Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 90

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 24 айлын орон сууцны 13 тоотод оршин суух, 66 настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт Муумайхан овогт Жамъяншаравын Даариймаагийн /ЧВ-52031500/ нэхэмжлэлтэй;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 28 гудамж 418-б тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 116 тоотод түр оршин суух, 28 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хуулийн зөвлөгч, нөөцийн мэргэжилтэн ажилтай Илжигэн овогт Октябрийн Туяа  /ЖИ-89071302/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 16 тоотод оршин суух, эмэгтэй, 31 настай, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хяналтын байцаагч ажилтай Мудар овогт Хуягбаатарын Сэлэнгэмөрөн /МЮ-86102464/ /Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст/  холбогдох

  “Тэтгэвэрийн зөрүү болон элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт нийт  3.300.000 төгрөг гаргуулах тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ж.Даариймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа, Х.Сэлэнгэмөрөн, иргэдийн төлөөлөгч Г.Цэвээнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Даариймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс би тэтгэвэрийн 5 жилийн зөрүүгээ гаргуулж авсан. Би энэ тэтгэвэрийн зөрүүгээ гаргуулж авах гэж 50 гаруй хоног хөөцөлдөж байж гаргуулж авсан. Тус хэлтэст удаа дараа өргөдөлөө өгсөн боловч миний өргөдлийг шалгах хүн байхгүй гэсэнд гомдолтой байна. Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Э.Наранбаяр надад энэ зөрүүг 4 удаа бодож гаргасан. Тэгэхдээ миний хувьд дутуу гаргасан гэж үзэж байгаа. Харин Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс урьд оны тэтгэвэрийн зөрүүг гаргуулна гэснийг би хүлээн зөвшөөрөөгүй татгалзсан. Хөгшин настай, өвчтэй хүн хол явж чадахгүй. Нийгмийн даатгалын хэлтэс нь миний 2012-2017 оны тэтгэвэрийн зөрүүг гаргахдаа буруу гаргасан учраас тэтгэвэрийн зөрүү 2.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байна.

Элэгний С вирусын хөнгөлөлтийг би авах ёстой гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаа би өөрөө аваад явна, гаргаж өгөөрэй гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Аян зохион байгуулах” А/319 дугаар тушаал, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/11 дүгээр тушаалын дагуу 2017 оны 1 дүгээр улиралд тэтгэвэрийн тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр авч буй иргэд болон тэтгэвэрээ шалгуулах хүсэлт гаргасан тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолтыг шалгасан юм. Шалгалтаар Ж.Даариймаа гуайн дундаж цалинг зөрүүлж тогтоосон зөрчил илэрсэн байсан. Ж.Даариймаа гуай 2002 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалаар тэтгэвэрээ тогтоолгосон бөгөөд 2012 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймагт тэтгэвэрийн материалаа шилжүүлж ирсэн байсан. Энэ хүний тэтгэвэрийг анх тогтоохдоо Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1996 оноос 2000 оны цалингийн тодорхойлолт өгсөн байхад тэтгэвэрийг 1997-2001 оны цалингаар тогтоон олгосон байсан.

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 тоот актаар Ж.Даариймаа гуайг Сэлэнгэ аймагт шилжин ирснээс хойшхи тэтгэвэрийн зөрүү 1.950.403 төгрөгийг олгосон. Сэлэнгэ аймагт шилжин ирснээс өмнөх тэтгэвэрийн зөрүүг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах нь зүйтэй. Түүнээс биш манай хэлтсээс 2012 оноос өмнөх тэтгэвэрийн зөрүүг гаргах боломжгүй юм.

Ж.Даариймаа гуай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С вирусын эсрэг эмийн үнийн тодорхой хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 тоот тогтоолоор баталсан бөгөөд уг тогтоолын 3-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш элэгний С вирусын эсрэг эм авсан даатгуулагчдад тухайн эмийн хайрцаг тутамд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлж байгаа 210.000 төгрөгийг тухайн эмийг нийлүүлсэн компаниар дамжуулан даатгуулагчдын хувийн данс руу нь шилжүүлж олгосон. Харин Ж.Даариймаа гуайн элэгний С вирусын эсрэг эмийг 2016 оны 04 дүгээр сарын 01, 2016 оны 04 дүгээр сарын 25,  2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрүүдэд авсан нь тухайн  32 тоот тогтоолд заасан хугацаанаас өмнө авсан учраас хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй юм. Иймд Ж.Даариймаа гуайн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэх.    

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэмөрөн шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Манай хэлтсийн н.Энхтуяа байцаагч бодлого шийдвэрлэлтийн улсын байцаагч хийдэг. Харин Э.Наранбаяр байцаагч нь тэтгэврийн байцаагчаар ажилладаг байсан. Хэрвээ тэтгэврийн асуудлаар асуух зүйл байсан юм бол хяналтын байцаагчтай уулзах ёстой байсан гэж үзэж байна. Манай зүгээс засгийн газраас тогтоосон итгэлцүүрийн үндсэн дээр тэтгэвэр тэтгэмжээ тогтоодог болохоос өөрсдөө дур мэдэн тооцоолбор хийдэггүй. Ж.Даариймаа гуайн 2012-2017 оны 03 дугаар сар хүртэлх тэтгэврийн мөнгийг манай байгууллага тооцооллынхоо дагуу тэтгэврийн улсын байцаагч Э.Наранбаяраар бодуулан хяналтын улсын байцаагч болох миний бие өөрөө хянасаны үндсэн дээр 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн улсын байцаагчийн 35 тоот актын дагуу тэтгэвэрийн зөрүүг нэг удаа олгосон. Энэ актыг нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Тэтгэвэр буруу бодож өгснийг шалгаж өгнө үү” гэсэн өргөдлийн үндсэн дээр нягталж акт үйлдсэн. Үүнээс илүү мөнгө олгох боломжгүй. Учир нь бид нар “Тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр”-ээр бодож гаргадаг. Энэ итгэлцүүр нь хамгийн сүүлд 2015 онд гарсан итгэлцүүр одоо мөрдөгдөж байгаа гэх.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэрийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 тоот “Дутуу олгосон тэтгэвэрийг нөхөн олгох тухай” актаас:

...Эрүүл мэнд , нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А/11 тоот тушаалын дагуу мөн Ж.Даариймаагийн өргөдөлийн дагуу 345483 тоот тэтгэвэрийн хувийн хэргийг татан авч тогтоолт, олголтыг нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сангийн бүртгэлтэй тулган шалгалаа. Шалгалтаар:

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 22 дугаар зйүлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг тус тус зөрчсөн /тэтгэвэр авагчийн анх тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлсэн баримтанд байх 60 сарын дундаж цалинг буруу оруулсан/ зөрчил илрэв.

 “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн Тогтоох нь:

1.Ж.Даариймаад 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс хойшхи дутуу олгосон 1.950.403 төгрөгийг нэг удаа нөхөн олгосугай...гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Даариймаагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Тэтгэвэрийн зөрүү болон элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт 3.300.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Даариймаа нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан тэтгэвэрийн зөрүү болон элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт нийт 3.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

1.Нэхэмжлэгч Ж.Даариймаагийн нэхэмжлэлийн шаардлага нь тэтгэвэрийн зөрүү болон элэгний С вирусын эсрэг эмийн хөнгөлөлт 3.300.000 төгрөг гэж байгаа боловч үүнээс хэдээс хэдэн оны тэтгэвэрийн зөрүү хэдэн төгрөг нэхэмжилж байгаа тодорхойгүй байгаа нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “зохигч...өөрийн шаардлага...болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтанд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй  гэж үзнэ.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Ж.Даариймаагийн тус хэлтэст гаргасан өргөдлийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Аян зохион байгуулах” А/319 дугаар тушаал, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/11 дүгээр тушаалын дагуу тэтгэвэрийн тогтоолт, олголтыг шалгах аяны хүрээнд тэтгэвэрийн олголтыг нь шалган тэтгэвэрийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 тоот “Дутуу олгосон тэтгэвэрийг нөхөн олгох тухай” акт тогтоон нэхэмжлэгчид дутуу олгосон тэтгэвэрийн зөрүү 1.950.403 төгрөгийг нэг удаагийн олголтоор олгосон болох нь хэрэгт авагдсан тэтгэвэрийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 35 тоот “Дутуу олгосон тэтгэвэрийг нөхөн олгох тухай” акт, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2011 оны 11 дүгээр сарын 19, 2017 оны 03 дугаар сарын 20, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус гаргасан өргөдөлүүдийн хуулбар, тэтгэвэр олгох №57238 дугаартай хуудас, “Төрийн банк” Сэлэнгэ салбарын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэрийн даатгалын сангийн “Депозит сангийн харилцагчийн монгол хуулга”, Ж.Даариймаагийн 2002-2011 оны тэтгэвэр олголтын тооцоолол, 1996-2000 оны дундаж цалин /2 хуудас/, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар зэргээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч нь шүүхэд элэгний С вирусын эсрэг эмийн үнэд хөнгөлөлт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Хэрэгт авагдсан эм худалдан авсан гэх татварын хөнгөлөлтийн баримтаас үзэхэд нийт 2.372.400 төгрөгний эм худалдан авсан байх бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь:

“Элэгний С вирусын эсрэг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай тогтоол, элэгний С вирусын эсрэг эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг заасан хавсралтын хамт гарсан байна. Энэ тогтоолын 3 дугаар заалтанд “Элэгний С вирусын эсрэг эмийг хэрэглэсэн даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх үнийн хөнгөлөлтийг нийлүүлэгч компаниар дамжуулан 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш нөхөн олгож...” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан эм худалдан авсан гэх нотлох баримт болох татварын хөнгөлөлтийн баримт  нь 2016 оны 04 дүгээр сарын 01, 2016 оны 04 дүгээр сарын 25, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрүүдэд эм худалдан авсан нь дээрх 32 дугаартай тогтоолд хамрагдах боломжгүй байна.      

Иймд иргэн Ж.Даариймаагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Тэтгэвэрийн зөрүү болон элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт нийт 3.300.000 төгрөг гаргуулах тухай“  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/103 дугаартай “С.Отгонжаргалыг ажилд томилох тухай” тушаал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор тэтгэвэр авагч иргэдийн тэтгэвэрийг нэмэгдүүлсэн хэмжээ, тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шинэчлэн тогтоосон тэтгэвэрийн доод хэмжээ зэрэг авагдсан болно.    

Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 104 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 67.750 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 67.750 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус зааснаар Ж.Даариймаагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Тэтгэвэрийн зөрүү болон элэгний С вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлт нийт 3.300.000 төгрөг гаргуулах тухай“  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 67.750 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.–д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 67.750 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн   шүүхэд давж заалдах эрхтэй .

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ

                                              ШҮҮГЧИД                            Л.ЭНХТАЙВАН

                                                                                           Л.СОЁЛМАА