Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 88

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээ, 2 дугаар хэсэг, гудамж, 070 тоотод оршин суух Еншүүбуу овогтй Лувсангийн Адилбиш /МЮ51052006/-д холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 1,200,142 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ 5 дугаар багийн 2 дугаар хэсгийн 070 тоотод оршин суугч Лувсан овогтой Адилбиш нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Төмс хүнсний ногоо тариалах” төсөл хэрэгжүүлэхээр 2,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Ингээд Л.Адилбиш зээлийн хугацаа 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна. Иймд иргэн Л.Адилбишийн үндсэн зээл болон хүү болох 1,166,480 төгрөг, алданги 29,162 төгрөг, нотариатын үнэ 4500 төгрөг нийт 1,200,142 төгрөгийг Л.Адилбишээс гаргуулан авч манай сумын төрийн сангийн 100131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ. 

 

Хариуцагч Л.Адилбиш нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн зээлийн төлбөр 1,200,142 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын “Зээлийн гэрээний төлбөр 1,200,142 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...1,200,142 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх тайлбараар нотлогдож байна. 

Хариуцагч Л.Адилбишийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, 1,200,142 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 33,353 төгрөгийн тал хувь болох 16,676.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Л.Адилбишид /МЮ-51052006/ холбогдох “Зээлийн гэрээний төлбөр 1,200,142 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 33,353 төгрөгийн тал хувь болох 16,676.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА