Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Д.Уянга, /томилолтоор/

Шүүгдэгч У.Х /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Х холбогдох эрүүгийн 2211002530903  дугаар хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, У.Х , 2002 оны 09 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хээр адуу ХХК-д ажилладаг, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18-900Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.Мтай маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж дух баруун хөмсөгт язарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруул, баруун бугуй, хоёр сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Шүүгдэгч У.Хгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 1 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд..нөгөө хоёр залуу замын цаана зогсож байхаар нь би явж очоод “та хоёр юу хийгээд байгаа юм бэ, яагаад бичлэг энэ тэр хийгээд байгаа юм” гэсэн чинь “танай машин дотор байгаа найз чинь бид хоёрыг зодсон, бид хоёр цагдаа дуудсан байна” гэхээр нь “ашгүй ашгүй” гэсэн чинь миний урдаас “чи Дэнжийн 1000-д битгий давраад байгаарай” гээд тэр хоёр залуугийн хар куртиктэй жижиг залуу нь намайг бариад авсан чинь хажуугаас нөгөө залуу нь барьж аваад бид гурав зодолдсон. Миний дух халцарч хөмсөг язарсан байгаа. Хөмсгөндөө 8 оёдол тавиулсан..” гэх мэдүүлэг /хх-15-20/,

 

Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Замын хоёр талд хүмүүс зодолдоод байхаар нь ямар хүмүүс байна гээд хартал манай хоёр найз Хувьзаяа, Түмэнжаргал хоёр хүнтэй зодолдоод байж байхаар нь би гүйж очоод Хувьзаяа дээр яваад очтол Хувьзаяа доор нь орчихсон дээр нь нэг танихгүй залуу гарчихсан зодолдоод байж байхаар нь би тухайн залууг түлхэж холдуулаад Хувьзаяаг машинд аваачиж суулгасан..Намайг салгаж байхад Хувьзаяа тухайн хүнийг яг өшиглөсөн үгүйг бол мэдэхгүй байна, ямар ч л байсан салгаж байхад бол хөлөөрөө өшиглөх үйлдэл бол хийсэн, оносон үгүйг бол мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2068 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Б.Мын биед дух, баруун хөмсөгт няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, уруул, баруун бугуй, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-39-40/,

 

Шинжээч эмч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэсэн: “..Дээрх гэмтлийн дух, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус тусдаа болон дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа тус тусдаа эрүүл мэндийг түр сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтэл шарх үүссэн хэсэг газарт мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, унах, өшиглөх зэргийн аль алинд нь үүсэх боломжтой..” гэх мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч У.Хгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  болон бусад бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

Хохирогч Б.Мт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч У.Х нь хохирогч Б.Мтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж түүний дух баруун хөмсөгт язарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруул, баруун бугуй, хоёр сарвуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч У.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Хгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч У.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.Хд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч  Б.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч У.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР