баруун 1-р шүд булгарч унасан буйл хонхор, улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун доод 2-р шүд дунд хэсгээр хөндлөн хугарсан, доод уруулын зүүн дотор салстад 2.5х0.1см оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус няцарсан шархтай, биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2021.11.22-ны хэвлийн ЭХО-д: цуллаг эрхтнүүдэд гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй, хэвлийн хөндийд сул шингэнгүй. Давсагт шээсгүй.
ГССҮТ-н 2021.11.22-ны хүлээн авах бичигт: Онош: S43 R+ гэжээ.
2021.11.22-ны Гавал ясны 2 байрлал, баруун мөрний үений эгц байрлалын рентген зургаар гавал яс, хамар ясанд гэмтэлгүй, таславч мурийлтгүй, баруун мөрний үенд бүрэн бус мултралтай, мөрний үе үүсгэгч яснуудад гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. НР........рын биед баруун мөрний үений бүрэн бус мултрал, 1 шүдний булгарал, 1 шүдний хугарал, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. 1 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алагдуулна.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
- Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Уруул, шүдэнд үүссэн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр мөрөнд үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...1 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулан. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдан бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алагдуулахгүй бөгөөд эрүүл мэндийг түр сариулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч У.М.........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах таван толгой түлш ХХК-ны хашаанд нүүрс буулгахаар оочирлож байхад бид нарын урд талын зайнд машин оруулах гээд хүн ирэхээр нь бид нар хоосон зайгаа шахаад зогсож байхад нэг залуу ирээд та нар машин оруулах хооронд зайгаа шахчихлаа гээд уурлаад эхэлсэн тэгэхээр нь би машинаасаа буугаад уг залуу дээр очоод чи юун хүн юм бэ яагаад хэрэлдээд байгаа юм гэж асуухад тэр залуу та нар оочир оочиртой ороод явж чадсангүй гээд хэрүүл хийгээд эхэлсэн тэгээд бид нар барилцаж аваад бие биеэ цохиж эхэлсэн. Тэгэхэд хүмүүс харж зогсож байгаа бид хоёрыг салгасан. Тэгэхэд уг залуу надад хандаж машинд суу хоёулаа ийшээ гарч зодолдъё гэж хэлэхээр нь би чи зүгээр яв гэж хэлэхэд уг залуу надад би чамайг бодоход атаман байсан гэж хэлээд хүний араас миний нүүрэн тус газар цохиод авахаар нь бид хоёр дахин маргалдаж зодолдоод тэгтэл миний нуруун тус газар чулуугаар цохиод авахаар нь би уур хүрээд барьж байсан гар станцаа шидчихсэн юм тэгэхэд уг залуугийн нүүр тус газар нь цохичихсон юм...би эмчилгээний зардалтай холбогдуулан ямар нэгэн мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.М.........р нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11974 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна. Энэхүү нөхцөл байдал нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсанд хамаарна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч У.М.........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч НР........рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч У.М.........р нь гар станцаа хохирогч НР........рын нүүр рүү шидэж нэг шүдний булгарал, нэг шүдний хугарал, уруулд няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч НР........р нь маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч У.М.........р нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч НР........р нь хавтаст хэргийн “Халиун” эмнэлгийн баримт 125 дахь талд 4.600.000 төгрөгийн, хавтаст хэргийн 72 дахь талд 18.000, 43.500 төгрөгийн, 73 дахь талд 130.000, 8000, 25.000 төгрөгийн, хавтаст хэргийн Хос Мөнхгал ХХК-ний дэх талд 47.760 төгрөгийн буюу нийт 4.872.260 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул үнэн зөв баримт гэж шүүхээс үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд...д хууль бусаар санаатай ...үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч У.М.........раас 4.872.260 төгрөгийн гаргуулж хохирогч НР........рт олгох нь зүйтэй байна.
Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.М.........р нь дээрх хохирлоос хохирогчид 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 154) болох нь тогтоогдсон байх тул хохирлоос үлдэх 2.372.260 төгрөгийг шүүгдэгчээс хуульд заасны дагуу 3 сарын хугацаанд гаргуулж хохирогч НР........рт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч У.М.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр байхаар шийдвэрлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч У.М.........р нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 92, 93 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 98 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 96, 97 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 95 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч У.М.........р гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан зарим хохирлыг төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч У.М.........р нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4 дүгээр гудамжны 30 тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч У.М.........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2108 0299 80045 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт У.........рын М.........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М.........рыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М.........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М.........р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М.........раас 2.372.260 (хоёр сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуун жар) төгрөгийг 3 (гурав) сарын хугацаанд гаргуулж хохирогч НР........рт олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ