| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2019/0005/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/02 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ, улсын яллагч Б.Батбаяр, арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Төмөрхуяг, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гансувд шүүгдэгч Б.Сүхтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Тайж овогт Бат-Эрдэнийн Сүхтөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006380225 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүнд машин механизмын операторын 1 жилийн ангид суралцдаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 19-21 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо дотуур байранд оршин суух, регистрийн УМ98061711 дугаартай, Тайж овогт Бат-Эрдэнийн Сүхтөмөр
нь 2018 он 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гадна талд өсвөр насны Г.Төмөрхуягтай тамхи татсан эсэхийг шалгана зургийг нь авна гэж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Сүхтөмөр нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1- р цагийн завсарлагаа буюу 10 цаг 25 минутын орчимд Б.Санчир, Б.Балжинням нарын хамтаар сургуулийн орчинд эргүүл хийж явахдаа гадаа 00-ын үүдэнд зогсож байсан Г.Төмөрхуягийг тамхи татсан эсэхийг шалгахаар шаардлага тавихад нь эсэргүүцэж улмаар маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сүхтөмөрийн өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 20 минутын үед эхний паар завсарлаж, би оюутны зөвлөлийн үүрэгт ажлаа хийхээр гадаа 00 руу гарсан. Манай сургууль тамхидалтгүй орчин гэсэн хөтөлбөрийн дагуу Балжир, оюутны зөвлөлийн нэг хүүхдийн хамт гурвуулаа гадуур эргүүл хийж явахад 00-н орчим 8-10 гаруй хүүхэд байсан. Би тамхи татсан нь тусдаа зогсож зургаа даруул гэж хэлсэн. Хохирогч “би зургаа даруулахгүй, ямар тамхи татсан биш” гэж хэлэхээр нь түүний амыг үнэрлэхэд тамхи үнэртэж байсан. Би хохирогчийг зургаа даруул гэснээр болж хохирогч бид хоёр жаахан маргалдсан. Тэгээд би хохирогчийг өөрөөсөө түлхэж, өрөөсөн нүдийг гэмтээсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Төмөрхуягийн өгсөн: “Эхний цаг завсарлаад гадаа 00-д манай ангийн хүүхдүүд байхаар нь би ангийнхаа хүүхдүүд дээр очсон. Намайг очиход хүүхдүүд тамхи татаж байсан. Би ангийнхаа хүүхдийг хараад 00-н гадаа зогсож байхад шүүгдэгч ирээд надаас “тамхи татсан уу” гэж асуусан. Би “татаагүй” гэж хэлээд амаа үнэртүүлсэн. Намайг 00 гадна зогсож байхад шүүгдэгч миний толгой руу 2-3 удаа, зүүн нүд рүү цохисон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гансувдын өгсөн: “Миний хүүхдийн дух цөмөрсөн, гавлын яс хугарсан. Надаас 750.000 төгрөгийн зардал гарсан. Үүний 520.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс өгсөн. Орбита эмнэлэгээс цаашид яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Сүхтөмөрийн ар гэрээс ирж уулзсан хүн байхгүй. Өвөө надтай нэг удаа уулзахад би “цаашид хохирогчид эмчилгээ хийлгэх шаардлагатай байна” гэхэд өвөө нь дуугүй гараад явсан. Үүнээс хойш бид нар уулзаагүй” гэх мэдүүлэг
болон улсын яллагчийн судалсан: Мөрдөн байцаалтад гэрч Б.Балжиннямын өгсөн: “2018 оны 11-р сарын 22-ны өдөр 1-р цаг завсарлаад 10 цаг 25 минутын орчимд Сүхтөмөр, Санчир бид 3 хамт сургуулийн орчинд эргүүл хийж гадаа 00-ыг шалгахаар Төмөрхуяг 00-оос гарч ирээд тамхи татсан уу гэхэд татаагүй гэхээр нь амаа үнэртүүл гээд Сүхтөмөр үнэрлээд ийшээ зогс зургаа авахуул гэхэд чадахгүй гээд маргалдаад тэр 2 заамдалцаж аваад Сүхтөмөр Төмөрхуягийг духаараа нүүр хавьд нь мөргөж зууралдахад би голоор нь орж салгаж байхад Сүхтөмөр гараараа Төмөрхуягийн нүд рүү цохиход Төмөрхуяг доошоо сууж нүдээ гараараа дарсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/579 дугаар: “1.Г.Төмөрхуягийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 16 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 29 дүгээр хуудас/
Зөрчлийн тухай баримт, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Хохирол төлсөн тухай орлогын баримт, /хх-ийн 39 дүгээр хуудас/
Багануур дүүргийн 05 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 44 дүгээр хуудас/ Хаан банкны дансны хуулга, /хх-ийн 46-48 дугаар хуудас/
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Б.Сүхтөмөрийн зан байдлын тодорхойлолт, /хх-ийн 51-53 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэг өгсөн шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг дүгнэхэд шүүгдэгч Б.Сүхтөмөр нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-р цагийн завсарлагаа буюу 10 цаг 25 минутын орчимд Б.Санчир, Б.Балжинням нарын хамтаар сургуулийн орчинд эргүүл хийж явахдаа гадаа 00-ын үүдэнд зогсож байсан Г.Төмөрхуягийг тамхи татсан эсэхийг шалгахаар шаардлага тавихад нь эсэргүүцэж улмаар маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн дээд доод зовхинд шарх, цус хуралт, зүүн нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Сүхтөмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Сүхтөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Төмөрхуягт 520.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 133.200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгож, хохирогч нь бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Бат-Эрдэнийн Сүхтөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхтөмөрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сүхтөмөрт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Сүхтөмөрт мэдэгдсүгэй.
5. Б.Сүхтөмөр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 520.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхтөмөрт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхтөмөрөөс 133.200 төгрөг гаргуулан Г.Төмөрхуягт олгуулж, арван найман насанд хүрээгүй хохирогч Г.Төмөрхуяг, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гансувд нь эмчилгээний зардалтай холбоотой бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Сүхтөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ